2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсан хилийн чинадад, учир битүүлгээр амиа алдсан байдаг. Талийгаачийн дүү Б.Дансал ахынх нь үхэлтэй холбоотой эргэлзээ дагуулсан олон асуудал байдаг гэдгийг он цагтай нь, хамаарах хүмүүсийнх нь нэр устай хэлдэг.
АТГ-ын тав дахь даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй энэ үед анхны даргынх нь амиа алдсан үйл явцыг, тухайн үеийн нөхцөл байдлыг нэхэн сануулах үүднээс талийгаачийн дүү Б.Дансалтай ярилцлаа.
-Таны ах Б.Дангаасүрэн агсан амиа алдсанаас хойш 13 дахь жилээ дамнаж байна. Эдгээр жилүүдэд Авлигатай тэмцэх газар /АТГ/ хэд хэдэн даргын нүүр үзлээ. Энэ өдрүүдэд ч дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Таны хувьд энэ газартай том сэжимээр холбогдохын хувьд үйл явцыг нь үргэлж харж, анзаарч байдаг болов уу?
-2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд АТГ-ын статус УИХ-аар орж батлагдсан шүү дээ. Тэр өдөр манай ах анхны даргаар нь томилогдсон. 2007 оны аравдугаар 25-нд амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө буюу 7-ны өдөр АТГ мөрдөн байцаах эрхээ авсан байдаг юм. Ах АТГ-ын даргаар томилогдоод нэг жил ч хүрээгүй Австралийн Сидней хотод бурхан болсон.
АТГ бол Монгол Улсад, ялангуяа зах зээлийн нийгэмд байх ёстой, ажиллах ёстой бүтэц гэж боддог. Гэхдээ сүүлийн үед өрнөөд байгаа үйл явцуудыг гаднаас нь ажиглаж байхад улс төрийн айхтар давалгаан дотор энэ байгууллагыг удирдаж авч явна гэхэд хэцүү болсон байна. Сүүлийн томилогдсон дарга нар дандаа л хүний хараан дор, нөлөөн дор ажиллаж байна. Ахыг амиа алдсаны дараа Ч.Сангарагчаа томилогдсон. 2.6 жилийн ял аваад таслагдсан. Түүний дараа томилогдсон Н.Ганболд мөн л дарамтан дор тэтгэвэртээ гарах нэрийдлээр ажлаа өгсөн. АТГ-ын дөрөв дэх даргаар ЗЦГ-ын дарга байсан Х.Энхжаргал томилогдсон. Энэ хүмүүстэй уулзаж, ярилцаж л байсан. Ер нь энэ албыг авч явна гэдэг өнөө цагт их хүнд ажил шиг байгаа юм. Ч.Сангарагчаа даргаас хойшхи дарга нарыг хараад байхад дандаа хүний үгээр ажлаа хийж байгаа нь ажиглагдаад байгаа. АТГ-ын дэд дарга гурван удаа солигдсон. Анхны дэд дарга Д.Сундуйсүрэн гэж мундаг хүн байсан.
Ахыг ажиллаж байх үед Тамгын хэлтсийн дарга нь Д.Алтангэрэл гэж хүн байсан. АТГ-ын нэр хүндийг анх унагасан хүн бол энэ Д.Алтангэрэл, Дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтуяа нарын хүмүүс. Тэд 2007 оны аравдугаар сарын 25-ны өглөө Монгол Улсын төрд мэдээлэл өгөхдөө худлаа мэдээлж байснаас асуудал эхэлдэг л дээ.
Тэр үед ахаас гадна АТГ-аас таван хүн явсан байдаг юм. Дээр нь төслийн удирдагч, орчуулагч А.Өлзийбаяр гэдэг эмэгтэй, тагнуулаас н.Хурц гэж хүн хамт явсан байдаг. Эндээс аравдугаар сарын 22-нд нисч, 22-ныхоо орой Сөүлд хоносон. 23-ны орой Сиднейд очоод, 24-нд анхны хуралдаа бүгдээрээ орсон. Тэгээд л 24-25-нд шилжих шөнө, 25-ны үүрээр ах бурхан болсон байдаг юм. Харин Д.Алтангэрэл, Б.Энхтуяа нар Монгол руу мэдээлэл өгөхдөө худлаа ярьсан. Тэндээс эхлээд л АТГ хүнийг айлгадаг, хорьдог, цагддаг буруу дэглэм, буруу жишиг рүү явчихсан. Уг нь Монголын улс төр, эдийн засагт зөв зүйтэй ажил хийх юм бол АТГ шиг их ажилтай газар байхгүй баймаар. Шударга ажиллах юм бол тэднийх шиг нэр хүндтэй байгууллага байхгүй баймаар шүү дээ.
-Уг нь тийм. Гэвч илүү эрх мэдэлтэйгээс нь хамаарч ажиллаж байна гэсэн шүүмж үргэлж л АТГ-ыг дагаж байна. Ахыг тань АТГ-ын даргаар томилж байсан үеийн улс төрийн нөхцөл байдлыг, нөлөөллийг эргэн саная л даа. Миний сонсож байснаар таны ахыг 200 хуульчаас шалгаруулж, нэрийг нь дэвшүүлсэн гэдэг юм билээ?
-2006-2007 он гэдэг чинь УИХ-ын даргаар Ц.Нямдорж, Ерөнхий сайдаар Сү.Батболд, Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Хүмүүс надаас “Танай ахыг чинь авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс зохион байгуулалттайгаар алчихсан юм биш үү” гэж асуудаг л даа. Миний бодлоор тэр олон хуульчаас шигшиж тавьсан хүнээ хорлох, сүйрүүлэх ажлыг хийгээгүй байх. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа 2006 онд 200 гаруй хуульчаас шигшиж, материалтай нь танилцаад, бараг хоёр гурван сар судалсан байдаг юм. Тэгж байж даргаар ажиллах боломжтой хүн гэж тавьчихаад, эргүүлээд тэр хүнийгээ хорооно гэж бодохгүй л байна.
Гэхдээ зохион байгуулалттайгаар амийг нь хөнөөсөн. Хэзээ нэгэн цагт мэдэгдэнэ, баригдана. Ер нь Монголд шударга байгаа хүмүүсээ цаг бусаар явуулдаг. Ахыг нас барсны дараа Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч, Гавьяат хуульч Н.Төрбат ах, М.Зэнээ, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, О.Дашбалбар бурхан болсон. Олон хүнийг нэрлэж болно л доо. Яагаад энэ хүмүүс зүгээр байж байгаад яваад байдаг юм. УИХ-ын дарга байсан Б.Энэбиш гуай ч гэнэтхэн л явчихсан шүү дээ. Одоогийн энэ мэдээллүүдтэй, нөхцөл байдалтай харьцуулаад үзэхэд тэр хүмүүс дандаа л гэмт бүлэглэлүүдийн золиос болсон юм шиг санагддаг. Ийм зүйлийг цаашид таслан зогсоох хэрэгтэй.
