Хэйсэй эриний СҮҮЛИЙН ТЭМЦЭЭНД Хакүхо түрүүллээ

2019 оны 03 сарын 24

Өнөөдөр /2019.03.24/ Японы Осака хотноо өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Хэйсэй үеийн сүүлчийн тэмцээн байлаа. 1989 оны нэгдүгээр сарын 8-нд Шёова эрин  хөшгөө хааж, Хэйсэй эрин эхэлсэн билээ. 30 жил үргэлжилсэн Хэйсэй үе энэ оны 4-р сарын 30-нд Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууснаар төгсгөл болох юм.

Тиймээс Хаврын тэмцээнд түрүүлж, Хэйсэй эриний хамгийн сүүлчийн башёд тэргүүлсэн бөх болж, түүхэнд нэрээ үлдээхээр бөхчүүд ширүүн өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдрийн сүүлийн барилдаан хүртэл өрсөлдөөн үргэлжилж, их аварга Хакүхо 42 дахь түрүүгээ хүртсэнээр мэргэжлийн сүмогийн Хэйсэй эрин төгслөө. Ийнхүү Хэйсэй эринд мэргэжлийн сүмогийн ихэнх рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон “Хэйсэй үеийн их аварга” түрүүлсэн юм. Шёовад 32 түрүүлсэн их аварга Тайхогийн амжилтыг тэр Хэйсэй эринд 42 болгон ахиуллаа.

Тэмцээний сүүлийн өдөр Ичиножёо Дайэйшёог ялж, Хакүхо Какүрюүд унавал давааны тоо тэнцэж, нэмэлт барилдаан хийхээр болоод байв. Ичиножёо даваагаа аваад хувцас солих өрөөнд хүлээн сууж байлаа. Хоёр монгол аваргын барилдаан барьц булаалдаж, хүч чадал сорьсон сайхан барилдаан болж, Хакүхо давснаар 42 дахь түрүүгээ авлаа. Харин Какүрюүг шитатэнагэ мэхээр мушгин даваад дохёноос унахдаа баруун гарын хуучин гэмтлээ сэдрээж орхилоо. Шагнал гардуулах ёслол дээр Эзэн хааны цомыг өргөхдөө оякатагийн тусламж авсан гэхээр нэлээд хүнд гэмтэл бололтой. Гэхдээ ярилцлагын үеэр Хакүхо Хэйсэй эриний сүүлчийн башё өндөрлөснийг алга ташин тэмдэглэж, Бөхийн өргөө тэр чигээрээ даган уухайлж байгаа нь сайхан харагдаж байв.

1989 оны Нэгдүгээр сарын тэмцээн буюу Хэйсэй эриний анхны башёд ёкозүна Хокүтоүми  буюу одоогийн Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката 14 даваатай түрүүлж байсан бол 2019 оны Гуравдугаар сарын башёд их аварга Хакүхо өвдөг шороодолгүй түрүүллээ.

Энэ өдөр нэгэн шинэ озэки төрж, нэг хуучин озэки цолоо алдлаа. Өнгөрсөн башёд озэки цол авах дөхөөд сүүлийн өдөр муу барилдаад арслан болж чадаагүй Такакэйшёод холбооноос хатуухан учраануудыг сүүлийн 2 өдөр оноосон. 14 дэх өдөр ганцхан унаатай явсан манай Ичиножёотой тааруулсан “шалгалт”-нд тэр унасан. Учир нь хоёр гар тулган, зогсоох гэж оролдоод ялагдсан юм. Ингээд сүүлийн өдөр давахгүй бол озэки цолоо алдах Точиношинтэй таарсан. Харин энэ удаад 22 настай Такакэйшёо ямар ч эргэлзээгүй урагш түлхэн дайрч, өөрийн ошисүмо барилдаанаар ялснаар озэки цолоо өвөртөллөө. Шинэ озэкиг ирэх Лхагва гарагт албан ёсоор зарлах болно. Ялагдсан Точиношин сэкивакэд бууж, Зуны тэмцээнд 10 давбал цолоо буцаан авах юм. Озэки цолтой тавхан башё барилдаад алдсан нь сөрөг рекорд болжээ.

Жонидан зиндаанд озэки асан Тэрүнофүжи, Роога гэсэн хоёр монгол бөх 7-0 ялж, даваа тэнцсэн тул түрүүлэхийн төлөө халз барилдсан. Мэргэжлийн сүмод 2 дахь тэмцээндээ орж байгаа Роога нутгийн ахаа давж, сүмогийн доод 2 зиндаанд нэг ч уналгүй дараалан түрүүллээ. Ирэх башё санданмэд дэвшин барилдана.

