ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Өнөөдөр 2019.03.15. Монгол эх оронд маань нар 07 цаг 05 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 7 хэмийн дулаан, үүл багасна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Энэ өдөр Бүх дэлхийн хэрэглэгчдийн эрхийн өдөр тохиож байна. Мөн Хэрэм хамгаалах олон улсын өдөр. Дэлхийн нөгөө бөөрөнд Японд Баян жилийн баярын өдөр бол Беларусьт Үндсэн хуулийн өдөр болж байна.

Өнөөдөр Өмнөд Солонгосын жүжигчин И Жэ Жүн, Америкийн рэпер, продюсер Уилл.Ай.Эм, жүжигчин Эва Лонгориа нар төрсөн өдрөө тэмдэглэж байна. Мөн алдартай тамирчдаас олимпийн хүрэл медальт, Кенийн марафонч Уилсон Кипсанг Кипротич, Туркийн хөлбөмбөгчин Умут Бүлүт, Францын хөлбөмбөгчин Поль Погба нар мэндэлжээ.

Өнөөдөр дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр-90 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б блокийн гуравдугаар давхарт Монголд анх удаа улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийн нээлт болно. Түүнчлэн "Хүүхэд-хэрэглэгч" өдөрлөг Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. 

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлуудаас дурдахад, 1913 оны энэ өдөр Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Гадаад явдлын яамнаа бичиг илгээж байжээ. Уг бичигт “Хятадын засгийн хэрэг шийтгэх газраас бидний Монголын тусгаар улс болсныг эдүгээ хүртэл хүлээгээгүйн дээр Хятадын цэрэг энэ хавар цагт Дотоод, Гадаад Монголыг дайлаар орно хэмээлцэж буй болно” гэж дурдсан байжээ. 2013 оны энэ өдөр Монголын залуу зохиолчдын холбоо дэргэдээ утга зохиолын дугуйлан байгуулав. Харин 2017 оны энэ өдөр Монгол Улсын хэлний бодлогын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн ажлаа тайлагнажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1927 оны энэ өдөр түүхэнд анх удаагаа эмэгтэйчүүдийн завины уралдаан зохион байгуулжээ. Уралдаанд Оксфордын их сургууль болон Кембрижийн их сургуулийн багууд өрсөлдсөн байна. 1990 оны энэ өдөр ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Михаил Горбачёв сонгогдов. Харин 1991 оны энэ өдөр Нэгдсэн Германы удирдлагууд уулзаж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэгвэл 2011 оны энэ өдөр Сири улсад иргэний дайн дэгдсэн билээ.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр матрын ордныхон сэтгэл санаа цэлмэг, эрч хүчээр дүүрэн байна. Тэгвэл хониныхон гэр орноо цэгцэлж, санхүүдээ анхаарал тавихад таатай. Харин хумхынхан зөн совингоо дагаарай. Асуудлыг зөв талаас нь бодож чадвал гарах гарц олдоно.

Өнөөдөр үс засуулахад төдийлөн тохиромжтой биш. Үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Хонь жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд анхаарал болгоомжтой байгаарай. Энэ өдөр гэрээ хэлцэл хийх, бэр гуйх, эв эеээ ололцоход сайн. Харин газар ухах, сэтгэлд сэвтэй газар очихоос татгалзаарай. Хол газар явах гэж байгаа хүмүүс урд зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top