БНХАУ-аас 500 сая төгрөгийн зээл авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах Ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн шийдвэр гарсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар болсон байна. 500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулна. Мөн "Шинэ зууны боловсрол", "Цахим эрүүл мэнд", Баруун 4 зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойргийг багтаасан "Замын олон түвшний огтлолцол" төсөл, автозамын уулзвар, төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.Төслүүдийн санал, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгааг боловсруулж, Сангийн яаманд энэ оны зургадугаар сард багтаан хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгалаа. 500 сая ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 7 жил чөлөөлөгдөх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй байх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top