ХААН Банкны дэргэдэх “Angels” акробат, уран нугаралтын төвийн хамт олон дэлхийд амжилтаа бататгалаа

2019 оны 04 сарын 11

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд орчин үеийн циркийн урлагийг дэмжих, залууст урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор 2008 оноос дэргэдээ МУГЖ, Монголын уран нугараачдын холбооны ерөнхийлөгч, уран нугараач Л.Энхцэцэгийн үүсгэн байгуулсан “Angels” акробат уран нугаралтын төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллуулж ирсэн. Тус төв нь 2008 оноос ХААН Театрт өдөр тутмын бэлтгэл сургуулилалтаа хийж, цирк, театр, бүжиг, хөгжим зэрэг урлагийн олон төрлийн элементийг үндэсний болон орчин үеийн хэв маягт нийцүүлэн өдгөө 50 орчим уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. “Angels” акробат уран нугаралтын төв ирээдүйн залгамж халаагаа бэлтгэхээр сургалт явуулдаг бөгөөд энэ хүрээндээ хотын захын дүүргүүдийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургалтад хамруулж иржээ.

Дэлхийд чансаагаараа эхний гуравт бичигдэх “Маргаашийн циркчид” наадам 40 дэх удаагаа Франц улсад саяхан зохион байгуулагдаж, Монгол Улсаас 35 жилийн дараа МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг хүндэт зочноор уригдан оролцож, уран нугаралт, аэробик хосолсон шинэлэг үзүүлбэрээрээ хоёр дахь удаагаа алтан медаль хүртжээ. Тэрээр анх 1983 онд тус тэмцээнээс анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бол энэ удаа уран нугаралтын хүнд элемент бүхий, үндэсний хэв маягийг орчин үеийн хэмнэлтэй хосолсон үзүүлбэр үзүүлж наадмын үеэр цугласан орон орны 5000 гаруй үзэгчийг гайхашруулж чадсан юм.

Энэхүү бахархам амжилтын эзэн болсон ХААН Банкны дэргэдэх “Angels” акробат, уран нугаралтын төвийн хамт олныг ХААН Банкны удирдлагууд өнөөдөр хүлээн авч, баяр хүргэн талархал илэрхийллээ. Монголын уран нугаралт дэлхийд данстай шүү гэдгийг баталж, орчин үеийн циркийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй түүнд ХААН Банкны нийт хамт олон гүнээ талархаж, хүндэтгэн бахархаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top