Хойд Солонгос, АНУ-ын хэлэлцээ сэргэх үү?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ сарын 11-нд Вашингтонд дээд хэмжээний уулзалт хийнэ. Энэ нь Ханой хотноо бүтэлгүйтсэн АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа болж буй тэдний анхны уулзалт юм.

Ирэх уулзалт Өмнөд Солонгосын засгийн газрын хувьд АНУ, Хойд Солонгос хоёрын дунд зуучлах боломж юм. Тус хоёр улс Ханойд Дональд Трампын Ким Жон Унд гардуулсан хэлэлцээрийн талаар тэс өөр байр суурьтай байсан. Өнгөрсөн бямба /2019.03.30/ гарагт олон нийтэд хэсэгчлэн ил болсон баримт бичигт Хойд Солонгост цөмийн зэвсэг, цөмийн материалыг АНУ-д шилжүүлэх, бүх цөмийн объект, баллистик пуужингаа бүрэн устаж, химийн болон биологийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзах нөхцөл тавьжээ.

Тус хэлэлцээрээр дипломат болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээсээ өмнө АНУ-ын зүгээс Хойд Солонгост тавьж буй бүрэн, нотлогдохуйц, эргэлт буцалтгүй цөмийн зэвсгээс ангижрах шаардлага нь юу болохыг Хойд Солонгост тодорхой ойлгуулах ёстой байв. Энэ бол Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрахыг эрмэлзэж буйгаа илэрхийлж буй ч хэрэгжүүлэхэд хойрго хандаж буй санал байв.

Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш Өмнөд Солонгосын засгийн газар бараг сар дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дипломат болон аюулгүй байдлын төлөөлөгчдөө Вашингтон руу илгээх замаар Вашингтон, Пёньяны хооронд зуучлах боломжийг эрэлхийлж байна.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Гён Хва АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтонд уулзсаныхаа дараа Сөүл, Вашингтон хоёр АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээг эрчимжүүлэх сонирхолтой буйг илэрхийлсэн.

АНУ-аас тавьж буй нөхцөлийг хүлээн авах хүндрэлтэй тул Хойд Солонгос Өмнөд Солонгосын засгийн газрыг АНУ-аар буулт хийлгэхийг хүсэх байх гэж Сөүлийн Донгүк их сургуулийн профессор Ко Ю Хван AsiaToday сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тиймээс АНУ, БНАСАУ хоёул хүлээн авахуйц тийм хэлэлцээрийг боловсруулах хэрэгтэй гэнэ.

Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар яриа хэлэлцээгээ дахин сэргээх чиглэлээр байр сууриа илэрхийлээгүй байна. Шинжээчдийн зүгээс Хойд Солонгос Сөүл, Вашингтоны дээд хэмжээний уулзалтын үр дүнг харгалзан дараагийн алхамаа боловсруулах байх гэж таамаглаж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлах асуудал мөн яригдаж байгаа билээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top