Этиопийн онгоцны осол шувуунаас болсон уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Этиопт өнгөрсөн гуравдугаар сард осолдсон “Boeing 737 MAX” онгоцны ослын шалтгааныг урьдчилсан байдлаар танилцуулжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр онгоцны урдуур шувуу юмуу өөр ямар нэгэн зүйл орж ирсэн байх магадлалтай гэнэ. “ABC News”-ийн мэдээлснээр онгоц ямар нэгэн зүйлтэй мөргөлдөж, агаарын урсгалыг хэмжих мэдрэгчинд доголдол гарснаар зохицуулах систем идэвхжиж, тэр нь онгоц унахад хүргэсэн байж магадгүй аж.

Этиопийн нийслэлээс хөөрөөд удалгүй унасан “Boeing 737 Max” онгоцны ослоор 157 хүн амиа алдсан билээ. Энэ ослын дараа улс орнууд “Boeing 737 Max” загварын нисэх онгоцуудыг ашиглахаа зогсоосон юм. Энэ загварын хоёр онгоц таван сарын хугацаанд удаа дараалан осолдсон. Этиоп болон Индонезид сүйрсэн онгоцууд хоёулаа хөөрөөд удалгүй осолдсон байдаг. Ослын шалтгааныг мэргэжилтнүүд нислэгийг удирдах програмтай холбоотой гэж таамагласан билээ. Тэдний өнөөдрийн дүгнэлт ч анхныхтай нь хол зөрсөнгүй. Нисэх онгоцны хөдөлгөөний эсрэг чиглэлтэй агаарын урсгал хүчтэй болох үед автоматаар онгоцны хошууг доош чиглүүлж, эрсдлийг бууруулдаг уг систем ажилласан байх боломжтой аж.

Мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт “Boeing 737 Max” онгоцны хяналтын системд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Энэ загварын онгоцыг хэзээ нислэгт гаргах эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top