ХОВД: “Жангар” дуулалт жүжгийн нээлт боллоо

2019 оны 03 сарын 28

Олон улсын театрын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Жангар” дуулалт жүжгийн нээлтээ хийлээ.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит, Алтан гадас одонт ХДТ-ын уран бүтээлчид “ЖАНГАР” туульсын “ДУУЛАЛТ ЖҮЖИГ”-ийг 3-р сарын 31 хүртэл үзэгчиддээ өргөн барих юм. Дэлхийн 4 том туулийн нэг, Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг болох “ЖАНГАР” туулийг Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр тус театрын уран бүтээлчид ийнхүү “ДУУЛАЛТ ЖҮЖИГ” болгон тайзнаа амилуулж байгаа бөгөөд шинэ уран бүтээлийн нээлт, “УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛ”-д аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон театрын үе үеийн уран бүтээлчид оролцлоо.

Улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг багтаасан 3500 гаруй шад шүлэг, яруу найргийн хэлбэрээр бичигдсэн өв соёлын бүтээлийг “ДУУЛАЛТ ЖҮЖИГ”-ийн хэлбэрт оруулсан шинэ уран бүтээлийн ерөнхий найруулагчаар Хөгжимт Драмын театрын дарга С.Ариунжаргал ажилласан байна. 30 гаруй уран бүтээлчид оролцон тоглосон “ДУУЛАЛТ ЖҮЖИГ“-ийн гол дүр болох “ЖАНГАР” баатрын дүрд жүжигчин Б.Бямбасүрэн, “ЭГШИГТ ХАТАН АГАЙ ШАВДАЛ”-ын дүрд хөөмэйч Д.Золзаяа нар тус тус тогложээ.

ХДТ-ын уран бүтээлчид энэхүү уран бүтээлээрээ дамжуулан өнөө цагийн залууст нөхөрлөлийн ариун нандин холбоо, үнэнч хайр сэтгэл болон Баруун монголын ард түмний ахуй соёл, ёс заншил, баатарлаг зан чанар, сайн сайхан цагийн ерөөл хүслийг гаргахыг зорьсон талаар жүжгийн найруулагч хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн “ЖАНГАР” туулийг Монголын театр урлагийн байгууллагаас анхлан хөдөөгийн театрын уран бүтээлчид “ДУУЛАЛТ ЖҮЖИГ” болгон тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

ХДТ-ын уран бүтээлчид 2014 онд “ГАЛДАН БОШИГТ” дуулалт жүжгийг тайзнаа амилуулж тэрхүү уран бүтээлээрээ 2015 онд “ГЭГЭЭН МУЗА-12” Олон улсын наадмаас Гранпри шагнал хүртэж байсан. Тэгвэл театр байгуулагдсаныхаа 70 жилийн ойн босгон дээр “ЖАНГАР” дуулалт жүжгээрээ дахин “ГЭГЭЭН МУЗА” хүртэнэ гэж Ховдчууд итгэл тавьж байна. “ЖАНГАР” туульсын “ДУУЛАЛТ ЖҮЖИГ”-ийн нээлтийн үеэр аймгийн ХДТ-ын хөгжимчин Б.Булганбат Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулж баяр хүргэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(218.199.207.15) 2019 оны 06 сарын 18

Театрыг мэргэжлийн мэдрэмжтэй найруулагч удирдаж байгаа учраас ийм сайхан бүтээл гарсан гэж ойлгогдож байна.Сайхан мэдээ байна.

0  |  0
зочин(64.119.26.41) 2019 оны 03 сарын 28

Монголын театрын түүхэнд Ойрадын туулиар жүжиг хийж нэгэн шинэ хуудсыг нээсэн Ховдын ХДТ-ын хамт олонд баяр хүргэе.

0  |  0
Top