Ц.Хосбаяр: Би тамирчдадаа допинг хэрэглүүлж, хорлох хүн биш

2019 оны 04 сарын 05

Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа. Сүүлийн өдрүүдэд түүнийг тамирчдадаа допингийн төрлийн бодис хэрэглүүлдэг, үүнийхээ хариуцлагыг хүлээж, үүрэгт ажлаа өглөө гэхчлэн бичиж буй. Энэ талаар дасгалжуулагч Ц.Хосбаяр дараах байр суурийг илэрхийлж байна.


-Таныг шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгсөн гэж ойлгосон. Гэтэл та яг одоо шигшээгийн зааландаа бэлтгэлээ удирдаад ажиллаж байна. Энэ мэдээлэл худлаа гэсэн үг үү?

-Би ажлаа хийж байгаа. Та харж байна. Харин ажлаа хүлээлгэж өгөх талаар бол нэг бус удаа хэлсэн. Өргөдөл ч гаргасан. “Үнэхээр энэ ажлыг авах сонирхолтой хүмүүс байгаа бол зохих шалгалт, шалгууртаа ороод аваг. Би тэр хүмүүст зайгаа тавьж өгөхөд бэлэн” гэдгээ албан ёсоор БТСГ-т хүргэсэн. “Та явж болно, ажиллах шаардлагагүй” гэж хэлээгүй. Ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байна. Хэрэв тийм мэдэгдэл ирвэл баяртайгаар хүлээж авахад бэлэн байна.

-Зарим хэвлэлд гарсан өөртэй чинь холбоотой мэдээллийг та уншсан байх. Энэ талаар тодруулж ярилцах зүйлс гараад ирсэн юм?

-За, ер нь юу гэж бичсэнийг гадарлаж л байна. Интернетэд элдэв янзын зүйлс бичигдсэн байна лээ. Тэр л явж байгаа байх. Ганц энэ удаа биш л дээ. Удаа дараа, зохион байгуулалттайгаар хэвлэлээр үе үе ийм зүйл гарч ирдэг юм. Хэсэг хүмүүс байдаг л даа, намайг харлуулах гэдэг. Тэд нарын л хийж яваа ажил биз. Яахав ээ, юуг нь нуухав. Өмнө нь тэр хүмүүстэй маргаан, буруу зөрүү ойлголцсон асуудал байсан. Түүнийхээ шийтгэлийг би цаг тухайд нь хүлээсэн. Энэ явдлаас хойш асуудал үүсээд байгаа юм. Эсрэг фракц гэж хэлмээр ч юм уу, сайн мэдэхгүй юм. Байнга цуурхал тараадаг. Хүний нийгэмд үзэл бодлын зөрүү гэж зүйл байна шүү дээ. Олон удаа би тэвчээртэй хандаж ирсэн. Одоо бол харин хууль, шүүхийн байгууллагад хандсан нь дээр гэж үзлээ. Өмгөөлөгчтэй уулзлаа. Хуулийн байгууллагад албан ёсоор хандаж байгаа.

-Та өөрийн чинь нэр хүндэд халдаж байна гэж үзэж байгаа хүмүүсийн нэрийг хэлж болох уу? Хуулийн байгууллагад ямар гомдол гаргасан бэ?

-Нэр усыг нь хэвлэлээр зарлах хэрэггүй байх гэж бодож байна. Хуулийн байгууллагад бол мэдүүлсэн. Үндэслэлгүй мэдээ, нийтлэл бичиж нийтэлсэн хэвлэлийн байгууллагууд дээр ч би гомдол гаргасан. Уг нь би хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хүндэтгэлтэй ханддаг. Тэдний мэдэх, мэдээлэл олж авах, асуудал хөндөх эрхийг хүндэлнэ. Гэхдээ энэ удаа бол тэвчээр алдарч байна.

