“Глобалчлал 4.0 нь хаалга тогшоод ирэх үед бид бэлтгэл багатай байна”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

“Глобалчлал буюу Даяаршил 4.0” гэсэн сэдэв 2019 оны Давосын анхаарал татсан сэдэв байсан билээ.  Тэгвэл чухам яг юуг хэлэлцэж, юунд төвлөрснийг судлаачдын байр сууриас эшлэн хүргэж байна. “Даяаршил 4.0”-ийг лавшруулж ойлгохын тулд эхлээд глобалчлал болон глобализм гэсэн хоёр ойлголтыг тодруулж тайлбарлах ёстой ажээ. Глобалчлал нь технологийн шинэчлэл, хүмүүсийн үзэл санаа, санаачлагаас үүдэлтэйгээр дэлхий хавтгай болох үзэгдэл бол  глобализм гэдэг нь неолиберал идеологи буюу дэлхий нийтийн эрх ашгийг өөрийн улс орны эрх ашгаас түрүүнд тавих явдал. Санхүүгийн хямралын үр дүнд дэлхий нийтийг засаглалын бүтэцдээ эргэлзэхэд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, олон нийт, иргэд улсынхаа эрх мэдлийг эргүүлэн авч, нэгдмэл урсгалаас гарч, дэлхийн хамтын ажиллагаанд бие даасан байдлыг хангахыг эрмэлзэх болсон аж. Гэхдээ үүнийг протекционист бодлого, үндсэрхэг улс төртэй хэрхэвч хольж ойлгож болохгүй. Эсрэгээрээ  иргэдийн энэхүү хүсэл эрмэлзэлд тулгуурлаж, улс орны бие даасан байдлыг хадгалах зарчмаар олон улсын хамтын ажиллагааг ханган өргөжүүлж, удирдагчид иргэдтэйгээ нэг зүгт хандахуйц бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх нь зохистой юм.

Цаашлаад технологийн дэвшил нь аж үйлдвэрийн 4 дүгээр  хувьсгал (АүХ4) гэгчийг бий болгож байна. Өнөө цагт экологи, олон талт худалдаа, тэгш байдлыг онцгойлон анхаарах боллоо. Эдгээр нь глобалчлалын шинэ эрин үе рүү чиглүүлж байна. Ялангуяа, чөлөөт эдийн засгийн өрсөлдөөн нь тэгш бус байдлыг бий болгож байхад АүХ4 хэмээх бизнесийн загварыг шийдэл хэмээн харж байгаа.

Тэгш бус байдлыг арилгахын тулд бид бүхэн инноваци бүхий эдийн засгийг хүлээн зөвшөөрч, олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд олон улсад шинэ норм, стандарт, бодлого, конвенцуудын шаардлагыг бий болгож байна. Глобалчлал 4.0 нь үүд хаалга тогшоод ирэх үед бид бэлтгэл багатай байна. Тиймээс ч хоцрогдсон сэтгэлгээг халж, өнөөгийн замбараагүй байдал цаашид үргэлжлэхээс сэргийлэх, шинэ боломжуудыг суурь болгох зарчмыг үгүйлж байна. Бид бүхэн шинэ чиг хандлагыг эдийн засагт хөгжүүлэхдээ ялагч, ялагдагчтай тоглоом (zero sum game) биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь чөлөөт худалдаа ба протекционизм, технологи ба ажлын байр, цагаачлал ба иргэдийн хамгаалал, хөгжил ба тэгш бус байдал гэсэн ялгааны тухай биш юм. Энэ нь илүүтэй бүх талын ашиг сонирхлыг харгалзаж үзэх “эсвэл” гэсэн үгнээс илүүтэй “хамтаар” гэсэн агуулгатай байх тухай ойлголт ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top