ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ: Хоолны мөнгийг төсөвт бүрэн суулгая

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, үйлдвэрлэл үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулж байхаар болсон. Энэ хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт явуулж, Шадар сайд Ө.Энхтүвшин нээж үг хэлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг “Хүүхэд-хэрэглэгч” үндсэн илтгэл тавьж, Хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, мэдээллийн аюулгүй байдал, телевиз, цахим орчин дахь хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, холбогдох албаныхан байр сууриа илэрхийлсэн юм. 


Өнөөдөр мөн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд адил тэгш оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, хамгааллын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангаж, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэсэн байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. 

Санамж бичгийн хүрээнд телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий, бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендерийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалан хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжих зорилгоор Монголын Аж үйлдвэрийн зөвлөлтэй БСШУСЯ хамтараж ажиллах аж. Өнөөдөр мөн хоёр байгууллага санамж бичиг байгуулсан ба агуулга нь хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн болон хоол хүнсийг чанартай үйлдвэрлэж, нийлүүлэхэд анхаарч ажиллахад чиглэгджээ.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сурталчилсан үзэсгэлэнг энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эх олон нийтэд толилуулсан юм. 
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Баатарбилэгтэй хэлэлцүүлгийн үеэр уулзаж, "Хүүхэд хэрэглэгч" аяны зорилтын талаар тодрууллаа. 

Ё.БААТАРБИЛЭГ: ЦЭЦЭРЛЭГИЙН БОЛОН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН
ХООЛНЫ МӨНГӨ 600 ТӨГРӨГ БАЙЖ БОЛОХГҮЙ

-Өнөөдөр "Хүүхэд хэрэглэгч" арга хэмжээг Шадар сайдын ивээл дор зохион байгуулж байна. Хүүхэд бол хэрэглэгч. Үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Хүүхэд бол хамгийн түрүүнд боловсролын үйлчилгээний хэрэглэгч. Энэ агуулгаараа манай салбартай нягт холбогдож байгаа. Хүүхдийн хамгийн наад захын хэрэглээ болох сурах орчин нөхцөл, цэцэрлэгт хүүхэд хамрагдах, хичээллэж буй сургууль, анги, танхим, заалын орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангасан байдал, ариун цэврийн гэх мэт маш олон асуудлууд энэ салбарт байна. Улсын хэмжээнд сургууль нь хуучирч муудсан, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан, нурах шахсан ийм сургууль, цэцэрлэгүүд маш олон байна. Энэ асуудлуудыг энэ жил дорвитойхон шийдэхээр ажиллаж байна. Хүүхэд хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Дараагийн  бас нэгэн асуудал нь сурах бичиг. Хүүхдүүд бүрэн сурах бичгээр хангагдаж чадахгүй байна. Хүүхэд бүрийг сурах бичигтэй болгох шаардлагатай. Үүнийг бид шат дараатай төсөв хөрөнгийг нь шийдүүлж, 2019 оны есдүгээр сарын 1-нд сурах бичгийн хүрээг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнээс гадна сурах бичгийн чанарын асуудлыг бид хөндөх ёстой. Хүүхдийн сурах бичгийн хэмжээ чухал. Сурах бичиг хэвлэж байгаа компаниудад өндөр шаардлага тавьж ажиллана. Зориулалтын стандартын шаардлага хангасан цаасаар хэвлүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан цаасан дээр хэвлүүлэхэд анхаарна. Тиймээс зарчмын томоохон шинэчлэл хийнэ гэж зорьж байна. 

Хүүхдийн хоол тэжээлийн асуудал байна. Өнөөдөр цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдүүдийн хоол тэжээлийн мөнгө өдрийн 600 төгрөгөөр тооцогддог. Ийм хэмжээний зардлаар хүүхдүүд хангалттай шим тэжээл, калори авч чадахгүй. Эцэг, эхчүүд сүүлийн үед ярьдаг болсон, хүүхдүүд цэцэрлэгээсээ өлсөж ирээд байна гэж. Хүүхдийн хоолны мөнгийг төсөвт бүрэн суулгах ёстой. Төсөвт суулгахгүй гэвэл эцэг, эхчүүдээс авдаг эрхийг нь нээж өгөх зарчмаар хүүхдийн хоолны мөнгийг шийдэхгүй бол үнэхээр болохгүй байна. 2013 онд баталсан мөнгөөр одоог хүртэл хүүхдийн хоолны мөнгийг тооцож байна. Гэтэл одоогийн ханш, инфляци ямар байгаа билээ. Ийм байдалтай байж болохгүй. Ингээд цаашилбал, зам тээврийн осол, цахим орчинтой холбоотой хүүхдийн эрхийн зөрчил гээд маш олон асуудал байна. Үүн дээр холбогдох байгууллагуудтай бид нягт хамтарч ажиллана. 
 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадамжунай(202.179.27.182) 2019 оны 03 сарын 18

Архангайн тангад хулгайч

0  |  0
Nusak(73.83.84.234) 2019 оны 03 сарын 17

Bolovsrolgui bolovsroliin said.

0  |  0
zochin(103.57.95.65) 2019 оны 03 сарын 15

tusuvt tiim ih mungu suulgaj baihaar etseg ehchuud hoolnii munguu ugch baiya.bas neg turiin biznes haagdag de

0  |  0
Top