ТОЙМ: АН-ын хагарал Н.Алтанхуягаар дахин ил болов

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Өмнөд Суданыг зорьж, албан ёсны айлчлалаар эхэлсэн нэгэн долоо хоног шувтарч байна. Өнгөрч буй энэ долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг ZINDAA.MN сайт онцолж байна. 


УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЬ УЛСАД АЙЛЧИЛЛАА 

Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхсан байна. Эдгээр уулзалтуудаар хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгальтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгөх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд харилцан бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид ч хадгалах, шинэ чиглэлээр баяжуулах зэрэг нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүний саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжилж, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар парламентын зүгээс онцгой анхаарал хандуулах болно гэв. Мөн манай талаас тавьсан Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монголд нээх, Швейцарийн парламентад Швейцарь, Монголын бүлэг байгуулах саналыг Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга, ноён Филиппо Ломбарди нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх талаар Төрийн зөвлөлөөс онцгой анхаарах болно гэж амлалаа. Ийнхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын нэг чухал үр дүн боллоо. 

Засгийн газрыг болон гишүүдийг огцруулдаггүй, парламентыг тараах, парламентын гишүүнийг огцруулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй. Энэ мэт олон онцлог, засаглалын институцүүдийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангадаг туршлага, парламент хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлдэг арга барил гэх мэт олон зүйл Монгол Улсын Их Хурлаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлийн бодлогод тус нэмэр болох нь дамжиггүй. УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын парламентын Дээд, Доод танхимын нэгдсэн хуралдаанд зочилж, Танхимуудын тэргүүн нар Г.Занданшатар болон Монгол Улсын парламентын төлөөлөгчдөд баяр хүргэж, үг хэлэв. Ийнхүү Монгол УИХ-ын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.


   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭНХИЙГ САХИУЛАГЧ ДАЙЧДАА ЭРГЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ. Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй  амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа. Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр ахлагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв. Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа хатагтай Хироко Хирахира илэрхийллээ. Мөн элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа хэллээ. 


УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫГ БАТАЛЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс  гуравдугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарлалаа.  

УИХ-ын ээлжит бус чуулганаар: 

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2019.03.18-ны өдрийн даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлов.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /Ц.Цолмон/-д даалгасан байна.


ЭЭЛЖИТ БУСААР 10 ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын 23 гишүүнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ. Тэд эхний ээлжинд нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлээд байгаа юм. Яллагдагчаар татах хуулийн орчин нь бүрдсэн УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нар яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зураад байна. 

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө прокурорын байгууллагаас дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг оруулж ирсэн ч парламентын олонх хүлээж авахаас татгалзсан юм. Учир нь, тэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон 23 гишүүний нэрсийг бүгдийг нь зэрэг оруулж ирж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл хуулийн байгууллагаас дахин таван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д хүргүүлэхэд бэлэн болсон талаар эх сурвалж өгүүллээ. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, М.Оюунчимэг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналыг ирэх долоо хоногт хуралдаж эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнээс харахад ээлжит бус чуулганаар дээрх 10 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь ээ. 

Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж нар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг эрх баригч "бүдүүн" бүлгээс шаардсан. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, "Эрдэнэт"-ийг тойрсон асуудал болон МАН-ын 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн хэргийг эцэслэх зэргийг шийдвэрлэхийг бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан билээ. 


Д.ЭРДЭНЭБАТ: Л.БОЛД ГИШҮҮН СОНГОЛТОО ХИЙСЭН

УИХ-ын гишүүн Л.Болд 2018.12.04-ний өдөр АН-аас гарах өргөдлөө өгснөөр УИХ дахь АН-ын бүлэг долоон гишүүнтэй болох нөхцөл үүсээд байсан юм. АН-ын Үндэсний дүрмийн хорооноос 2018.12.03-ны өдөр Л.Болдыг АН-ын дүрмийг зөрчсөн гэж үзэж АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хассаны улмаас Л.Болд гишүүн ийнхүү улс төрийн шийдвэр гаргасан байдаг.

Ийнхүү УИХ дахь АН-ын бүлгийн асуудал удтал тодорхойгүй байсны хариултыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат /2019.03.11/ сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “АН-ын бүлгийн бүрэн эрхийн асуудал хэзээ тодорхой болох вэ” гэсэн асуултад “Одоо наад бүлгийнхээ тухай яриаг орхио. Хаврын ээлжит чуулганы эхэнд бид нар шууд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Л.Болд гишүүн сонголтоо хийсэн юм шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв. Бид хүндэтгэлтэй хандана. Ямар ч асуудал байхгүй. Бүлэг байхгүй боллоо гээд АН сөрөг хүчин хэвээрэй байна. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавиад явна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ гэж ойлгох хэрэгтэй. Яахав, завсарлага авах боломж алдагдана. Цаашдаа бүлэг дээр улс төржих ямар ч шаардлага байхгүй” гэлээ.