-Ноцтой мэдээллүүд байна л даа. Таныг тамирчдадаа допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглүүлдэг, түүнээс болж зарим тамирчид эрүүл мэндээрээ хохирсон. Тэр байтугай нэг охины гавлын яс чулуужсан, дотор эрхтний үйл ажиллагаа доголдож, муудсан гэж уншлаа. Үүнд та хариулт өгөөч?

-Хариуцлагатайгаар мэдэгдье. Би тамирчдадаа допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглүүлж байгаагүй. Тийм дорд ухамсар надад байхгүй. Энэ саяын хэлсэн хүмүүсийн зохион байгуулалттайгаар тарааж байгаа гүтгэлэг. Миний хувийн нэр төр, ажил, спортын нэр хүндэд ингэж халддаг уламжлал бараг тогтож байх шиг байна. Бүр удаа дараа шүү. Хэвлэлүүд тэдний ярьсан хэлснийг нягталж шалгалгүй, баримтгүй зүйлд итгэж, хоёр талын тэнцвэртэй байдлыг хангалгүй, шууд нэр төрд халдах байдлаар хэвлэн нийтэлж байна. Хэрээс хэтэрлээ л гэж харж байна.

-Эм тариа хэрэглэснээсээ болж бие нь муудсан гэх гомдолтой охин байгаа юм байна. Тэр тамирчин болон гэр бүлийнхэн нь таньтай уулзсан уу?

-Тэрийг тайлбарлая. Гэхдээ тамирчны нэрийг хэвлэл, олон нийтэд хэлэх нь миний ёс зүйд нийцэхгүй. Гомдол гаргасан гэж сураг сонссон. Тамирчны биеийн байдал яг яасан нь тодорхойгүй. Өвдсөн үү, өвдсөн бол юунаас болсон. Өөрөөс нь болсон уу, надаас болсон уу, бусад шалтгаан байсан уу гэдгийг хэн ч тодорхойлоогүй. Магадгүй, тэр хүүхдийг ашиглаад ингэж яриарай гээд яриулж байхыг ч үгүйсгэхгүй. Удахгүй амаржих гэж байгаа юм билээ. Давхар биетэй хүнийг хүртэл ийм яриа, гүтгэлэгт оролцуулж болохгүй ээ. Ямарваа нэг гомдол санал, шүүмжлэл байгаа бол, хэрэв хүнийг буруутгаж байгаа бол хойноо заавал баримттай байх ёстой гэж би үзэж байна. Үнэн гэж зүйл байх ёстой биз дээ.

-Таньтай уулзаагүй гэсэн үг үү?

-Үгүй. Надтай хэн ч ийм асуудал, гомдол гаргаж ирж уулзаагүй. Үнэхээр надаас болж хохирсон бол хамгийн түрүүнд над дээр ирэх ёстой биз дээ, уг нь.

-Оксандралоне, энантат, пропинат гэдэг бэлдмэл хэрэглүүлдэг байсан талаар тамирчид танд болон холбоонд гомдол гаргаж байсан уу?

-Наадуул чинь WADA буюу Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн хориотой бүсэд байдаг эм тарианы нэр л дээ. Эрэгтэй бөгөөд эмэгтэй гармоныг химийн аргаар гаргаад авчихсан эд шүү дээ. Ингэж хүн гүтгэж болохгүй ээ. Би тамирчдадаа допингийн төрлийн, тэдэнд хориотой бодис хэрэглүүлж, хэдэн хүүхдээ хорлох хүн биш ээ. Ийм хүний санаанд багтахааргүй зүйл яриад байхаар нь би аргаа барсандаа ажлаа өгье гэж хүртэл явсан юм. Тэр өргөдлийг хүртэл хэвлэлүүдэд гаргаж тавьсан байна лээ. Надад маш их дарамт байна. Энэ зааланд орж ирээд янз бүрийн зүйл ярина. Тав, зургаа дахь удаагаа үе шаттайгаар над руу ингэж дайралт хийж байна.

