Бельгид шуудангийн тагтаа 1.25 сая еврогийн үнэд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Бельгид болсон дуудлага худалдааны үеэр шуудангийн тагтаа 1.252 сая еврогийн үнээр зарагдаж, дэлхийн дээд амжилт тогтоожээ.

 

Армандо нэртэй шувууг Хятадын нэгэн эрхэм худалдан авчээ. Дуудлага худалдаагаар нийт хоёр сая еврогийн үнэ бүхий 178 тагтааг худалдсан байна. Шуудан зөөгч тагтаа өдөрт 1.12 мянган км зайг туулж, дунджаар 90 км/ц хурдтай нисэх чадвартай гэнэ. Эл төрлийн шувууны дээд хурд нь 150 км/ц хүрдэг аж.

 

Дуудлага худалдааны PIPA агентлагийн мэдээлснээр, Армандо нь дуудлага худалдаагаар борлуулагдсан дэлхийн хамгийн үнэтэй шувуу болжээ. Түүний дараа 2017 онд 450 мянган ам.долларын үнэд хүрч байсан Надин нэртэй шувуу ордог бөгөөд түүнийг Хятадын иргэн мөн худалдан авч байжээ.

 

Хятад улсын дээд болон дунд давхаргынхны дунд тагтааны уралдаан ихэд дэлгэрч байгаа гэнэ. Бээжингийн тагтааны уралдааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сун Яны хэлснээр, Бээжин хотноо 100 гаруй мянган хүн тагтаа тэжээдгээс 90 мянга орчим нь тус холбооны гишүүд гэнэ. Хавар, намрын цагаар болдог тагтааны уралдааны шагналын сан хэдэн арван мянган ам.доллар хүрдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top