Сынриг амиа хорлох вий хэмээн фэнүүд нь санаа зовж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Энэ бүх дуулиан 2018 оны арваннэгдүгээр сарын 24-нд Сөүл хотод байрлалтай “Burning sun” шөнийн клубээс эхэлжээ. Шөнийн клубын зодоон өдгөө Өмнөд Солонгосын шоу бизнесийн салбарыг тэр чигт нь хамарсан томоохон хэрэг болж өргөжөөд байна. 
 

Тэр өдөр шөнийн клубээр үйлчлүүлж явсан залуугаас нэгэн эмэгтэй хүчирхийлэлд өртсөн хэмээн тусламж хүссэн аж. Энэ талаар клубын хамгаалагчид мэдэгдсэн ч залуугийн биед халджээ. Халдлагад өртсөн залуу цагдаад мэдэгдсэн ч харамсалтай нь хамгаалагчдыг биш хохирогч залууг баривчилсан байна. Тухайн үед цагдаа нар клуб дотор ороогүй ба камер шалгаагүй байж ийм үйлдэл хийсэн хэмээн хохирогч залуу телевизэд ярилцлага өгчээ.

Сэтгүүлчид клубээс тодруулга авахад, тухайн залууг "Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлагдсан" гэсэн бол цагдаа нар "Бизнест саад болсон, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчилсан" гэж мэдэгджээ. Энэ хэрэг олны анхаарлын төвд орж, даамжрах болсон ганц шалтгаан нь Өмнөд Солонгосын соёлын үнэт өв хэмээгддэг “Big Bang” хамтлагийн дуучин Сынри клубын хувь эзэмшигч байснаас үүдэлтэй юм.
 


“Хүүхэмсэг” гэдгээрээ нэрд гарсан Сынри энэ гуравдугаар сард цэрэгт татагдах байсан бөгөөд түүнийг гурван жилийн хугацаанд томоожино гэдэгт фэнүүд нь ихэд итгэлтэй байсан гэдэг.  

Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн хэрэг хар тамхи, биеэ үнэлэлттэй холбогдон өргөжиж, Өмнөд Солонгосын алдартнууд, бизнесмэнүүд ч нэр холбогдоод байна. Хэдийгээр Сынри фэнүүдээсээ уучлалт гуйж, дахин алдаа гаргахгүй хэмээн амласан ч тун удалгүй урлагийн ертөнцөөс бүрмөсөн холдож буйгаа зарласан билээ. Учир нь түүнийг баян үйлчлүүлэгчдэдээ эмэгтэйчүүдийг зардаг гэдгийг нотолсон KAKAO TALK дахь чат олон нийтэд задарсан юм. Хэдийгээр цагдаа нар одоо болтол чатны эх хувийг олоогүй байгаа ч хэд хэдэн алдартнууд холбоотой болох нь нотлогдож, шөнийн клубын эзэн болон найман ажилтан хар тамхи  хэрэглэдэг болох нь тогтоогдоод байна.

Синригээс хэд хэдэн удаа байцаалт авсан ч одоогоор ямар нэгэн хэрэгт буруутай болохыг нь тогтоогоогүй байгаа. Гэхдээ хэргээс үүдэн шоу бизнесийн салбарын томоохон акул болох “YG” энтертаймэнтийн хувьцаа 4,42 хувиар буурч, түүнийг цаашид Big Bang, YG-д ямар ч хамааралгүй болохыг зарлаад байна. Энэ хэргийг Өмнөд солонгосчууд 2017 онд болсон экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн авлигын хэргийн дараа орох хэмжээний маш том дуулиант хэрэг боллоо хэмээн үзэж байна.

Сүүлийн үед Сынриг амиа хорлох вий гэдгээс санаа зовж буйгаа фэнүүд нь сошиал орчинд байнга илэрхийлэх болжээ. Өмнөд Солонгост урлагийн одууд нь амиа хорлох тохиолдол нэлээд гардаг бөгөөд хамгийн сүүлд SHINEE хамтлагийн дуучин Жонхюн амиа хорлож, олон нийтийг цочроосон юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top