Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2019.03.20/ Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Уг хуралдаанаар Засгийн газраас 2018.05.11, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүдийн зүгээс  хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авахдаа хамгийн бага үнийг сайн гэж үнэлж тендер шалгаруулах, түүнчлэн тендерт шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд үндэслэлгүй гомдол гаргаснаас бүтээн байгуулалтын ажил саатах, хугацаа алдах, хохирол хүлээдэг асуудалд хариуцлага тооцсон заалт тусгасан эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Үүнд Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулахад хоёр шалгуурыг тавьсан. Тендер зарласан аж ахуйн нэгжүүдээс эхний шалгуурт техникийн үзүүлэлт, чанар, стандартын шаардлага хангасан байдлыг харгалзана. Энэ шалгуурыг давсан аж ахуйн нэгжүүдээс тендертээ мэдэгдсэн хамгийн бага үнийг нь үнэлж, сонгоно гэсэн заалт оруулсан. Олон улсын жишиг ч хамгийн бага үнэ гэсэн шалгуур тавьдаг” хэмээн хариулсан.

Мөн “Хуулийн төсөлд тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгохоор заасан. Өмнө нь бүх зүйл нууц байсан. Тендерийн материалыг ил тод болгосноор  шалгарсан компани болон шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд давуу болон сул талаа мэдэх, нээлттэй байдал үүсэх тул үндэслэлгүйгээр гомдол гаргаж, ажил унагаадаг, цаг алддаг байдлыг арилна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмж тайлбарлав. 

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 17 саналаар хураалт явуулсан. Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд 55.9 дэх буюу “Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээг 20 сая төгрөгөөс хэтрэхгүй. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцааж олгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. 

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалт буюу 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийг төрийн бус байгууллагуудад давуу байдал олгох, бизнесийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон асуудал тул дэмжих шаардлагагүй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд “Энэ хуулийн 47.4-т заасан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилох, ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилохдоо нийслэлд Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын, аймаг түүний салбар зөвлөлийн саналыг үндэслэл болгоно” гэсэн Ажлын хэсгийн санал дэмжигдсэнгүй. 

 

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Төсвийн байнгын хороогоор Засгийн газраас 2018.05.29, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн яам болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хийсний дараа Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 65 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь  буюу Монгол Улсын татварын 29 төрлийг  нарийвчлан заасан хэсэг, түүнчлэн 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмжийг агуулсан 80 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

Мөн төслийн 18 дугаар зүйлд 18.5 дахь хэсэг буюу “Энэ хуулийн 18.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, төслийн 66 дугаар зүйлд “Авлага битүүмжилсэн хугацаанд өртэй татвар төлөгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болохыг хориглоно” гэж, төслийн 70 дугаар зүйлд “70.3.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан бол эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 65 дугаар зүйлд зааснаас бусад тухайн татвар төлөгчийн битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхгүй” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Үргэлжлүүлэн байнгын хороогоор Засгийн газраас 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Төслийн 15 дугаар зүйлд “15.1.11Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэж, төслийн 21 дүгээр зүйлд “21.1.10. ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого, 21.1.11.Холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэсэн хэсэг заалт тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн хуулийн төсөлд “20.2.7 Энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1-22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар” гэсэн заалт шинээр нэмэх, үүнтэй уялдуулан “22.1.Жилийн эцсийн татварын тайлангаар энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар тайлагнасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж, “22.2.Энэ хуулийн 22.1-д заасан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 хоногийн дотор олгоно” гэж тус тус өөрчлөн найруулахыг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018.05.29, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслийн 15 дугаар зүйлд “15.9.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог албан татвар, ногдох орлогод эзлэх энэ хуулийн 15.1.2-т заасан хасагдах жишиг зардлын хувь хэмжээг бүтээгдэхүүний төрөл, онцлогийг харгалзан Засгийн газар батална” гэж, төслийн 23 дугаар зүйлд “Нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 25 хувиар 1000 км- ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө” гэж, төслийн 26 дугаар зүйлд “Албан татвар төлөгч нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжид ажиллаж, Монгол Улсад байрладаггүй этгээдээс авсан энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт төлж, тухайн татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Билэгт хуулийн төслийн "8 дугаар зүйлийн 8.3-т малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулах гэснийг хасах" зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувиар дэмжсэн тул Ажлын хэсгээс төслийн 15.1.1, 15.1.2 дахь заалтаа саналаа татаж авсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top