“Улаанбаатар Сити” клуб шинэ улиралд бэлэн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазаалай” дээд лигийн 2019 оны улирал дөрөвдүгээр сарын 13-ны өдөр эхлэх гэж байна.  Шинэ улирлын өмнө “Улаанбаатар Сити” клуб легионер тоглогчдоо олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тус клуб нь 2016 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж, үүнээс хойш жил бүр Монголын хөлбөмбөгийн дээд лигт тасралтгүй оролцож, 2017 оны улиралд мөнгөн медалийг хүртэж байсан юм.

“Улаанбаатар сити” клуб нь клубын системт шаардлагатай албан тушаалтнуудыг элсүүлж, олон улсын стандартад нийцсэн клуб болохын тулд ихэд анхаарч ажилладаг. Үүний нэгэн жишээ гэвэл тус клуб Монголдоо хөлбөмбөгийн клубүүдэд дундаа анх удаа өөрсдийн гэсэн хэвлэлийн өрөөтэй болжээ.

Өнөөдөр /2019.04.08/ анхны албан ёсны хэвлэлийн хурлаа зохион байгуулж, Сенегал, Бразил,  Испани, Япон улсын легионер тоглогчидоо танилцууллаа.

Бразил улсын тамирчин Габриэл  Кармогийн хувьд өдгөө 28 настай, төвийн довтлогчийн байрлалд тоглодог. 1,88 см өндөртэй тоглогч бөгөөд өмнө нь Бразилын Фламенго, Интер Би, Коритиба Эф си, Вила Нова Эф Си клубүүдэд тоглож, 2012 онд Грект 2013 онд Болгарын Локомотив Половдив, 2015-2016 онд  Албаны Партизани, 2017-2018 онд Болгарын Созопол, 2018-2019 онд Кипр улсын лигүүдэд тоглож ирсэн туршлагатай тамирчин юм.

Сенегал улсын тамирчин Массамба Самбу нь 32 настай. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр Францын алдарт Монако, Нантес, Сидан клубүүдэд тоглож, Сенегал улсын шигшээ багт дуудагдаж байсан. Мөн Энэтхэг, Кипр, Андор, Латви улсуудын клубын эгнээнд нэгдэж, дээд лигт өрсөлдөж байсан туршлагатай.

Испани улсын тамирчин Яаго Перезийн хувьд өдгөө 31 настай. Хагас хамгаалагч. Өмнө нь Испаний Коруксо Эф Си, Алондрас, Ароса,  Буазас клубүүдэд болон Андорын дээд лигт тоглож байсан туршлагатай. Дөрөвдүгээр сарын 1-ын Монголын “Улаанбаатар Сити” клубын эгнээнд нэгдсэн.

Япон улсын тамирчин Соичиро Танака нь 25 настай 1.82 см-ийн өндөртэй. Хамгаалагчийн байрлалд тоглодог. 2013-2015 оны хооронд Сингапурын премьер лигийн Албирекс Нигата, Монтенегро улсын Искра Даниловград клубт 2015-2016 онд, Латви, Серб зэрэг улсуудад тоглож байсан туршлагатай.

“Улаанбаатар Сити” клуб өмнө нь испани ахлах дасгалжуулагчтайгаар Дээд лигт оролцож байсан бол энэ жилийн хувьд Монголын хөлбөмбөгийн шигшээ багт багтаж, хамгийн олон тоглолтод оролцож байсан лиг болон цомын тэмцээнүүдийн аварга, дасгалжуулагч Д.Лүмбэнгарав ахалж байна.

Тэд “Мазаалай” дээд лигийн шинэ улиралд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top