Найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит "Арслан" цомын эзнийг тодруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

1980-1990 оны Монголын театрын гол төлөөлөгч, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан "Тэнгэр мэднэ" хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 22-нд Драмын эрдмийн театрт 13:00 цагаас зохион байгуулахаар болжээ.

Драмын эрдмийн театр алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн нэр алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор "Алтан тайзны эзэд- Бид мартахгүй" дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил нэрт найруулагч Г.Доржсамбууг онцолжээ.

"Тэнгэр мэднэ" хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, шилдэг уран бүтээлчдэд Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" цом, шагналыг гардуулах аж. Найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" шагналыг түүний гэр бүлийнхэн нь 1995 онд санаачлан Монголын театрын урлагийн шилдэг уран бүтээлчдэд олгож эхэлжээ.

Г.Доржсамбуу агсаны драмын театрт туурвисан олон сонгодог бүтээлээс гадна "Говийн зэрэглээ" киноны Арслангийн дүрээр, "Гарын таван хуруу", "Ирэх хаврын цэцэгс", "Би нисэх дуртай" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрч, үзэгч түмний хайртай жүжигчин болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top