Би яахав, ам түргэнтэй хүн. Нэг удаа хурал дээр маргаан боллоо. Ажил хэргийн маргаан. Тэр үед “Та нар ийм мундаг байсан юм бол 60 жил өнгөрсөн байхад илүү амжилт гаргахгүй яасан юм бэ, Дэлхийн аваргаас яагаад медаль аваагүй юм, яагаад дэлхийд өрсөлдөх хэмжээний тамирчин бэлтгээгүй юм бэ” гээд хэлчихгүй юу. Тэр үг олон хүний дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн юм шиг байсан. Гэх мэтчилэн хувийн маргаан, ажил хэргийн шүүмжлэл дээр дөрөөлж над руу ингэж давшилж ирсэн. Байнга мөшгиж явдаг. Одоо бүр сүүлдээ тамирчдыг татан оролцуулж, энэ спортын нэр хүндийг унагаж байна.

Шигшээ багаас халагдсан тамирчид миний эсрэг зүйл ярьдаг гэж тэд бас ярьдаг юм билээ. Би энэ бэлтгэлийн зааланд хатуу ширүүн байдаг. Би тамирчдадаа бүгдэд нь хэлдэг. Хаалга хаагдсан бол энэ дотор ардчилал байхгүй. Тэр ардчилал чинь хаалганы цаана байгаа гэж. Тамирчин хүнд чанд сахилга бат байх ёстой. Тэрийг би сахиулдаг. Миний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол явж болно гэхэд 2-3 тамирчин явж байсан тохиолдол бий. Одоо миний яриад байгаа тэр фракц байна даа, намайг элдвээр хэлээд, хэлүүлээд байгаа. Тэр хэд дээр нөгөө хэдэн хүүхдүүд маань очоод нэгдчихсэн байх шиг харагдана лээ. Ийм л юм болоод байгаа юм.

Тамирчид байнга допингийн шинжилгээнд хамрагддаг. М.Анхцэцэгийг бэлтгэлдээ орсноос хойш WADA-гаас нэг сарын хугацаанд хоёр ч удаа шинжилгээ авлаа.

-Хүндийн өргөлтийн тамирчид ихэвчлэн ямар эм, бэлдмэл хэрэглэдэг вэ? Тариа тариулах уу?

-Тариа байна. Гэхдээ тэр тариа кальци, Д, Е витамин агуулсан, гол нь зөвшөөрөгдсөн тариаг зөвшөөрөгдсөн хэмжээгээр хэрэглэдэг. Энэ ямар ч буруу зүйл биш. Үүнийг мэдэхэд амархан. Эрх биш бид улсын шигшээ баг төлөөлж яваа өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс. Юуг хориглосон, юуг хориглоогүйг мэдэж байх үүрэгтэй. Өнөөдөр бид аспирин ч ууж болдоггүй. Өвдөлт өглөө гэхэд тэрийг тэсээд барагшунаар шавшаад явж байдаг.

-Та шигшээ багт хэд дэх жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа вэ?

-2012 оноос.

-2016 онд та дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцсон нь мэдээж байх. Өөр ямар хүмүүс таньтай хамт шалгаруулалтад орсон бэ?

-Би ганцаараа орсон. БТСГ-ынхан хүртэл гайхаж байсан. Өөр нэг ч хүн саналаа өгөөгүй байсан. Би ч бас гайхсан.

-Та тэгээд таньтай холбоотой дуулиан шуугиан үүсгээд байгаа энэ асуудлаас болж ажлаа өгье гэж холбооны хуралдаа санал оруулсан юм уу. 2018 онд болсон хурал дээр?

