ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Өнөөдөр 2019.03.22. Монгол эх оронд маань нар 06 цаг 51 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -1 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр Казак түмний Наурызийн баярын өдөр. Мөн Дэлхийн усны өдөр тохиож байна. Түүнчлэн Олон улсын таксины жолооч нарын өдөр. Өнөөдөр мөн дэлхийн нөгөө бөөрөнд Лаос улсад Ардын намын өдөр болж байна.

Өнөөдөр Монгол гаралтай Персийн одон оронч Үлүгбэх (1394-1449)-ийн мэндэлсэн өдөр. Түүнчлэн Греммийн шагналт дуучин, жүжигчин Стефани Миллс , Америкийн сагсанбөмбөгч Маркус Кемби, жүжигчин Рийз Уидерспүүн нар өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1936 оны энэ өдөр Улсын XX бага хурлаар Д.Догсомыг УБХ-ын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус томилжээ. 1981 оны энэ өдөр Монгол хүн сансарт ниссэн билээ. Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибеков, Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар "Союз-39" хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийсэн юм. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь, Монголын анхны хүн болсон билээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1993 оны энэ өдөр анхны “Пентиум” худалдаанд гарчээ. Тэр нь 60 мегагерцийн хурдтай, 100+ дүрсний үзүүлэлттэй, 64 байтын багтаамжтай байв. 1997 оны энэ өдөр Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 нас 9 сартай Тара Лапински түрүүлж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ. 2004 оны энэ өдөр Палестины ХАМАС бүлэглэлийг үндэслэн байгуулагч Ахмед Яссин, хоёр бие хамгаалагч болон бусад энгийн иргэдийн хамт Газын зурваст амиа алдсан билээ.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр нумын ордныхон эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ та бүхэн хүчээ зөв ашиглаж, аль болох даруу төлөв байгаарай. Тэгвэл хонины ордныхон их завгүй байх тул эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэсийн зурхайд зөвлөжээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно. Нохой жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Энэ өдөр гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин хэрүүл маргаан хийхийг цээрлээрэй. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top