ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Өнөөдөр 2019.03.21. Монгол эх оронд маань нар 06 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 0 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр Бүх дэлхийн яруу найргийн өдөр. Мөн Олон улсын театр, хүүхэлдэйний өдөр. Түүнчлэн дэлхийн нөгөө бөөрөнд Бельги, Итали, Лесото,  Португальд мод суулгах өдөр тохиож байгаа бол Гүржид Хилчдийн өдөр болж байна. Намибид Тусгаар тогтнолын, ӨАБНУ-д хүний эрхийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Монголын дууны шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Жамцын Бадраа (1926-1993)-гийн мэндэлсэн өдөр. Тэгвэл дэлхийн алдартнуудаас 1904 оны энэ өдөр “М&М”, “Марс” шоколадыг бий болгосон Форрест Марс (1999 онд нас барсан) мэндэлжээ. Өнөөдөр түүнчлэн Олимпийн зургаа, дэлхийн 17 удаагийн алтан медальт Норвегийн цаначин Марит Бьёрген, Олимпийн мөнгөн медальт Этиопын гүйгч Эжегаеху Дибаба, Испанийн хөлбөмбөгчин Мичу, Францын хөлбөмбөгчин Антуан Гризманн нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1924 оны энэ өдөр Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татан буулгаж, Ховдын сайдын газарт захируулжээ. Дараахан нь энэ хоёр аймгийн нутгийн захиргааны дүрмийг баталсан байна. Тэгвэл 1990 оны гуравдугаар сарын 15-22-нд Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийжээ. Тэд хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцож, хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурлаар Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрчээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1919 оны энэ өдөр хойд хөрш Орост өрнөсөн Октябрын хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлтийн засгаар замнахаар болжээ. Ингэснээр европ тив Оросоос гадна коммунист улстай болсон юм. 1928 оны энэ өдөр Атлантын далайг анх удаа нисч туулсан Чарльз Линдбергт “Гавьяаны медаль” гардуулж байсан бол 1935 оны энэ өдөр Ираны шах Реза Шах Пахлави улсынхаа нэрийг Перс биш Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ. 2006 оны энэ өдөр “Твиттер” албан ёсоор байгуулагдаж байв.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр загасны ордныхон хэцүү асуудлыг шийдэж чадна гэж өрнийн зурхайд буужээ. Тэд магадгүй өөрсдөө аливааг хэтрүүлж харсан байж болох. Тэгвэл жинлүүрийнхний эрч хүч өндөр, өөртөө итгэлтэй байх нь ээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн. Тахиа жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Энэ өдөр бүтээл туурвих, бизнес эхлэхэд сайн. Харин мод таслахыг цээрлээрэй. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top