Ц.МӨНХ-ОРГИЛ: ХУРУУНЫ ХЭЭГЭЭР ИРЦЭЭ БҮРТГҮҮЛЖ, ХУУЛЬ БАТЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр УИХ-ын гишүүд ирэх хаврын чуулганаас эхэлж хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгч, хууль баталдаг болох юм. Үүнтэй холбогдуулан  /2019.03.14/ УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Ирэх хаврын чуулганаас эхэлж шинэ Дэгийн тухай хууль үйлчилнэ. Үүгээр гишүүд хурууны хээгээр саналаа өгч, ирцээ бүртгүүлнэ. Үүнийг гишүүд дэмжиж байгаа гэж ойлгож болно. Би хувьдаа дэмжиж байна. УИХ-ын даргын захирамжаар Дэгийн тухай хуульд цаашид өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсэгт миний бие багтсан. Хувь гишүүнийхээ зүгээс хэд, хэдэн саналыг оруулж байгаа. Нэгдүгээрт, аливаа хуулийг бүхэлд нь батлахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор биш УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүний саналаар баталдаг болох саналыг оруулж байна.

Хоёрдугаарт, маш олон хуулийг маш хурдан хэлэлцэн, баталдаг. Үүнийг цаг хугацааны хувьд задгай тавьж өгөх шаардлагатай байна. Маш олон хэлэлцүүлэг хийж баймаар байна. Тэгэхгүй бол байнгын хорооны хуралдаан маш нарийн дэгтэй, цаг хугацаатай байдаг. Тиймээс аливаа хуулийг батлахаасаа өмнө хэлэлцүүлэг өрнүүлж байдаг, удаан хэлэлцэн баталдаг байх хэрэгтэй. Нэг баталсан хуулиа тогтвортой хэрэглэдэг нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байна.

Гуравдугаарт, УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийг газар болгох хэрэгтэй. Орон тоог нь нэмж, олон хуульчтай байх шаардлагатай байна. Хуулийн хэлтсийн саналгүйгээр ямар ч хуулийг хэлэлцдэггүй, хуулийн хэлтсийн саналгүйгээр ямар ч хуулийг баталдаггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, заавал хуулийн хэлтсийн гаргасан саналыг гишүүд нэг бүрчлэн хэлэлцэж байж баталдаг заалтыг оруулж ирэхийг зорьж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 


АН-ЫН ЗАЛУУС С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАВ

Ардчилсан намын удирдлагад үүрэлсэн “МАНАН мафи”-ийн хамсаатан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намын удирдлагаас цэвэрлэхийг шаардаж тус намын залуу гишүүд /2019.03.14/ мэдээлэл хийлээ. АН-ын гишүүн П.Галиндэв, Э.Бямбацэрэн тэргүүтэй залуус АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг “МАНАН мафи”-ийн хамсаатан хэмээгээд эдгээр хүмүүст нэн дариу хариуцлага тооцохыг шаардсан уриалга гаргаснаа танилцуулсан юм.  

Уг уриалгад “Ардчилсан намын өнөөгийн удирдлага нийгэмд өрнөж буй шударга ёсны төлөөх тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, ард түмний өмчийг хулгайлсан бүлэглэлийг улайран хамгаалсаар, ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрлээ.

Намын гишүүд бид 1990 онд зорьж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийтээрээ сайхан амьдрах шударга нийгмийг цогцлоох итгэл үнэмшилдээ өнөөдрийг хүртэл бат зогссоор байгаа билээ. Харамсалтай нь “МАНАН мафи” гэгч нь нам дамнан байршиж, шийдвэр гаргах бүх түвшинд нөлөөгөө тогтоогоод зогсохгүй, хууль шүүхийн байгууллагыг хүртэл хяналтандаа оруулж, хүссэн шийдвэрээ төрөөр гаргуулдаг байсан нь ил тод боллоо.

АН болон МАН-ын удирдлагад үүрлээд байсан дээрх “МАНАН мафи”-ийг нийгэм даяараа жигшин эсэргүүцэж, нам харгалзахгуй хамтран тэмцэж буй тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Энэхүү тэмцлийн дунд МАН нь дээрх бүлэглэлд нэр холбогдсон М.Энхболд тэргүүтэй хүмүүстэйгээ хариуцлага тооцон буулгаж авахыг та бид харсан. Одоо АН дахь хамсаатнуудтай хариуцлага тооцох цаг нь болсон гэж гишүүд бид үзэж байна.

Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, үйлдлээрээ өөрсдийгөө “МАНАН мафи”-ийн хамсаатнууд гэдгээ нотолсон. Тухайлбал тэд “60 тэрбум”-ын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг хамгаалж, уг схемийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар УИХ дээр нээлттэй сонсгол хийе гэсэн саналыг дэмжээгүй. Мөн дээрх хэргийн гол холбогдогч болох М.Энхболдыг огцруулах асуудлыг удаа дараа хойшлуулах санал гаргаж, завсарлага хүртэл авсан бөгөөд санал хураалтад огцруулахгүй хэмээн санал өгсөн.

Түүнчлэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь УИХ дахь намын бүлгээ бодлого болон удирдпагаар хангаж чадаагүйн дээр “МАНАН мафи”-ийнхаа явцуу эрх ашгийг бүлгийн гишүүддээ тулган муйхарласнаар бүлгээ тараахад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоог үгүй хийлээ. Ингэснээр манай намын рейтинг “60 тэрбум", “ЖДУ” зэрэгт холбогдсон МАН-аас доор орлоо. Үүгээр ч зогсохгүй шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөдөг болж, АН-д нэг хүний дарангуйлал тотоод байна. Иймд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож намаа цэвэрлэхийг шударга гишүүд дэмжигчиддээ уриалж байна” гэжээ.


ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ АЖЛАА ӨГЧ, АН-ЫГ ЦЭВЭРЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид өгсөн билээ.  Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Тиймээс миний цаашид хийх ажлыг Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэсэн байв. Тэрбээр "Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш сүүлийн хоёр жилд цочоо үүсгэлээ. Болохгүй байсан зүйлс илчлэгдэж, зөв чиглэл рүүгээ явж байна. Би Ерөнхийлөгчтэй жил найман сар хамтарч ажиллалаа.Уг нь надад ярих, хийх зөндөө ажил байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүн хамаагүй ярьж болдоггүй юм байна. Н.Алтанхуяг юм ярихаар Ерөнхийлөгч хэлүүлж байна гэх байдлаар мушгиж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгөөд, улс орондоо шударга ёс тогтоох ажлыг үргэлжлүүлэх, хүмүүсийг боломжийн амьдралтай болгох, газрын доорх баялгийг цөөнх нь аваад идчихдэг байдлыг зогсоох чиглэлд чөлөөтэй ажиллах боломжийг олж авахын тулд өөрийнхөө хүсэлтээр зөвлөхийн албанаас чөлөөлөгдөж байгаа юм. Сүүлийн үед АН-ын гишүүд надад их хандаж байна. Таны ярьж байгаа шударга бус зүйл АН-д нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын гар хөл болсон хүмүүс АН-ын удирдлагад гараад ирчихсэн. Сүүлдээ “Эрдэнэт”-ийн маргаан, 60 тэрбумын хэрэгт АН-ын гишүүд үгээ хэлж чадахгүй байна. Гэтэл С.Эрдэнэ УИХ дээр шившгийн зүйл хийж байна” гэж надад хэлдэг. АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгоод хаячихаж болохгүй. Тиймээс намаа цэвэрлэе. Улс орондоо шударга ёсыг сэргээхэд хамтран ажиллая. Тэр дотроо нам дотроо шударга ёсыг тогтооё. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн АН-ыг шүүмжилж болохгүй байсан. Тиймээс хийх, бүтээх, тэмцэх олон ажил байна. Түүндээ шуударлаа" гэсэн юм.


Д.СУМЪЯАБАЗАР: "ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙН ТАЛЫГ ШАЛГАСНЫ ДАРАА ХЭЛЦЛИЙН ШИРЭЭНИЙ АРД СУУНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал өчигдөр /2019.03.15/ боллоо. Хуралд салбарын сайд Д.Сумъяабазараас гадна холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүний улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үлдсэн 14 мянган хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь буцаагдсан байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд  400 гаруй ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах асуудал байхгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна. З.Энхболд дарга ямар үндэслэлээр ингэж ярьсныг өөрөөс нь асуух хэрэгтэй. Хуулийн хүрээнд ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын ордод төрийн эзэмшил тэг байхаар тогтоосон. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө  хуваарийн дагуу төлөөд явж байна" гэв. Түүнчлэн "Тусгай зөвшөөрлийг нь цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж, тэд нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсдэж байна.Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө БОАЖЯ энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь, маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайд Засгийн газар, УИХ, Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Засгийн газар хуулийнхаа хүрээнд арга хэмжээг авч байгаа. Харин 49 хувийг худалдан авсан талынхныг шалгасны дараа Засгийн газар хэлцлийн ширээний ард сууна байх гэж бодож байна.  Би ажлын хэсэгт багтаагүй" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.24.103) 2019 оны 03 сарын 18

