ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Өнөөдөр 2019.03.20. Монгол эх оронд маань нар 06 цаг 55 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -3 хэмийн хүйтэн, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр. Мөн Олон улсын Од эрхэсийн зурхайн өдөр. Энэ өдөр дэлхийн нөгөө бөөрөнд Тунист Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Испанийн хөлбөмбөгчин Фернандо Торрес, олимпийн мөнгөн медальт, Азийн хошой аварга, Японы марафонч Кенжи Кимихара, Америкийн жүжигчин, найруулагч Спайк Лий нарын төрсөн өдөр. Мөн Францын хөлбөмбөгчин Морган Амалфитано, Аргентины хөлбөмбөгчин Маркос Рохо нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай. 

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1934 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цэргийн зөвлөлийг татан буулгажээ. 1925 оны гуравдугаар сарын 20-28-нд БНМАУ-ын II бага хурал хуралдав. Тус бага хурлаар нутгийн захиргааны явдалд онцгой анхаарч, ардчилсан захиргаа байгуулаагүй газарт түүнийг яаравчлан байгуулахыг заажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1923 оны энэ өдөр Чикаго мужийн уран зургийн клуб нээгджээ. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлсэн байна. Ингэснээр АНУ-д орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй. 2003 оны энэ өдөр Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлсэн бол 2006 оны энэ өдөр Чад улсын зүүн хэсэгт Канадын 150 цэрэг Ардчилсан өөрчлөлтийн төлөөх нэгдсэн фронтын босогчдод буудуулж амиа алджээ. 2012 оны энэ өдөр Иракийн 10 хотод террорист ажиллагаа болж байв. Тэгвэл 2015 оны энэ өдөр дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.

Онцлон тэмдэглэхэд, өрнийн зурхайд бууснаар өнөөдөр үхрийн ордныхон их үр бүтээлтэй байх аж. Тэгвэл од эрхэсийн зурхайч нар жинлүүрийнхэнд сайхан сэтгэлтэй, зохион байгуулалттай байхыг зөвлөжээ. Харин мэлхийнхэн зорилгоо тодорхой болгоорой. Мэлхийнхэн өнөөдөр илүү туршлагатай хүмүүсийн үгийг анхааран сонсч, шүүмжлэлд эмзэглэхгүй байгаарай.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна. Хулгана, бич жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд хянамгай байгаарай. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг хатуу цээрлэ. Харин дарханы үйл хийхэд маш сайн. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top