ӨМНӨГОВЬ: Гурван тэс сум “Дархан бэр”-ээ өргөмжиллөө

2019 оны 04 сарын 09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас тус сумынхаа харьяат гурван хүү дараалан төрүүлсэн ээжүүдийг “Дархан бэр”-д өргөмжлөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг амжилттай сайн зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд нийт 120 гаруй дархан бэрийг өргөмжлөн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн юм. Хүндэт ээжүүдээс хамгийн ахмад настай нь өдгөө 100 насыг зооглосон Годын Осоржин гуай байсан бол, хамгийн залуу дархан бэрээр 29 настай Даваахүүгийн Должинсүрэн тодорсон юм.

Сум орон нутгийн удирдлагуудын зүгээс цаашид сумынхаа гурван хүү дараалан төрүүлсэн ээжүүддээ дархан бэрийн үнэмлэх тэмдгийг гардуулан өгөх ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.       

Төв халхын ёсонд айлд бэр болж дараалан гурван хүү төрүүлсэн эмэгтэйг “Дархан бэр” болгон хүндэлдэг. Монголчуудын уламжлалт ёсонд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү өргөмжлөн хүндэлдэг ажээ.

Э.Төгсбилэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урангуа(202.179.7.22) 2019 оны 04 сарын 09

Сайхан арга хэмжээ болсон байна. Амжилт хүсье

Top