-Ахын тань үхлийн шалтгааныг тодруулах шүүхийн шинжилгээний дүгнэлт Австрали, Монголд өөр өөр гарсан нь яах аргагүй анхаарал татдаг. Энэ талаар ярихаас өмнө 2007 онд Австралид болсон үйл явдлыг уншигчдад эргэн сануулах хэрэгтэй болов уу?
-Өнгөрсөн жилүүдэд миний хувьд, манай төрөл төрөгсдийн хувьд эргэлзээ дагуулсан хэд хэдэн асуудал байсаар ирсэн тул холбогдох газруудад хандсаар ирсэн юм. Нэгдүгээр асуудал нь ахыг нас барсан тэр өдөр Австралиас Монголын төрд мэдээлэл өгсөн байдаг. Тухайн үед ахтай хамт явсан хүмүүсийн нэг болох Дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтуяа Монгол руу, АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнд мэдээлэл өгөхдөө “Дарга өнгөрсөн шөнө зочид буудалд харамсалтайгаар нас барлаа” гэсэн байдаг. Гэтэл 9 хоногийн дараа намайг Сиднейд очиход зочид буудалд ерөөсөө байрлаагүй, хувь айлд аваачиж хаясан байсан. Тэднийг очихоос 7 хоногийн өмнө АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл зочид буудалд байрлах гэрээг факс илгээж цуцалсан байдаг. Зочид буудалд байрлах захиалгаа цуцласан гэдгээ тухайн үедээ ахад болон бусад хүмүүстээ мэдэгдээгүй. Улаанбаатараас нисээд Сөүлд хонох шөнөө “Бид одоо очоод буудал байхгүй шүү. Хоёр айл бэлдчихсэн, тэнд гурав, гурваараа очно” гэж хэлсэн байгаа юм. Ахын тухайд бие нь жаахан эвгүйцэж “Та нар тэр хувь айлдаа байдаг юм байгаа биз. Би бол зочид буудалд байна” гэж байсан байдаг. Гэвч яваад очсон, онгоцноос буусан, зочид буудалд байрлах ямар ч бололцоогүй. Нэгэнт цуцалсан учраас хүлээн авах боломж байхгүй гэсэн. Тэгээд л хоёр өөр айлд гурав гурваараа байрласан байдаг юм.
Д.Алтангэрэл гэж хүн зочид буудалд байрлах захиалгыг цуцалсан байж болно. Гэхдээ хамт явж байгаа багийн ахлагч юм уу, газрынхаа даргатай зөвшилцөх ёстой. Тэр Д.Алтангэрэл бол надтай уулзахгүй зугтаадаг юм. Одоог хүртэл надтай уулзаагүй. За тэдэн цагт уулзъя, аяга кофе ууж байгаад сэтгэлээ онгойтол яръя гэхэд л байдаггүй юм.
-Олон улсын хурал зөвлөгөөнд Монгол Улсаа төлөөлж оролцсон хүмүүст зочид буудалд байрлах төсөв мөнгө байсан л баймаар юм...
-Д.Алтангэрэл гэж хүн надтай огт уулзахгүй зугтаагаад байхаар ямар ч хүнд хар төрүүлнэ шүү дээ. За яахав очоод хувь айлд янз бүрийн байдлаар байлгасан байж болно. Гэхдээ бид мөнгө хэмнэх зорилгоор айлд байлгасан гэж ярьдаггүй юм. Тэр Д.Алтангэрэл гэж хүн Олон улсын хурлын төлөөлөгчдийн байрыг ямар үндэслэлээр дур мэдэн ганцаараа цуцалчихаад хэлэхгүй байж байгаад, Өмнөд Солонгост очоод хэлдэг байна. Тэр Б.Энхтуяа гэж хүн бол худлаа хэлсэн. Д.Алтангэрэл бол зочид буудлыг цуцалсан.
-Манай талд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт дээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын намаас УИХ-д дэвшиж байсан Л.Жамбалжав эмч гарын үсэг зурсан байдаг. Ахын тань цогцосыг Монголд авчраагүй байхад урьдчилаад дүгнэлт гаргачихсан гэдэг нь яг ямар учиртай юм бэ?
-Эргэлзээ дагуулдаг бас нэг нөхцөл юу вэ гэхээр цогцос Монголд ирэхдээ бүрэн бүтэн гэж протоколдсон бичиг ирсэн байдаг. Би 2007 оны арванэгдүгээр сарын 3-нд Улаанбаатарт ирсэн. Арваннэгдүгээр сарын 4-нд цогцост шинжилгээ хийсэн. Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Л.Жамбалжав эмчтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй баг шинжилгээ хийсэн. Тэгэхэд хоёр нүдийг нь ухаж авсан, 4-5 хавирга хугарсан байдалтай байсан. Австралийн талын задлан шинжилгээ бол элэг, бөөр, зүрх, дэлүү гэсэн 7-8 зүйл дээр хийгдсэн байсан. Дээж авч, шинжилсэн хэсгүүдээ бүгдийг нь тусгай хар уутанд хийгээд, хэвлийд нь хийгээд оёчихсон байсан. Тэр битгий хэл гавлын ясыг нь 100 хувь нээж, дотроос нь тархийг нь салгасан. Сүүлд мэдэхэд, тусгай шар өнгөтэй цэнхэр голчтой ногоон шар хуванцараар нүдийг орлуулж хийсэн. Тархиных нь оронд цаас гэхчлэн янз бүрийн юм чихээд, тархийг нь суулгаж өгсөн байгаа юм. Энэ талаар асуухаар манайд нүдний талаар мэдээлэх боломж байхгүй гээд хэлдэггүй юм. Би хоёр удаа бичиг явуулж байсан. Бидэнд өгөх тодорхой мэдээлэл байхгүй гээд хэлдэггүй.
Дахиад хэлье. Би Австралиас 2007 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монголд ирсэн. Ахын цогцосыг аваад Буянт-Ухаад буусан шүү дээ. Монголын төр өөрсдөө хүлээж авсан. Л.Жамбалжав ахлагчтай манай Засгийн газрын комиссын акт 11 дүгээр сарын 1-ний өдөр гарсан байдаг юм. Хар төрүүлэхээс өөр арга байхгүй л дээ. Л.Жамбалжав чинь надтай их маргадаг байсан юм.
-Өөрсдийн гаргасан актаа зөв гэж үү...
