Олон овоотын лиценз олигархиудын овоо хараанд өртөөд “зовж” байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Засгийн газраас төсвийн алдагдлыг нөхөх нэрээр “Зоос” банк руу 100 тэрбумын бонд гулгуулж орхисон нь дахиад шуугиан тарьж эхэллээ. Дарга нар ямар шуугиулж ханах биш дээ. Болсон болоогүй хууль батална. Тэр нь иргэдэд хүртээмж, үйлчилгээ муутай, нийгмийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйд хүрч байгаа. Тиймээс шударга иргэд маань УИХ-ын гишүүдийг “76 гахай, нохой” гээд  харааж өгч байна. Зуун тэрбумын бондыг “Зоос” банкинд зориулж гаргах ямар ч шаардлагагүй байжээ. Тэгээд ч “Зоос” банкны хэрэг бүрэн шалгагдаж дуусаагүй байгаа. Эдгээрийг УИХ-ын гишүүн О.Чулуунбаатар олон талаар нотолж байна. Тэр бүү хэл, Монгол банкны барьцаанд Олон овоотын лиценз “хадгалагдаж” байжээ. Энэ лиценз нь “Зоос” банкинд зээлийн өртэй хувийн компани буюу “Монгол газар”-ын Мянганбаярын гараар дамжин тэнд очсон байв. Мянганбаяр Таван толгойд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа Английн “Голдман Сакс” банкнаас их хэмжээний мөнгө аваад лицензээ барьцаалсан юм билээ. Түүнийг зээлээ төлөхгүй удаад ирэхээр нь “Голдман сакс” шүүхэд хандах гэж айлгасан гэнэ. Ингээд асуудал бишдэхэд Монгол банкныхан хөрөнгө оруулагчаа тайвшруулахын тулд уг лицензийг нь авсан байжээ. Одоо нэгэнт 100 тэрбумын бонд “Зоос”-т өгч байгаа болохоор Засгийн газар сох дутаад байгаа төсвийн алдагдлынхаа 55 тэрбум төгрөгийг Олон овоотын лицензийг зараад олж авахаас өөр замгүй болсон байна. Гэхдээ энд бас нэг хардлага гарч ирээд байгаа юм. Юув гэвэл, Олон овоотын лицензийг иймэрхүү байдлаар шахаанд ороод ирмэгц хөнгөхөн гэгч салгаад авах зальжин этгээд цаана нь отоод сууж байхыг үгүйсгэх аргагүй ажээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top