-Тийм ээ. Би 2016 оны дөрөвдүгээр сард шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Үндсэндээ түүнээс хойш хэл ам салаагүй. Гүтгэлэг тасралтгүй чиглэсэн. Тийм болохоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон хурал дээр ажлаа хүлээлгэж өгөх талаар анх ярьсан. Би хэлдэг. Энэ сандал дээр суух хүн байвал ав гэдгийг. Гэхдээ миний хийсэн, бүтээсэн амжилтаас битгий доош оруулаарай. Дээш нь гаргаарай гэж хэлдэг. Мөн ч олон хэлж байна. Ийм асуудал гарах бүрт нь хэлдэг. Өнөөдрийг хүртэл авах хүн гарч ирээгүй л байна. Одоо сүүлдээ холбоо руу, тамирчид руу маань дайрдаг болсон байна лээ. Гүтгэмээр байвал намайг л гүтгэ гэж хэлмээр байна. Тэд 60 сая төгрөгийн эм тариа оруулж ирсэн. Тэрийгээ гааль дээр хураалгасан гэж ярьдаг гэсэн. Холбоо 2015-2018 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн шагналыг олгоогүй гэж ярьдаг. Энэ мөнгө хаачив гэж бичүүлдэг. Хэдэн хүн л иймэрхүү юм яриад, тэрийгээ хэвлэлүүдэд өгөх гээд бариад явдаг гэсэн. Энэ мэдээллийг шалгая гэвэл уг нь амархан шүү дээ. БТСГ, БСШУСЯам руу очоод Хүндийн өргөлтийн холбоонд энэ УАШТ-үүдийн мөнгийг өгсөн үү гээд асуучихад л тодорхой юм.

-Та тамирчдадаа хэр хатуу шаардлага тавьдаг вэ?

-Би өөрийгөө тодорхойлбол хатуу ширүүн талдаа гэж хэлнэ. Хүн болгонд арга барил гэж бий. Миний арга барил тийм. Энэ заалан дотор бол би хатуу. Юуг нь нуухав. Бусад цагт бол тамирчдадаа аав шиг нь, ах шиг нь л байдаг. Хатуу шаардлагатай дасгалжуулагч байснаараа зөвдсөн үү, буруудсан уу гэдгийг цаг хугацаа харуулна. Ер нь бүх зүйлийн хамгийн том шүүлтүүр цаг хугацаа л байдаг шүү дээ.

-Хатуу, ширүүн, шаардлага өндөртэй байхыг тамирчид буруугаар ойлгох тохиолдол гардаг уу? Зоддог, шийтгэдэг гэж гомдол гаргаж байсан уу?

-Зодно гэх нь ч хаашаа юм... Хариуцлага, сахилга бат алдсан тамирчдыг хааяа нэг бүсдэх асуудал байна. Манай М.Анхцэцэг саяхан ярьсан байсан, телевизээр. “Манай багш заримдаа хатуу, ширүүн. Штангийн багшаар бүсдүүлэх үе байдаг л юм” гэж. Тэрийг л хэлсэн байлгүй. Бүсдэх үедээ бүсдэнэ. Тамирчин сахилга баттай байж, түүний өмнө тавигдах шаардлагыг тэсч байж амжилтад хүрнэ шүү.

-Таны хатуу хандлага байдлаас болж бэртэж, гэмтсэн тамирчин байдаг уу?

-Байхгүй ээ. Бэртэж гэмтээх гэж хатуурхана гэж байхгүй шүү дээ.

-Таны хүү Х.Одхүү насанд хүрэгчдийн шигшээ багт дасгалжуулагчаар ажилладаг болсон юм уу?

-Бас тэгж бичсэн байна уу...

-Тийм?

