Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулган хуралдаж байна

2019 оны 03 сарын 20

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 63 дугаар чуулган “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулахыг дэмжсэн нийгмийн хамгааллын тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой дэд бүтэц” сэдвийн дор энэ 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Н.Хүрэлбаатар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэхийн сацуу Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг баталж, нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэхийг зорьж байгааг дурдаж, Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлаж, төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь Комиссын энэ чуулганы сэдэв, зорилготой нийцэж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах талаарх 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2018 оны 6 дугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилт: Жендэр ба хөгжил” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” баталсныг мэдээлэв.

Монгол Улс Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр 2015 оноос сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.195.150) 2019 оны 03 сарын 20

Сейф ч билvv портер ч билvv Хvрэлбаатар гж энэ нехерийн хэрэг юу болсон бэ? Борхироорт портер менгенийхее талыг егч хэрэгсэхгvй болгосон гэсэн vнэн болов уу? Энэ нехер Хvvкийн зевлех гэхээр л Хvvкд ямар ч итгэл терехгvй байгаам да

0  |  0
Top