-Л.Жамбалжав эмч МАХН-ын Удирдах зөвлөлд байсан юм байна лээ шүү дээ. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Нэг орой телевиз харж байтал Л.Жамбалжав гарч байна. Тэгсэн зарим нэг хэвлэлээс над руу яриад “Таньтай бараг байлдаан зарладаг Л.Жамбалжав чинь УИХ-д дэвшиж байгаа юм байна” гэж миний байр суурийг сонирхож байна. Би маргааш нь хоёр гурван телевизэд яриа өгсөн юм. Нэг хүний нас барсан шалтгаан тодорхойлж чадахгүй хүн Монгол Улсын төрд ороод, ард түмнийг төлөөлж УИХ-ын гишүүн болно гэж байхгүй. Чи нэрээ татвал таарна, ичдэггүй юм уу чи” гэж ярилцлага өгсөн юм. Тэгээд сонгууль дууссан. Мань эр 800 гаруй хүний санал авсан байна лээ. Тэгээд л “Чамаас болж УИХ-д очоогүй” гэнэ. Хааяа утсаар ярина. Алдсан хүн арван тамтай гэгчээр та бид хоёрын яриа урьд нь ингээд цэгцлэгдчих байсан. Та буруу акт гаргасан юм уу. Ер нь хариуцлагагүй хандсандаа ард түмнээсээ уучлалт гуйчих ёстой байсан. Тэгвэл би таны өмнө сонин сонин юм яриад, таныг хүнд байдалд оруулаад яваад байхгүй ээ гэсэн л дээ. Мань эр бол арванэгдүгээр сарын 1-ний өдөр бид задлан хийсэн, яах аргагүй хийсэн гэж надтай маргаж байсан юм.
Би хоёр гурван жил чимээгүй явсан юм. Тэгээд дараа нь Улсын Прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Болд гэж нөхөртэй очиж уулзсан. Прокурор чинь ямар нэг хэрэгт хяналт тавьдаг газар гэсэн. Тэгвэл би хүсэлт тавьж байна, хяналтаа тавиад шалгаад өгөөч гээд Л.Жамбалжав нарын гаргасан актыг үзүүлсэн. 2007 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр манай ахын цогцост задлан хийсэн гэсэн комиссын дүгнэлт гаргаад, бүгдээрээ гарын үсэг зураад, бүгдээрээ хувийнхаа тэмдгийг дарсан байдаг юм. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шинжилгээ хийж дараах дүгнэлтийг гаргалаа гэсэн байдаг. Би үүнийг санаанаасаа зохиож яриагүй юм. Бүгдээрээ өөрсдөө хувийнхаа тамга тэмдгийг дарсан байдаг. Тиймээс би прокурор дээр очиж уулзаад юу хэлсэн бэ гэхээр Улаанбаатараас Бээжин, Бээжин Сидней, Сиднейгээс Сөүл Улаанбаатарт ирсэн онгоцныхоо тийзийг үзүүлсэн. Та нар намайг гүтгэж болноо. Гэхдээ би олон улсын нислэгээр УИХ-ын Тамгын газраас яв гэсний дагуу явсан, ирсэн. Ийм л зүйл болсон гээд бүх зүйлээ хэлсэн чинь их гайхаж байгаа юм л даа. Тэгэхээр нь би “Та нар гайхаад байх юм ерөөсөө байхгүй. Иргэн хүн үг хэлж байхад та нар хүлээж авах ёстой. Дарга байна уу, малчин байна уу, тариаланч байна уу, Монгол Улсын иргэн хүн ямар нэгэн хүсэлт гаргахад та бүхэн хүлээж авах ёстой” гэж хэлсэн. Аргаа бараад та нар ерөөсөө хүнд итгэдэггүй юм байна, үгүй бол та нар суудлаа өг, дарга хийхээ боль, залуучуудад наад ажлаа шилжүүл гэсэн л дээ. Би чинь эд нартай их хэрэлддэг юм. Шинжилсэн дүгнэлтийг үзүүлээд, онгоцныхоо тийзийг үзүүлэхэд шал өөр байдалтай болж байгаа байхгүй юу. Гэсэн ч тэгээд ямар нэг шийдэлгүй, тодорхой хариугүй өдийг хүрсэн.
-Австралийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр уургийн дутагдлаар амиа алдсан гэж дүгнэлт гаргасан байдаг гэсэн. Австралийн хууль хяналтын байгууллагаас таны ахын үхэлтэй холбоотойгоор шалгаж нягталсан зүйл байдаг уу?
-Манай улсыг хариуцсан өргөмжит консул Петр Слоан гэж өвгөн байсан. Тэр хүн уг хэрэг явдал болоход Монгол Улсыг, намайг төлөөлөөд хоёр гурван ч удаа зуу, зуун доллар төлж, өргөдөл гомдол гаргасан байдаг юм. Өмнөд Уэльсийн шинжилгээний төв, задлан хийсэн эмнэлэг, мөн ахыг аваачиж үзүүлж байсан Гэгээн Винсентийн эмнэлэг гэх мэт олон газруудаар явж, удирдах хүмүүстэй нь уулзаж байсан байдаг. Манайхан болохоор зүгээр ингээд л маргаад яваад байгаа юм. Тэнд бол өргөдөл гомдол олон гаргасан. Австралийн талаас ирсэн албан бичиг дээр байдаг юм. Нэгдүгээрт, задлан шинжилгээнд оруулахад танай төлөөлөгчдөөс оролцох хүн байна уу гэж асуусан. Бүгдээрээ гадаа коридорт байсан. Нэг нь ч оролцоогүй гэж байгаа юм. Миний толгой өвддөг, би даралт ихтэй, би зүрхний өвчтэй гээд хэн нь ч ороогүй байдаг юм. Хамт яваад орчихсон бол арай өөр л байх байсан байх даа гэж би дотроо боддог.
Уургийн дутагдал гэдгийн тухайд, хүний бие организмд 8 амин хүчил байдаг. Би өөрөө хүнсний таваар судлалын багш, 40 гаруй жил хийж байгаа хүн. Хүний уураг бол хүчтэй хордуулагчийн нөлөөгөөр л задарна. Зүгээр байж байгаад задрахгүй шүү дээ. Дандаа амин дэм, хоол тэжээлээр баяжиж явдаг зүйл. Тэнд маш өчүүхэн хэсгийн ч юм уу, хортой зүйл ороход хүн дуусна шүү дээ. Миний хувьд маш богино хугацаанд явагдсан зүйл байна гэж боддог.
-Австралийн дүгнэлтийн тухайд аливаа нөхцөл байдлаас хараат бус дүгнэлт гарсан гэдэг итгэл үнэмшил танд байдаг уу?