-Миний хүү өсвөрийн баг дасгалжуулдаг, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч. Яагаад тэр хүн миний хүүхэд гэдгээрээ зохих дүрэм, шалгуурын дагуу хүлээж авсан энэ ажлаа хийж болохгүй байх билээ. Бүхнийг харлуулж болохгүй ээ. Миний хүү сайн ажиллаж байгаа. Ямар ч спортын мэдлэггүй хүн гэж ярьдаг гэсэн. Мэдлэггүй хүн шавиа авч яваад, өсвөрийн ДАШТ-ээс анхны медалийг авчрах уу. Энэ жил анх удаа өсвөрийн ДАШТ-ээс Г.Энэрэл хүрэл медаль хүртсэн нь амжилт биш гэх үү... Ийм л хариулт хэлье дээ. Ер нь их сэтгэл өвдөж байна. Миний хийсэн болгоныг үгүйсгэж, бүтээсэн болгоныг харлуулж байна.

Монголын хүндийн өргөлтийн спорт 60 жилийн түүхэндээ дэлхийн аваргаас ганцхан медальтай байлаа. 1979 онд шиг санаж байна, Болгарт болсон залуучуудын ДАШТ-ээс н.Энхбаатар ах хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш 2016 онд М.Анхцэцэг залуучуудын ДАШТ-ээс алт, мөнгөн медаль авлаа. Риогийн олимпод наймдугаар байр эзэллээ. 2016 оны оюутны ДАШТ-д түрүүллээ. 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анхын хүрэл медалийг авчирлаа. Энэ амжилтыг яагаад дурсахыг хүсдэггүй юм бол. Тэр байтугай “М.Анхцэцэг та хоёр азаар медаль авсан шүү” гэж хэлж байсан хүн ч манай хүндийн өргөлтийнхөн дунд байдаг. Гомдмоор. Ийм муухай үзэл манай спорт дотор байна. Гэхдээ сайн нь илүү, асуудлыг зөв талаас харах хүмүүс нь олон байх аа. Өнөөдөр над руу сонин хэвлэлд гарсан мэдээллүүдтэй холбоотойгоор тасралтгүй ярилаа. Утасны цэнэг дуустал. Юу болоод байна аа гэж санаа зовсон хүмүүс ч байна. Эсрэгээрээ тэр гүтгэлэг нийтэлсэн мэдээлэлд итгэж байгаа хүмүүс ч олон л байгаа байх. Сонинууд дээр охины маань, Анхаагийн маань зургийг тавиад баахан юм бичдэг. Намайг буруутгамаар байвал намайг л буруутга. Миний багшийг бас мөн олон жил ийм хэл ам хийсэн нөхцөл байдал дунд ажиллуулсан. 50 жил. Энэ маш их дарамттай. Гэр бүл рүү хүртэл орж байна. Гэрийнхэн хүртэл айж, эмээж байна. 21-р зууныг энергийн зуун гэж ярьдаг. Энергиэр дамжаад сөрөг муу зүйл ирнэ гэж хүн болгоомжилно биз дээ. Гэр бүлийн хүн өвдөхөөс авахуулаад олон асуудал манай гэр бүлд үүсч байна. Тэр болгоныг би яримааргүй байдаг.

-Шигшээ багт одоо хэдэн тамирчин байгаа вэ?

-Зургаан тамирчин, хоёр дасгалжуулагчтай. Эмэгтэй шигшээ л байгаа шүү дээ. Эрэгтэйг татан буулгасан. Шигшээгийн туслах дасгалжуулагчаар ОУХМ Ц.Батзаяа ажилладаг. Ийм л бүтэцтэй. Риогийн олимпийн өмнө шигшээ баг ганц тамирчинтай, ганц дасгалжуулагчтай байсан. М.Анхцэцэг бид хоёр. Жилд тэмцээнд явах зардал нь 37-38 сая төгрөг. Харин ч олимпиос хойш орон тоо нэмэгдэж, зургаан тамирчинтай болоод байгаа. Үүнийг би хүндийг өргөлтийн спортыг төрөөс дэмжиж байгаа хэлбэр гэж хардаг.

-Эрэгтэй шигшээ гэснээс Риогийн олимпийн наадамд оролцсон Ө.Чагнаадорж таньтай ямар нэгэн холбоотой юу? Таны удирдлагад бэлтгэл хийж байсан уу?