Барилдааны дараа Роога “Маш их биеэ барьсан. Тэрүнофүжи бол манай сургуулийн ах. Хамт бэлтгэл хийж, мавашины барьц хэрхэн тавиулахыг анх зааж өгсөн хүн. Таарч барилдана гэж бодоогүй болохоор их баяртай байна. Банцүкэ нэлээд ахих байх. Ахлах ангид байхдаа барилдаж байсан макүшитагийн Хоошёорюүг хурдан гүйцэх зорилготой. Би их аварга Чиёонофүжи шиг барилдах хүсэлтэй. Бичлэгийг нь байнга үздэг. Шагналын мөнгөө гэрлүүгээ явуулна” гэж ярьжээ.

Харин Тэрүнофүжи “Тэмцээний өмнө бэлтгэл хийж чадаагүй болохоор түрүүлэх гэсэн зорилго байхгүй, биеэ ажиглан, янз бүрийн зүйл хийж туршсан башё байлаа. Өнөөдөр Роогад барьцыг нь өгч байгаад барилдаж үзэхээр шийдсэн байсан. Тийм болохоор түрүүлж чадаагүй гээд харамсаад байгаа юм алга. Цаашдаа цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийнэ гэж бодож байгаа” гэжээ.

Хаврын тэмцээний аваргууд

Макүүчи

Их аварга Хакүхо – 15-0, Миягино дэвжээ, Монгол

Жюүрёо

Шиманоүми – 13-2, Кисэ дэвжээ

Макүшита

Чюраноүми - 7-0, Кисэ дэвжээ

Санданмэ

Карацүүми – 7-0, Таманой дэвжээ

Жонидан

Роога – 7-0, Фүтагояма дэвжээ, Монгол

Жонокүчи

Тэрасэва – 7-0, Такасаго дэвжээ

Тусгай шагнал

Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал

Маэгашира -4 Ичиножёо, 14-1, Минато дэвжээ, Монгол

Кантошёо Дайчин барилдааны шагнал

Маэгашира – 7 Аойяма, Касүгано дэвжээ, Болгар

Гиношёо Уран барилдааны шагнал

Сэкивакэ Такакэйшёо, 10-5, Чиганоүра дэвжээ

Дээд зиндаа

Хакүхо 15-0   Ёкозүна   Какүрюү 10-5

Такаясү 10-5   Озэки   Гоэйдо 12-3

Точиношин 7-8   Озэки

Такакэйшёо 10-5   Сэкивакэ   Тамаваши 5-10

Митакэүми 7-8   Комүсүби   Хокүтофүжи 7-8

Кайсэй 3-12   Маэгашира-1   Эндо 7-8

Дайэйшёо 7-8   М-2   Миёогирюү 6-9

Нишикиги 4-11   М-3   Шёодай 5-10

Точиоозан 3-12   М-4  Ичиножёо 14-1

Чиёотайрюү 8-7   М-5  Ооношёо 5-10

Окиноүми 8-7   М-6   Аби 8-7

Аойяма 12-3   М-7  Такарафүжи 8-7

Асанояма 7-8   М-8  Котошёогикү 11-4

Саданоүми 5-10   М-9   Икиой 2-13

Шёохозан 7-8   М-10   Яго 6-9

Рюүдэн 10-5   М-11   Мэйсэй 9-6

Чиёонокүни гэмтэл   М-12   Ёшиказэ 10-5

Томоказэ 9-6   М-13   Кагаяки 9-6

Тэрүцүёоши 6-9   М-14   Тоёоношима 5-10

Ишиүра 6-9   М-15   Котоэко 7-8

Дайшёохо 7-8   М-16   Ютакаяма 3-12

Чиёошёома 7-8   М-17

Монгол бөхчүүд

Жюүрёо

З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-7

З-7 Азүмарюү С.Тодбилэг 8-7

З-12 Миторюү Б.Төрболд 9-6

Б-12 Араваши Э.Дөлгөөн 8-7

Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн 9-6

Макүшита

Б-3 Сэйро А.Өнөболд 6-1

Б-7 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 3-4

З-25 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-4

Б-25 Кагамио Б.Нанжид 2-4-1

Б-33 Гоочёозан Д.Ууганбаатар 5-2

Санданмэ

З-12 Саданохикари Д.Наранцогт 2-5

Б-21 Ёошёояма Б.Анхбаяр 4-3

Жонидан

Б-15 Роога А.Амарсанаа 7-0

Б-88 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-0

З-74 Дайтэнма Н.Чинзориг 5-2

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top