-Австралийн дүгнэлтийн тухайд Петр Слоун гуай бидний өмнөөс өөрөө өргөдөл гаргасан. Англи хэл дээрх дүгнэлтийг би өөрөө орчуулж болохгүй. Засгийн газрын тусгай референтүүд хууль хяналтын байгууллагын нөлөөн дор орчуулдаг юм байна лээ. Тухайн үед Засгийн газрын референт байсан, одоо Тагнуулын газрын дэд даргаар очсон Ж.Донжчинбуу тодорхой хүмүүсээр орчуулуулж надад өгсөн. Гадны дүгнэлт бол маш нарийн үздэг юм байна.
-4-5 хавирга хугарсан байсан гэхээр чухам яг юу болсон юм бол гэж бодоход хүргэж байна...
-Хүний бие организм, анатоми гэдэг чинь маш нарийн зүйл. Тодорхой хэмжээний хүч очиход хавирга бол яах ч үгүй. Тэрнээс давсан хүч очиж байж хүний хавирга хугарна гэсэн үг шүү дээ. Австрали Монголын хооронд зорчигч тээврийн онгоц гэж байхгүй. Засгийн газар, УИХ хоорондоо яриад олон улсын стандартын дагуу гурван давхар хайрцагт цогцсыг хийнэ гэсэн. Хамгийн гадна талд нь цаасан хайрцаг. Барааны чанартай оруулж ирж байгаа байхгүй юу. Нэгэнт хайрцаглачихсан бие цогцос бол хугарч гэмтэнэ гэж байхгүй. Манай энэ нөхдүүдийн ярьж буйгаар бол тэнд айлд байж байгаад бурхан болсон байгаа шүү дээ. Хамт явсан улсууд нь юм уу, гэрийн эзэд нь юм уу массаж хийсэн гэж байгаа юм. Массажийг буруу хийхэд хавирга хугармааргүй юм. Л.Жамбалжав эгч тэгдэг л юм байна лээ. Яах аргагүй 4-5 хавирга хугарсныг Австралийн тал ч, манай шүүх эмнэлгийн дүгнэлтэд ч гэсэн оруулж өгсөн байдаг.
Австралийн өмнөд Уэльсийн хуулиар бие барсан цогцсыг цагийн дотор хотоос гаргах ёстой гэдэг юм байна лээ. Тийм аюултай хуультай юм билээ. Зүгээр 60-70 км биш, 160 км-ийн цаана аваачдаг юм байна. Би очсоныхоо маргааш Петр Слоун гэж өргөмжит консултай цуг шарил хадгалах газар очсон. Тэгэхэд тусгай тавцан дээр хайрцагт хийгээд тавьчихсан костьюм пиджак, зангиатай, үсийг нь самнаад, нүүрийг нь янзлаад, бүр гоо сайханд оруулчихсан юм шиг, унтаж байгаа хүн ямар байдаг вэ. Тийм байдалтай болгосон байсан. Намайг тэр үед очиход нүд нь байхгүй байсан юм байна лээ.
Би тэрийг тухайн үед мэдэхийн арга байхгүй. Зарим нь намайг та бараг л амыг нь татаж үзээд шүд нь байна уу, зовхийг нь сөхөж үзээд нүд нь байна уу гэж үзэхгүй яасан юм бэ гэдэг юм. Ямар ч монгол хүн тэгнэ гэж байхгүй шүү дээ. Тэгж хямарсан үед тэгээд үзэж байх сэтгэл зүй ч байхгүй. Тэр үедээ л хуванцраар орлуулаад хийчихсэн байгаа байхгүй юу. Хийгээгүй байсан бол мэдэгдэнэ шүү дээ. Тэр үед л бүгдийг нь хийгээд засаад янзалчихсан байсан байдаг. Олон улсын стандартын дагуу засч янзлах ёстой байдаг юм байна лээ.
-Та ахтайгаа хамт Сидней явсан хүмүүстэй нүүр тулж уулзаад, үгийг нь сонсоод, сэтгэлээ нэг дэвтээчих гээд чадаагүй тухайгаа 2 жилийн өмнө ярьж байсан шүү дээ. Сидней рүү хамт явсан хүмүүсийг нь хуулийн байгууллагаас шалгасан асуудал бий юу?
-Үгүй. Прокурорын байгууллага хүсэлт аваад шалгах ёстой ч, тэгээгүй. Харин АТГ-ын дотоодын хяналт шалгалтыг Д.Сундуйсүрэн дарга маш сайн хийсэн. Д.Сундуйсүрэн надад бичиг өгсөн байдаг. Хамт явсан улсууд ёсзүйн алдаа гаргасан, төрийн өндөр албан тушаалтантай хамт явж байж биеийн эрүүл мэндийн байдлыг харж үзээгүй ч байдаг юм уу, янз бүрийн худал мэдүүлэг өгч байсан ч гэдэг юм уу, тэр байдлыг нь харгалзан үзэж, Д.Алтангэрэл, Х.Доржпалам хоёрыг нэг өдөр нэг тушаалаар ажлаас нь халсан. Б.Энхтуяа, Х.Гунгаа хоёрыг цалингийн тодорхой хувиар хасах шийтгэл оногдуулсан. Д.Сундуйсүрэн үндсэндээ 10 сар гаруй АТГ-ын даргыг орлож ажилласан. 2008 оны арванхоёрдугаар сарын 28 -нд бүтэн жилийн дараа дараагийн даргыг нь томилсон байдаг.
Ахтай хамт явсан хүмүүстэй уулзъя гэхээр уулздаггүй. Надаас зугтаагаад байдаг. Ер нь тэдэнтэй уулзаад ч нэмэргүй байх. Би тэдэнтэй уулзуулаад өгөөч гэж Прокурорт хандахад, манайх хүмүүсийг уулзуулдаг газар биш гэж хариу өгч байсан.
-Эргэлзээ дагуулсан асуудлууд цөөнгүйг та түрүүн хэлсэн. Тодруулж хэлээч?
-Хүн ямар нэг сэжиг харгүйгээр энэ хорвоог орхих ёстой шүү дээ. Худлаа мэдээлэл Монгол руу өгсөн Б.Энхтуяа гэж хүнээс энэ талаар тодруулж, шалгах ёстой байдаг юм. Мөн Сиднейд очиж байрлаж байсан айлын эзэгтэй Гомбожавын Эрдэнэцэцэг гэж эмэгтэй “дарга зочид буудалд байж байхад бид хүндэтгэж гэртээ цай уулгах гэж авчирсан юм аа” гэж надад худлаа ярьж байсан. Би явахынхаа өмнөх өдөр уулзаад “чи яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ” гэсэн чинь дуугарахгүй байсан. Хүнд хар төрүүлж байгаа юм л даа. Тэднийд коллежийн охин байсан. Тэр хүүхэд шөнө 3-4 цаг хүртэл хичээл номоо давтдаг юм байна л даа. Тэгэхэд ах шөнө унтаж байсан өрөөнөөсөө босоод 3-4 удаа нойлд орсон байгаа юм. Хана түшээд нэлээн ядрангуй байдалтай байсан гэдэг. Тэгэхэд ээж аавдаа хэлээгүй байгаа юм. Мөн задлангийн хариу хоёр өөр гарсан явдал.
