ӨВӨРХАНГАЙ: Аймгийн дулааны станц 2021 онд ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Монгол улсын Засгийн Газар болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах, дулааны станц барих төсөл яригдаад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Тэгвэл уг төслийн санхүүжилт шийдэгдэж нийт 148 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар 10 аймгийн төвийн дулаан хангамжид дэвшилтэд технологи нэвтрүүлэх, автоматжуулсан удирдлага хяналтын систем бүхий эргэлдэх буцлах давхрагад шаталттай зуухтай дулааны станц барих ажил хийгдэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан орон нутагт “дулааны станц” барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний танилцуулга, олон нийтийн хэлэлцүүлэг өчигдөр /2019.03.20/  боллоо.

Эрчим хүчний яам, БНСУ-ын Korea Exim bank, “Эко-Треид” компани хамтран өнөөдрийн хэлэлцүүлэг танилцуулгыг хийсэн бөгөөд дулааны станцтай болсноор орон сууц олноор баригдах боломжтой болж үүнийгээ дагаад агаарын бохирдол тодорхой түвшинд багасах, дулаан хангамжийн чанарт дэвшил гарснаар хэрэглэгчдийн амьсгалын замын холбогдолтой өвчлөл буурах юм. Мөн иргэд дулааны станцтай болох нь агаарын бохирдлоос салах том боломж хэмээн үзэж байгаа ч орон нутагт дулааны өртөг зардлыг дийлэхгүйд хүрдэг гэх болгоомжлол ч байна. Тиймээс дулааныг цахилгаан станцтай нь хамт барих нь зүйтэй гэх саналуудыг ч өгч байлаа.

Төслийг Монгол улсын Эрчим Хүчний Яамнаас хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацаанд үргэлжилнэ. Төслийн төлөвлөлт болон барилгын гүйцэтгэх ажлууд нь нийт 24 сарын хугацаанд хийгдэхээр төлөвлөгөө гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top