-Ө.Чагнаадорж бид хоёр хамт бэлтгэл хийх байтугай үнэндээ тэр хүүг би сайн мэдэхгүй. Риогийн олимпийн өмнө ОХУ-ын шигшээ баг сэргээшийн асуудлаас болж эрхээ хасуулсан тул зарим эрхийг Серби, Монгол зэрэг улсад шилжүүлсэн. Тэр дагуу Ө.Чагнаадорж Риод явах болсон. Иймэрхүү л хэмжээнд мэднэ.

-Ө.Чагнаадоржоос допинг илэрсэн талаар та бусад багш нартай санал солилцож байсан уу?

-Үгүй.

-Хүндийн өргөлтийн холбооны тэргүүн Д.Загдсүрэн дарга хэвээрээ байгаа биз дээ?

-Хэвээрээ. Гэхдээ миний сонссоноор Д.Загдсүрэн дарга МҮОХ-ны ажлаа өгөхтэй холбоотойгоор холбооны тэргүүнээс ч мөн чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа бололтой юм билээ.

-Шигшээ багийн тамирчдыг, тэмцээнд явах тамирчин сонгох асуудлыг та дангаараа шийднэ гэж байхгүй биз дээ?

-Яалаа гэж тийм зүйл байхав дээ. Та өөрөө мэднэ. Холбоо шийднэ, БТСГ-тай зөвлөнө. Сая гэхэд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шигшээ багт нэг тамирчин шинээр авах асуудлыг хэлэлцсэн. Бүгдээс нь санал хураагаад, н.Сарандагиныг авах шийдвэр гарсан. Надаас юу асуудаг вэ гэхээр тэмцээнд явах тамирчдын талаар санал сонсдог. Санал шүү. Хэн амжилт гаргахаар байна. Хэний бэлтгэл ямар байна гэдгийг асуудаг. Тэрийг Гүйцэтгэх зөвлөл хэлэлцдэг. Шигшээ баг дээр бас нэг асуудал байна. Одоо шигшээ багт орохоор 2-3 сайн охин байна. Тэднийг авчиръя гэхээр багш нар нь өгдөггүй. Х.Баянмөнх аваргын надад хэлсэн нэг үгийг би санаж явдаг юм. “Спортын дасгалжуулагч хүний амьдралаар тоглодог хэцүү ажил. Тийм болохоор их л сайн бодож тоглоорой” гэж. Спортын хүний амьдрал амаргүй шүү дээ. Жингийн нэг туухайн дээр амьдрал, нөгөө туухайн дээр амжилт байдаг. М.Анхцэцэгт олон улсаас санал ирж байсан. Яваагүй. Энэ маш том сэтгэл шүү. Монголын төлөө яваагүй. Гэтэл бидний байж байгаа царай ийм.

-М.Анхцэцэг эргээд бэлтгэлдээ оржээ. Амаржаад хэдэн сар болж байгаа билээ?

-Бэлтгэлдээ ороод сар гаруй болж байна. Төрснөөсөө хойш гурван сарын дараа бэлтгэлдээ ирлээ гэсэн үг л дээ. Бид хоёрт одоо мэдэхгүй, чадахгүй юм гарч байна. Анх удаа ээж болоод удаагүй шавьтайгаа ажиллаж үзэж байна. Тооцоолсноор бол зургаан сарын дараагаас хэвийн байдалдаа орчих байх. Ирэх есдүгээр сард ДАШТ болно. М.Анхцэцэг оролцоно. Бид хоёр том зорилго тавьж байгаа.

-Спорт холбоод доторх маргаан, зөрчил гэх үү ийм зүйлс энгийн хүмүүст таагүй харагддаг. Магадгүй, шударга шүүмжлэл бол байх ёстой л байх. Нөгөөтэйгүүр холбоо, дасгалжуулагчдыг тойрсон маргаан тамирчдын амжилт, харилцаа, хандлагад нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрж байна?