Австралийн мөрдөн байцаагч залуу надаас “Танай ах ямар нэг байдлаар өөрийгөө хорлох үйл ажиллагаа явуулж байсан уу” гэж асууж байсан. Яагаад тэр хүн тэгж асуух болсныг би мэдэхгүй шүү дээ. Тийм газрын нарийн мэргэшсэн мөрдөн байцаагч хүн яахаараа надаас тийм зүйлийг асуух сэжим байсан юм бол гэж би дотроо боддог.
-Эрүүл мэндийн байдлын улмаас биш жам ёсны бус нөхцөл байдлаар амиа алдсан шинж тэмдэг байсан болохоор тэгж асуусан юм болов уу?
-Тийм утга санаа байдаг юм уу, эсвэл хүчтэй хордуулагчийн улмаас амьсгал нь боогдсон ч байдаг юм уу, Янз бүрийн юм байж болно шүү дээ. Саяны миний ярьсан 6-7 зүйлийг тодруулаад, Б.Энхтуяа гэж хүн тийм шалтгааны улмаас зочид буудалд нас барсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Тийм шалтгааны улмаас зочид буудалд байрлаагүй, тэр хүмүүсийг хоёр айлд хувааж байрлуулсан байна. Тэрнээс болж энэ хүн амиа алдсан ч гэдэг юм уу. Миний асуусан асуултад бодитой хариултыг Монголын төр өгчих юм бол би ингээд хэлж яриад байх шаардлага байхгүй.
-Та үе үеийн төр засгийн удирдлагуудад хандсан байдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчид хандсан уу?
-Х.Баттулга Ерөнхийлөгчид өөрийн хүсэлтээ илгээх гэсэн боловч янз бүрийн шалтгаанаас болоод явуулахгүй байгаа. Ер нь Монголын төрд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, хууль хяналтын байгууллагуудад шударга ажилладаг хүн байхгүй болж.
Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад хандсан. Н.Энхбаяр хүлээж аваагүй, хуулийн зөвлөхтэйгөө уулзуулсан. Н.Энхбаяртай, Ц.Элбэгдорж даргатай уулзах гэж хоёр удаа очсон. Дандаа ажилтай байсан. Хуулийн хэлтсийн дарга байсан Г.Ганзоригтой уулзаж байсан. УЕП М.Алтанхуягт хандаж байсан. С.Баярыг Ерөнхий сайд байхад хандаж байсан. Монгол Улсын гурван Ерөнхийлөгч, гурван УИХ-ын дарга, Гадаад харилцааны дөрвөн сайдад хандсан. Наад асуудлаар чинь дорвитой арга хэмжээ авна гэж ярьдаг боловч, ер арга хэмжээ авдаггүй. Худлаа ярьсаар байгаад 2019 онтой золгож байна шүү дээ.
Шат шатны байгууллага Нийслэлийн прокурорын газар хандсан. Энэ хэргийг хянаж шалгасан хүн бол тухайн үед НП-ын Хяналтын прокурор С.Хишигжаргал гэж эмэгтэй байсан. Уншиж танилцаад хэргийг хаасан байдаг. УМБГ-ын ахлах мөрдөн байцаагч Отгонбаяр гэдэг залуу мөрдөж байсан юм байна лээ.
БИ НАС БАРААГҮЙ, АМЬД БАЙНА
-Б.Дангаасүрэн агсны дүү Б.Дансал нас бараагүй, амьд гэх мэдээлэл телевизээр гарч байсан. Энэ яг ямар учиртай зүйл болсон юм бэ?
-Сэтгүүлч Г.Жамъян гуай “Барууны тэжээврүүд” номынхоо 63 дугаар хуудаст “Ахынхаа хэргийн талаар олон жил олон удаа төр засгийн удирдагчид болон хууль хяналтын байгууллагынхантай уулзаж явахдаа дандаа хад мөргөж байсан. Б.Дансал зуурдаар нас барж энэ хэрэг хав дарагдсан” гэж бичсэн байдаг. Би чухам яагаад ингэж бичих болсныг нь тодруулахаар Г.Жамъян гуайтай ажил дээр нь очиж уулзаж байсан. Өрөөнд нь яваад орсон “Чи Дансал мөн үү” гэж байна. Би “Мөн. Би чинь үхчихсэн хүн ш дээ” гэсэн чинь гайхаад байсан. Бид уулзаад, гар бариад, жаахан ярилцаад, үүнийг нэг тодотгоё л гэсэн. Г.Жамъян гуай хэлэхдээ “Нэг сонин дээр чамайг нас барсан гээд дөрвөлжин хүрээн дотор овог нэртэй чинь биччихсэн байсан. Манай хөгшин бид хоёр сонин эмхэлж явахдаа таараад ийм сайн хүүхэд нас барчих гэж дээ ярьж байсан. Тэр сонинг аваад ажил дээр чинь нэг өдөр очно гэсэн байхгүй. 3 жил болоход тэр сонинг надад харуулаагүй л байна.
Өнгөрсөн жил сонинд өгсөн ярилцлагадаа “Би Дансалтайгаа очиж уулзаад уучлалт гуйна, эвгүй юм болсон” гэж өөрөө ярьсан байна лээ.
Намайг нас барсан ахынхаа тухай болох бүтэхгүй юм донгосоод яваад байх юм. Нас барсан гээд ард түмний дунд зарлачихвал сонин хэвлэлээр олон яриад байхгүй, дуугүй байна гэж үзсэн л байх гэж би дотроо боддог юм. Би нас бараагүй, амьд л байна.
-Та ер нь ахтайгаа нарийн ширийн зүйл хэр ярьдаг байв. Улс төрийн чанартай юм уу, ажилтай нь холбоотой ч юм уу?
-Өө тийм юм ярихгүй. Зүгээр л ахуй амьдралын тухай ярина уу гэхээс улс төр, ажлын тухай бид хоёр ярьж байгаагүй. Зүгээр яахав, ахыг санал болгоход Ерөнхийлөгчид нөлөөлсөн хүмүүс байдаг юм. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гэж хүнийг та нар сайн мэдэж байгаа. Ж.Бямбадорж ярьж байсан л даа. “АТГ-ын даргаар ахыг чинь очуулахад би нэлээн хүчилсэн, Ерөнхийлөгчид санал тавьж байсан. Би одоо буруу юм хийв үү дээ гэж өөртөө боддог. Чи надад гомдож барихгүй биз дээ” гэж надаас асууж байсан л даа. Тэрэнд гомдоод байх юм байхгүй шүү дээ. Ж.Бямбадорж бид хоёрын хувьд хамт нэг онд, нэг жил Ховд аймгийн төвийн 10 жилийг төгссөн хоёр.