тэрбумаар тоологдох хэвлийн баялаг. Гэтэл Бидний энэ сонгодог хувийн өмчийг ашиглалтын лициенз, гадны хөрөнгө оруулагч татах гэдэг гоё үгээр халхавчлан МАНАН-ийн 100 хүрэхгүй хулгайч нар олон улсын эдийн засгийн алуурчидтай хуйвалдан шаачихаад Еврейн таөрхи угаалтын аргыг хэрэглэн биднийг хууран мэхэлсээр байна. АН-ынхан ийм амьтадын нам болох гэж үү?? МАН хүтэл МАНАН-аасаа салахаар цэвэршихээр зарлачихаад алхам алхамаар хэрэгжүүлж байхад АН- МАНАН-ийн тулгуур болчихсон байж байгааг хараад ичихийн дээдээр ичиж байна.

3  |  0
Монгол(202.179.24.103) 2019 оны 03 сарын 16

бИДНИЙГ ТӨЛӨӨЛӨӨД ТӨРД СУУЛГААЧ ГЭЭД БИД 20 ОНЫ СОНГУУЛЬД ГҮЙХ ҮҮ? шААСАН ТУУСНАА ШУДРАГААР ХУВААВАЛ ЯАХАВ БАС ХӨДӨЛЖ БОЛОХ ЮМ Түүнээс биш, хуучин шигээ улаа элэгдтэл, гүйж, амаа хаттал худал ярьж тархи угаахад оролцоно гэвэл горьдсоны гарз. Авсан шаасныг чинь буцаан тушаалгах аянд мордох гэж байна. АН-ын гишүүдээ????????????????? Бид хэнийг толгой дээрээ залж явснаа эргээд нэг санацгааяа. Ардчлал гэдэг бол хүн_ий эрх. ХҮний эрх гэдэг бол бидний хувьд эдийн засгийн эрх. Эдийн засгийн эрх гэдэг бол өмчлөх эрх. Бидний гол сонгодог өмчлөх эрх бол байгалын баялаг буву газрын хэвлийн тэрбум,

1  |  0
мОНГОЛ(202.179.24.103) 2019 оны 03 сарын 18

АН САНАН-ийн тулгуур болоод Энхболд, Элбэгдоржийн гарт орсон нь шившиг. Амьтан хүнээс ичээд гэрээсээ гарч чадахгүй байна. Энэ Эрдэнэбат гэх хөдөөгийн баарны эзэнг намаасаа хөөгөөчээ. Намаасаа хөөгдөх ёстой нь хөөгдөх ёсгүгээ хөөчихөөд байна. Хөл толгой солигдоно гэж Энэ. Эрдэнэтийн 49 хувь, ХХБ, Улаанбаатар банкны луйвараас АН-ын хэдэн гишүүн хувь хүртсэн юм бэ? АСЕМ-аас хэн хөлжсөн юм бэ. Ингэж л асуух хэрэгтэй. АН-ын гишүүдийн 99.99 хувь нь эндээс сохор зоос ч хүртээгүй. Тэгээд эд нар л бидний нэрийг барьж ашиглан шаасан байна шүү дээ. иЙМ ХУЛГАЙЧ НАРЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД БАЙХ У

1  |  1
Монгол(202.179.24.103) 2019 оны 03 сарын 18

Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хагас дутуу шалгасан болоод хэлцэлийн ширээний ард сууж авилгал авахаа зарлалаа. Ийм ажилд Сумъяабазар гаршсан хүн. Бадмаараг гэх төхийн өмчийн компанийг 2 хуваагаад дундаас нь 1 орц орон сууц шаачихсан тэгээд дарагдаад чимээгүй болсон шүү дээ. Ийм л хүмүүс хэлцэлийн ширээнд суух нь.

3  |  0
Зочин(103.57.94.254) 2019 оны 03 сарын 16

Энэ нэг хазгай хэлтэй юм бутэхгуй ээ, Увсын хулгайчууд нийлээд энуунийг турхирч байна

0  |  0
Top