ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Өнөөдөр 2019.03.25. Монгол эх оронд маань нар 06 цаг 45 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 8 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр дэлхий дахинд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр. Мөн Абортод өртөж амиа алдсан хүүхдүүдийг дурсах өдөр юм байна. Түүнчлэн өнөөдөр дэлхийн нөгөө бөөрөнд ОХУ-д Соёлын ажилтнуудын өдөр, Словенид Ээжүүдийн өдөр, Беларусьт Эрх чөлөөний өдөр тохиож байна.
Өнөөдөр Английн домогт дуучин Элтон Жоны төрсөн өдөр. Тэрбээр 1947 онд төрсөн билээ. Мөн Олимпийн аварга, дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга, Украины боксчин Владимир Кличко, Америкийн дуучин Катерин МакФий,  Америкийн сагсанбөмбөгч Кайл Лаури, Нигерийн хөлбөмбөгч Виктор Обинна, Английн хөлбөмбөгч Скотт Синклейр зэрэг алдартан өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал,  1917 оны энэ өдөр Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.

Тэгвэл энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал, 1918 оны энэ өдөр Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагджээ. 1957 оны энэ өдөр Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгуулав. 1969 оны энэ өдөр Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ. 1979 оны энэ өдөр АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрчээ. 1988 оны энэ өдөр Братислав хотод Чехословакийн коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулж байв.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр хумхын ордныхон эрч хүч, эерэг энергиэр дүүрэн байна. Тэгвэл хонины ордныхон өөртөө тун итгэлтэй байна. Гэхдээ та өөртөө итгэх байдлаа хэтрүүлж, түрэмгий зан гаргаж болохгүй. Харин жинлүүрийнхэн өнөөдөр бусдын гуйлтад цааргалалгүй туслаарай.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна. Үхэр, могой жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр гэрээ хэлцэл, найр хурим хийх,  бэр гуйхад сайн. Харин мал муулах, байшингийн суурь тавих, мод суулгах зэргийг хийхээс татгалзаарай. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top