-Таны ах АТГ-ын даргын хувиар бичсэн ил захидал тухайн үед ихээхэн анхаарал татаж байсан. Захидалдаа үр хүүхдүүддээ шударга нийгмийг өвлүүлэхийн тулд хэн нэгэнд тал засалгүйгээр авлигыг таслан зогсоохыг уриалсан байдаг...
-Монголд 21 дүгээр зууны эхээр шинэ тутам газар байгуулагдаж байлаа. Ер нь ийм газрын үйл ажиллагаа ямар байх ёстой вэ, хэрхэн ажиллах ёстой юм гэхчлэн асуудлуудыг тодорхой судласан судлаачид, тэр талаар өндөр мэдлэгтэй сэтгүүлчид тухайн үед Монголд нэг их байгаагүй байх гэж боддог. Тийм ч учраас хүмүүс АТГ-ыг янз бүрээр л ярьдаг. Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй л ажил байгаа байх.
2006 оны арванхоёрдугаар дугаар сард АТГ байгуулагдахад, өөрийн гэсэн байр байгаагүй. Эхлээд тав, зургуулханаа л байсан. 2007 он гараад, цагаан сар өнгөрөөд хуучин “Улаан од” сонины байрыг өгсөн. Тэр байрыг 8 сар өнгөртөл засч янзалж, 9 сард ч байна уу, нүүж орсон. Анх бол Онцгой байдлын газрын нэгдүгээр давхрын баруун жигүүрт хоёр гурван өрөөнд байдаг байсан юм билээ. Би ямар очиж үзсэн биш. Ах намайг хүрч ирээд уулзах уу гэж л байсан. Би ерөөсөө тийм газар очих сонирхол ч байхгүй, тийм зав ч байхгүй. Очдог ч үгүй байсан.
-АТГ дөнгөж л ажлаа албан ёсоор эхлэх гэж байсан тэр үед ах тань зорилго чиглэлээ бол өөртөө тодорхойлсон байсан байх. Түрүүн сая өгүүлсэн ил захидлаас тэгж ойлгогддог юм?
-2007 оны аравдугаар сарын 7-нд мөрдөн байцаах эрх аваад бүх хүмүүсээ ажилдаа шинээр авчихаад Олон улсын бага хуралд явсан. Мэдээж олон улсын хуралд явж байгаа юм чинь ирээд тодорхой хэмжээгээр төлөвлөгөө гаргаад, хамт олонтойгоо яриад шийдвэрлээд, мөрдөн байцаах ажиллагаандаа орох байсан байх. Би тэгж дотроо боддог. Чухам ямар ямар хэргүүд дээр ажиллаж эхлэх байсныг бид бол мэдэхгүй шүү дээ. Тэнд ажиллаж байсан Тамгын хэлтсийн дарга байсан Д.Алтангэрэл бол мэднэ. Мөрдөн байцаах албанд байсан Э.Амарбат бол мэднэ. Одоо Улсын Прокурорын туслахаар оччихсон.
Гэхдээ миний хар авдаг хүн бол ерөөсөө л Х.Доржпалам, Д.Алтангэрэл гэж хоёр хүн. Х.Доржпалам одоо тэтгэврийн өвгөн болсон.
-Б.Дангаасүрэн агсан хуучин ажлаа л хиймээр байна гэж Б.Чимэд гуайд хэлж байсан гэдэг юм билээ. Шударгаар ажиллахад амаргүй газар очсоноо бодит байдал дээр мэдрээд тэгсэн болов уу?
-Би Б.Чимэд багштай уулзаж байсан. 2007 он гараад байхад ах Б.Чимэд багштай Засгийн газрын ордонд тааралдсан гэсэн. Б.Чимэд багшийг Дээд шүүхийн дарга байхад ах орлогч дарга байсан. Дараа нь манай ах Дээд шүүхэд нэгдүгээр орлогч дарга болсон. Хамтран ажилладаг, бие биенээ хүндэлдэг хүмүүс л дээ. Тэр үүднээс нь би Б.Чимэд багштай уулзаж байсан. Ер нь олон хуульчидтай уулзаж байсан. Хуульчидтай уулзаад яваад байгаа чинь, би үнэндээ хуулийн хүн биш учраас хууль зүйн зөвлөгөө авах гэж л уулзаж байгаа шүү дээ. Хаанаас нь эхлэх вэ, яаж шийдэх вэ, яавал зүгээр вэ гэж. Ядаж л өргөдөл гомдол гаргахад, прокурорт яаж гаргах вэ, шүүхэд яаж гаргах вэ гэдэг чинь өөр өөр байдаг юм байна лээ. Тэр үүднээсээ би олон ч хүнтэй уулзсан даа.
-АТГ-ын даргаар Б.Дангаасүрэн агсныг томилсон нь шүүхээс түүнийг явуулсан оролдлого байсан гэх яриа бас бий...
-Тийм юм байхгүй л дээ. Ах Улсын дээд шүүхийн шүүхийн хүрээлэнгийн захирал болсон шүү дээ. Батдэлгэр гэж хүн Эрдэнэтээс ирээд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсон. Тэр үед ахыг дээш нь дэвшүүлж тавьсан юм. Тийм л ажил хийж байсан. Ер нь бол 1990 онд Ардчилсан хувьсгал гараад Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тэр хүний нэг нь яах аргагүй мөн. Гэхдээ Дээд шүүхийнхээ сахилгын хороонд ажиллаж байсан. Шүүхээс зайлууллаа гээд анх удаа байгуулагдаж байгаа төрийн өндөр албан тушаалд дэвшүүлэн тавина гэж юу байхав. Энэ бол хүмүүсийн зүгээр нэг дэл сул яриа байх.
-Ахын тань эрүүл мэндийн байдал ер нь ямар байсан бэ?
