"ӨГЛӨӨНИЙ СОНИН"-ы ТОЙМ: З.Энхболдын дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Өдөр тутмын “Өглөөний сонин” өнөөдрийн /2019.03.20/ шинэ дугаарын тойм мэдээлэл хүргэе. Шинэ дугаарын “Өглөөний зочин”-оор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уригджээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн дуулиан, 400 орд газрыг төрд эргүүлэн авах асуудлаар болон улс төрийн цаг үеийн чухал сэдвүүдийн эргэн тойронд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Мөн УИХ-ын гишүүн асан С.Баярцогт өөртэй нь холбоотой оффшор дансны тухай олон нийтэд тайлбар хийсэн мэдээлэл бүрэн эхээрээ "Өглөөний сонин"-д нийтлэгдэж, түүнтэй холбоотой оффшор дансны тухай мэдээлэл дэлгээд буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы байр суурийг ч онцолжээ. 

Сэтгүүлч Э.Болорхажидын “Гацуурт”-ын ордыг эзэмшигчид шүүхийн шийдвэрийг давж заалдах уу!”, сэтгүүлч Э.Энхболдын “Хэнтийн 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид хэн бэ” нийтлэлийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Тоймч Б.Болорсүх Өмнөговь аймгийн “Цагаан хад” суурьшлын бүсэд томилолтоор ажиллаж, нүүрс тээврийн үйл ажиллагаа, тэнд өрнөж буй үйл явдал, жолооч нарын талаар дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэсэн байна. Мөн “Эмээлт” зах дээрх арьс, шир, түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш болон олон мянган адууны шир хуримтлагдан муудаж байгаа талаар "Өглөөний сонин" сурвалжиллаа.

"Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах, хууль эрх зүйн мэдээллийн албаныхан шүүгч, талийгаач Л.Бямбаа агсны амиа алдсан хэргийн талаарх шинэ, дуулиант мэдээлэл болон хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдоод буй “Никель” Ганбаа буюу Г.Дашнямтай хамт Ерөнхий сайд асны хамаатан хамт байсан, хэргийг шалгаж байсан байцаагчид урт хугацааны чөлөө өгсөн, удахгүй хэргийн харьяаллыг өөрчлөх гэж байгаа зэрэг баримт, мэдээллийг дэлгэжээ.  

Сэтгүүлч С.Даваасүрэнгийн хөтөлдөг “Өглөө хаанаас эхэлдэг вэ?” булангийн зочноор зохиолч, яруу найрагч Я.Баяраа уригдав. 

Дэлхий дахинд шуугиан тариад буй БНСУ-ын “Big Bang” хамтлагийн гишүүн Сынри нарын гэмт хэрэгт холбогдсон хэргийн тухай “К-попын дуулиант хэргүүд шоу бизнест сүйрэл дагуулах уу!” тоймоос Өмнөд Солонгосын шоу бизнесийн салбарын дуулиант мэдээллийг бүрэн авах боломжтой. 

Харин спортын буланд спортын тойм, сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн “Майкл Жордан, Леброн Жеймсийн хэн нь шилдэг вэ?” зэрэг тойм, мэдээлэл нийтлэгджээ.

Өглөө бүрийг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-той угтаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top