-Тийм л учраас би өнөөдрийг хүртэл тэсч ирсэн юм. Дуугүй явж ирсэн. Одоо бид энэ долоо хоногт Өвөрхангайд тэмцээнтэй. Тэрний дараа Азийн аварга болох гэж байна. Олимпийн эрхийн тэмцээнтэй. Гэтэл өнөөдөр өглөө хэдэн тамирчин маань ямар царайтай орж ирсэн гэж санана. “Багш аа, энэ юу болоод байгаа юм. Бид үнэний төлөө явна” гэж надад хэлсэн. Тийм зүйл болохгүй. Би хэдэн шавь нараа энэ маргаанд оролцуулахгүй. Тийм ч учраас элдэв зүйлс бичсэн сонин, сайт битгий уншиж бай. Юу ч хараагүй юм шиг явж бай гэж захиж байгаа. Одоо бодоход эв эеийг бодоод, дуугүй явсан нь буруудаж байх шиг байна. Тухайн үед нь асуудал, маргааныг шийдээд, миний буруу бол буруугаа хүлээгээд, хүний буруу бол тэрийг нь хүлээлгээд явж байх байж гэж бодогдсон.

Магадгүй, хүмүүс спорт холбоодын эрх мэдлийг их өндөр, үйл ажиллагааг нь дагаад мөнгө урсаж байдаг гэж хардаг бололтой. Үгүй шүү дээ. Өнөөдөр манай тамирчид 270 мянган төгрөгийн цалинтай. Би 454 мянган төгрөгийн цалинтай. Холбооны гишүүн, удирдлага болоод ирсэн хүн халаасаа уудална уу гэхээс тэр хүний халаасанд мөнгө орохгүй ээ. Сэтгэл зүрхтэй, спортыг дэмжье гэсэн залуус ороод ирэх л юм. Харамсалтай нь, ийм явган хэрүүл, маргаан тэднийг үргээж байна.

-Та үндэсний бөхчүүдийн хүчний багшаар ажилладаг. Хэн хэн байдаг билээ?

-Олон бөхчүүд бий. Аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Мөнгөнбаатар гэхчлэн.

-Н.Жаргалбаяр заан наадмаас хойш бэртэлтэй байгаа. Хүчний бэлтгэлээ хийж байгаа юу?

-За бас сайжрахгүй л байна. Зүүн гуя бэртэлтэй байгаа. Өнөөдөр өглөө /2019.04.03/ бэлтгэл хийх гэж ирсэн, болохгүй байна. Сүүлийн үед үндэсний бөхийн хэдэн шавь нарыг маань хүртэл допингтой холбож бичдэг болсон. Н.Жаргалбаяр хамгийн сүүлд хэлмэгдэж, допингийн асуудлаар хардагдаж сэрдэгдсэн. Энэ Н.Жаргалбаяр яагаад барилдахгүй байна, яг допинг хэрэглэсэн байхаа л гээд байдаг юм. Монголоос сайн бөхчүүд очиж барилдах хэрэгтэй байна гээд бөхчүүд нь хүсэлт тавиад урагшаа явж барилдсан юм билээ. Биенээ таньж мэддэг бөхчүүдийн хооронд барилдаан сонирхолтой болгох үүднээс хань татах зүйл байлгүй л яахав. Тэрийг нь шүүрч аваад, Монголд барилдахгүй байгаа нь нэг л учиртай, допинг хэрэглэснээс гарцаагүй гээд л хардчихдаг.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн нэг асуулт. Хамгийн сүүлд хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчид хэзээ допингийн шинжилгээ өгсөн бэ? Ер нь ямар журмаар авдаг вэ?