-Ах маань чихрийн шижин өвчтэй байсан юм. Австрали явахаасаа өмнө надруу утасдаад “Улаанбаатараас холгүйхэн сувилал байдаг юм байна. Ирж байгаад тэнд хэвтдэг юм уу. Чи сүү янз бүрийн юм зөөж өгч байвал зүгээр юм даа. Энэ өвчнөөсөө салчихвал надад хэрэг байнаа” гэж ярьж байсан юм. Тухайн үед чихрийн шижин өвчинг одоогийнх шиг ингэж сайн эмчилж, янзалдаггүй байсан л даа. 2005 онд ах Америк яваад ирэхдээ найз нь бэлэглэсэн гээд сахарын хэмжээг хянадаг аппараттай ирж байсан юм. Би ахыг Австрали руу явахдаа тэр аппаратаа авч яваад, биеэ хянаад байгаарай гэж хэлж байсан. Харин ах найзынхаа өгсөн юмыг хил гааль дээр хураалгачихна гээд авч яваагүйг сүүлд бэргэн эгч хэлж байсан.
-Ахын тань гэр бүл өнгөрсөн жилүүдэд ямар байр байдалтай байна вэ?
-Тэд гайгүй ээ. Улсаас хоёр хүүхдэд нь тодорхой хэмжээний тэтгэвэр тэтгэмж тогтоож өгсөн. Амьд хүмүүс аргатай гэгчээр гайгүй л дээ. Бид уулзалдана. Цагаан сараар манайд ирнэ. Хоёр хүүхэд нь нэлээн том болсон. Том охин нь Америкт байгаа.
-Ингэхэд танайхан аав ээжээс хэдүүлээ вэ?
-Бид эцэг эхээс 11-үүлээ. Одоо биднээс зургаа нь байна. Аав маань баг бригадын даргыг 30 гаруй жил хийсэн хүн. Манайх Ховд аймгийн Манхан сумынх. Хар ус нуурын өмнөд хөвөө, хан жаргалант хайрханыхаа баруун суганд төрсөн хүмүүс. Миний дээд талын эгч одоо 73 настай, Манхан сумандаа амьдарч байна. Эгч бас 11 хүүхэдтэй. Ах маань байсан бол одоо 68-тай байх байлаа. Миний доор дөрвөн дүү маань байна.
-Таныг шатрын спортод олон жил тууштай яваа хүн гэдгийг мэдэх юм...
-Энд Нийслэлийн ахмадын шатрын клуб байрладаг юм. Хүмүүс ирж тоглоно. Хажуугаар нь хүүхдүүдэд сургалт явуулна. Би 2015 онд Дэлхийн шатрын холбооны Олон улсын дасгалжуулагч болсон. Өнгөрсөн жил Дэлхийн шатрын холбооны шүүгч болсон. Азийн орнуудад болж байгаа тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 2-4-нд Монгол Улсын Ахмадын шатрын аварга шалгаруулах 15 дугаар тэмцээн МҮЭСТО-нд болох гэж байна. Маргаашнаас /2019-03-26/ эхлээд бүртгэх гээд ажил ихтэй сууна.
-Цаг гарган ярилцсан танд их баярлалаа.
Сэтгэгдэл ( 37 )
Хамт явсан хүмүүс нийлээд санаатайгаар үхэлд хүргэсэн бншт.Хурц нухаа болуу
Ymar aimaar niigemd amidraad bn ve.Bas l negee HURTS hulgaich.Ene chin ymar erh medej.mungetei amitan ve.Shalgah n buu hel.TEG iim darga.elchin said.Turd ezen bnuu.Hudlaa shuugiad bhaas tsaashgui uom.Hurdan Hurtsiig bair.hori.shalga.eruuden shuu.
Энэ мэдээллийг уншаад янз янзын л бодол тѳрлѳѳ. Сайн цаг ирж байна Хэрэг хуучирдаггүй. Сэргээн шалгадаг Сар ѳдрийн зѳрүү 3 нд ирсэн 1 дүгнэлт гарсан байсан. Нүдэнд дүрс үлддэг гэж уншиж сонсож байсан юм байна. Хавирга хугарсан байсан ... г.м НѲГѲѲ Л НҮГЭЛТ ХУРЦ ...
Bas l unuu Hurtsiin ner duuldaastai, aimaar yumaa
Hurtsiig yaagaad shalgadaggui ym bol
Хурцын хийсэн нүгэл нүдээрээ гарна.
bas l Xurts.., !!!
Ѳмч шилжүүлсэн ч Хурц Хулгай хийсэн ч Хурц Айлгаж сүрдүүлсэн ч Хурц Аминд хүргэсэн ч Хурц Дээшээ дэвшдэг нь ч Хурц Дэлхийд зарлагдсан Хурц Дэндүү олон Хурц ыг дэс дараатай танилцуулаач. Батын хүү Хурц биш л баймаар
2007 онд ЕС-аар С Баяр болчихсон байсан байх. 2004-2005 онд Элбэгдорж, 2005-2007 онд Мие, 2007-2009 онд С. Баяр байсан
Асуудлын голоос хазайгаад бна. Нөгөө л Хурц биш. Нөгөө л Энхбаяр. С. Баяр, Н. Энхбаяр, Нямдоржийн ноёрхлын үе шүү дээ
hurc
Манайх нам болон тэмцигч олонтой болсон. Яагаад одоог болтол Эрхэм Хурц зөв ч хүн шиг, хамгийн олиггүй ч юм шиг бгаад бна. Та бүхэн мэддэгээсээ хуваалцаад саналаа солилцооч....
Хурц өмнө нь гадаадаас хүн улс дамнуулан хулгайлж авч ирэн алж байсан болохоор түүнийг дахин явуулж дээ.
Хурц өмнө нь гадаадаас хүн улс дамнуулан хулгайлж авч ирэн алж байсан болохоор түүнийг дахин явуулж дээ.
НӨГӨӨ Л ХУРЦ!!!!!!!!!!!!!!!!!!!!!
бас л хурц ?
Төрийн өндөр албан тушаалтан, Төрийн тусгай албаны дарга хүнийг Гадаад оронд албан ажлаар явах үед нь айлд аваачиж хонуулна гэдэг нь өөрөө гэмт хэрэг шүү дээ. Түүнийг цуцлах эрх хэнд ч байх ёсгүй. Энэ хүнийг бусад худлаа ярисан бүх хүнийг шалгах ёстой шүү дээ. Хуулиараа. Бас тэр хонуулсан айлын эздийг ч шалгах ёстой. Ахаа тэмцэлээ битгий зогсоогоорой.Заавал ялаарай. Таны дүүг хуульчид бүгдээрээ мэднэ. Одоо үед таны дүү шиг хуульч, хүн шиг хүн олоход үнэхээр бэрх болсон цаг шүү дээ. УДШ ийн шүүгч Дангаасүрэн гэж бидний үлгэр, дууриалал байлаа. Харамсаад ч барахгүй юмаа.
Монголчууд бие биеээ хардсаар байгаад бие биеээ сөнөөх юм байнал даа, яасан ч их хардлага, сэрдлэг вэ, тийм том байгууллагыг ахалж байсан дарга чинь Австралид очоод хаана буухаа мэдэхгүй явж байдаг хэрэг үү, ямар ч байгууллагын даргна гадаадад очоод хаана буух юм, ямар хэтэлбэртэй юм_ онгоцны буудалд хэн угтаж авах юм, хэн ямар үүрэгтэй явж байгаа юм гээд урьдчилан бүгдтэй явахаасаа танилцаж, чиглэл өгдөг юм биш үү, зарцуулах зардла мөнгөө ч баталдаг биш үү, эсвэл монголын төрийн байгууллага, дарга гэж дандаа бусдаар юмаа хийлгээд ажилдаа гүн ордоггүй хэрэг үү, хариуцлагын асуудал байна
Монголчууд бие биеээ хардсаар байгаад бие биеээ сөнөөх юм байнал даа, яасан ч их хардлага, сэрдлэг вэ, тийм том байгууллагыг ахалж байсан дарга чинь Австралид очоод хаана буухаа мэдэхгүй явж байдаг хэрэг үү, ямар ч байгууллагын даргна гадаадад очоод хаана буух юм, ямар хэтэлбэртэй юм_ онгоцны буудалд хэн угтаж авах юм, хэн ямар үүрэгтэй явж байгаа юм гээд урьдчилан бүгдтэй явахаасаа танилцаж, чиглэл өгдөг юм биш үү, зарцуулах зардла мөнгөө ч баталдаг биш үү, эсвэл монголын төрийн байгууллага, дарга гэж дандаа бусдаар юмаа хийлгээд ажилдаа гүн ордоггүй хэрэг үү, хариуцлагын асуудал байна
Монголчууд бие биеээ хардсаар байгаад бие биеээ сөнөөх юм байнал даа, яасан ч их хардлага, сэрдлэг вэ, тийм том байгууллагыг ахалж байсан дарга чинь Австралид очоод хаана буухаа мэдэхгүй явж байдаг хэрэг үү, ямар ч байгууллагын даргна гадаадад очоод хаана буух юм, ямар хэтэлбэртэй юм_ онгоцны буудалд хэн угтаж авах юм, хэн ямар үүрэгтэй явж байгаа юм гээд урьдчилан бүгдтэй явахаасаа танилцаж, чиглэл өгдөг юм биш үү, зарцуулах зардла мөнгөө ч баталдаг биш үү, эсвэл монголын төрийн байгууллага, дарга гэж дандаа бусдаар юмаа хийлгээд ажилдаа гүн ордоггүй хэрэг үү, хариуцлагын асуудал байна
Монголчууд бие биеээ хардсаар байгаад бие биеээ сөнөөх юм байнал даа, яасан ч их хардлага, сэрдлэг вэ, тийм том байгууллагыг ахалж байсан дарга чинь Австралид очоод хаана буухаа мэдэхгүй явж байдаг хэрэг үү, ямар ч байгууллагын даргна гадаадад очоод хаана буух юм, ямар хэтэлбэртэй юм_ онгоцны буудалд хэн угтаж авах юм, хэн ямар үүрэгтэй явж байгаа юм гээд урьдчилан бүгдтэй явахаасаа танилцаж, чиглэл өгдөг юм биш үү, зарцуулах зардла мөнгөө ч баталдаг биш үү, эсвэл монголын төрийн байгууллага, дарга гэж дандаа бусдаар юмаа хийлгээд ажилдаа гүн ордоггүй хэрэг үү, хариуцлагын асуудал байна
ум ма ни бад ми хум
өгөр Жамъян тэгж хэлэхээсээ сийхгүй хөгшин төгцөг дөө. яасан үхэж далдардаггүй хулгайч вэ амьд арзайгаад л хаана хэрүүл байна тэнд л хэрэлдээд л хэлээ улалзуулаад явж байх юм. хүнийг юу ч гэж хэлэхээсээ ичихгүй өгөр шаар даа. санаанаасаа их юм зохионо. өөрийгөө их хэлмэгдсэн гэж солиороод өөрөө өөригөө даам гаргачихсан тэнэг хөгшин төгцөг. Гансүх гээд хүү нь их дэлгүүрийн үүдэнд зогсож хүн амьтнаас мөнгө гуйгаад л архи гудраад л явж байхад хүүхдээ хэлэхгүй мөртлөө бусдыг уулын чинээ болтол хэлнэ, өөрийн давуу байдлаа ашиглаж сонин хэвлэлд их юм солиорно. үхэж далдраасай новшин төгцөг.
Бас л нөгөө Хурц аллага үхэл болгонд оролцож мандаж дээшилж аархаж явдаг энэ хэний ивээлд байдаг гангстер вэ.
энэ хэргийг сэргээн шалгах цаг нь болсон , дүү нь ахынхаа төлөө их явсоон их мундаг хүн , тэхэд зоригийн ах дүү 2 албан тушаал том мөнгөнд амаа үдүүлсэн дээ
Xm ene Hurts bas l ene dund yavna ene huniig eruudej shalgah heregtei
Шударга эх оронч авьяас чадалтай хүмүүсийг олныг алсан хулчгар урвагч шуналтангууд амьд бна даа энэ хүний үхэл бол аллага
Энэ бүрэлдэхүннд Хурц явж байсан байна шүү дээ. Дангаасүрэн бид хоёр Эрхүүгийн нэг жилийн бэлтгэлийнх Тэр Эрхүүгийн их сургууль, Би ПТДС төгссөн биенийгээ сайн мэднэ. Сургуулиас хойш ч гэсэн бид харилцаатай л байсан. Маш шудрага хүн. АТГ-ын дарга болсны дараа гудамжинд тааралдахад яг л байдлгаараа л байсан Их хариуцлагатай хэцүү ажил. Төр засгиаас итгэл хүлнээлгэсэн болохоор чадлынхаа хирээр хамгийн гол нь шудрага ажиллана гэж байсан. Мөн Өмч л эзэнгүй болчихоод байна гэж байсан. Түүнийг шуналтнууд алснаас зайлахгүй. 0р нь л эх орныхоо, ард иргэдийнхээ төлөө дуугарсан болгоныг алдаг болсон
Миний бодлоор Дангаасүрэн гэдэг хүний үхэл бас Зоригийн хэрэг шиг тодорхой биш өнгөрсөн байгаам даа. Сиднейд хамт явсан хүмүүс, тэр айлын хүмүүс мэдмээр л юум???!!! Тэр Энхтуяа гэдэг хүүхэн, Сиднейд байсан гэрийн эзэгтэй анхнаасаа яагаад худлаа ярив?! Хэрэг хуучирдаггүй гэдэг сэжигтэй л юум байна.
unendee arhind xordood uhsen chi medseer baig bolildoo
Huzuugui hunees asuuval yasiin