-Өнгөрсөн жил манай шигшээ багийн тамирчид гадаадад 19 удаа допингийн шинжилгээ өгсөн. Монголд орж ирээд найман удаа шинжилгээнд хамрагдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд ОУХМ Э.Билэгсайхан, Г.Анужин хоёроос авсан. 2018 оны аравдугаар сарын 15-нд Дэлхийн цомын тэмцээнд оролцоод, шинжилгээ өгчихөөд ирэхэд 16-нд нь Монголд дахиж авсан. Сая М.Анхцэцэг бэлтгэлдээ орсон сургаар WADA-гаас шинжилгээ аваад явлаа. Нэг сарын дотор хоёр удаа авсан. Сүүлийнхийг нь өнгөрсөн долоо хоногийн ням гаригт /2019.03.31/ авсан санагдаж байна. Тамирчдаа агаарт гаргахаар Батсүмбэрт явж байтал шинжилгээ өг гэж яриад, эргэж хүрч ирж өгсөн. “Алдар” нийгэмлэгийн тамирчин Б.Хонгорзул, ОУХМ М.Анхцэцэг хоёроос зэрэг авсан. Иймэрхүү байдлаар допингийн хяналт, шинжилгээг бид төлөвлөсөн, төлөвлөөгүй янз бүрийн байдлаар байнга өгдөг.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХУВИЛБАРААР СОНСОХ:

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.212.118.235) 2019 оны 04 сарын 09

АМЖИЛТ Сайн үйлсэд саар мундахгүй ? Мундаг дасгалжуулагч шүү !!!

0  |  0
Зочин(122.201.19.66) 2019 оны 09 сарын 01

Жаахан ахицтай яваа нэгнээ бигий харлуул. Хүүхдүүд нь амжилт гаргаж байна

1  |  0
Зочин(122.201.19.66) 2019 оны 09 сарын 01

Монголчуудийн тамын тогооний үлгэр л байна. Хосбаярийн шавь нарын амжилт нүдэн дээр ил байнаш дээ.

1  |  0
Demjigch(66.181.161.44) 2019 оны 04 сарын 07

Sain yawhad saad boloh sanaa muutnuud huld degee tawih gej oroldono tyyniig byy too . Amjiltiig chini baharhdag shyy .

0  |  0
zochin(202.126.89.143) 2019 оны 04 сарын 05

HOSOO duud ylam ih amjilt husie.Aygaa Dashbalbar agsan doromjlyylah tysam bi 7 byrhan od shig gjlalznaa gesen saihan ug bii.AMJILT.

0  |  0
dsn(122.201.31.251) 2019 оны 04 сарын 05

Odoo er n ali ch salbart iimerhuu heruul ataa horsol mash ih deverch bn .uuniig bolih mgl setgelgee bn uu? Ene bl erhem tomchuud deedchuudees haldvarlaj bgaa aimshig bish uu?!

0  |  0
m(72.35.247.137) 2019 оны 04 сарын 05

Togsoltiin mini neg saihan ohiniig avch suugaad daramtalj alsan novsh muu yum hiij bgaa

0  |  0
Zochin(103.212.117.39) 2021 оны 01 сарын 27

Shaadag muu gulug..hunii huuhed avch medal avhuulchaad minii huugiin shavi gene uu..Yu ch medku sheesee busdiig daramtalj hucheer dasgaljyulgach hiilgedeg baij..Hujaagiin sheesuudiig udahgui tseverlegee ehelnee

1  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 04 сарын 05

ta taywan ajlaa khiikh kheregtey , mongol khunii ataarkhuu zan , tamyn togoony zan ilerch baygaa yum , tany gargasan amjiltaar mongolchuud bakharkhdag shuu

0  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 04 сарын 05

ta taywan ajlaa khiikh kheregtey , mongol khunii ataarkhuu zan , tamyn togoony zan ilerch baygaa yum , tany gargasan amjiltaar mongolchuud bakharkhdag shuu

0  |  0
Top