Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Багш нарын VII Их хурал” өчигдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Энэхүү хуралд Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч оролцож байна. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэхүү хурал өнөөдөр үргэлжлэх юм. Тэд хоёр өдрийн турш нэгэн дээвэр дор чуулж салбартаа болон өөрсдөдөө тулгамдаж, байгаа олон асуултад хариулт авч, шийдэлд хүрэх юм.
БАГШ, СУРАГЧДЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛНА
Монголын боловсролын салбарт өнөөдөр 47 мянга гаруй багш ажилладаг гэх судалгаа бий. Тэдэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол цалингийн хэмжээ, нийгмийн асуудал гэдгийг салбар яамнаас онцолж байна. Учир нь, нэг сарын өмнө нийт багш нарын дунд түүвэрчилсэн аргаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон багш нарын дийлэнх нь ажлын ачаалал их, цалин бага, хөдөө орон нутагт багшлах хүчин хомс байдаг талаараа “гомдоллосон” байна.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Багш нарыг багшлах үндсэн ажлын чиг үүргийн бус захиргааны болон бусад ажилд дайчилдаг, элдэв цаасан тайлан тооцоо, мэдээлэл гаргах ажлаар дардаг байдлыг зогсоох, тэднийг төрөл бүрийн орон нутгийн болон байгууллагын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад дайчилж, сурагчдыг зохион байгуулалттай оролцуулахыг даалгадаг, тэдгээр уралдаан тэмцээний үр дүнгээр багшийн ажлыг дүгнэдэг зарчмын бус байдлыг таслан зогсооно. Ирэх есдүгээр сарын 1-нээс багш, сурагчдын ачааллыг бууруулна” гэв.
БАГШ НАРЫН 60 ГАРУЙ ХУВЬ НЬ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ
Төрийн ордны Их танхимд өчигдөр бүтэн өдөр үргэлжилсэн “Багш нарын VII Их хурал”-д оролцож байгаа 800 гаруй багш орон сууцны асуудлыг хөндсөн юм. Учир нь, тэдний 60 гаруй хувь нь өөрийн гэсэн тохилог орон сууцгүй, гэр хороололд амьдардаг байна. Тиймээс хуульд тусгасан багш нарыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг салбарын сайдаасаа хүслээ. Харин салбар яамны зүгээс Боловсролын тухай хуульд тусгасан тэрхүү заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой журам боловсруулж удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байгаагаа хурлын үеэр дуулгасан юм.
БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨРГҮЙ ЯВЖ ИРЖЭЭ
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг их, дээд сургуулийн багш нарын мэргэжлийн дээшлүүлэх, мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг “Багш нарын VII Их хурал”-д тавьсан илтгэлдээ дурдлаа. Учир нь, сарын өмнө Боловсролын үнэлгээний төвөөс багш мэргэжлээр боловсон хүчин бэлддэг их, дээд сургуулиудад шалгалт хийжээ. Харамсалтай нь, шалгалтаар ихэнх нь хангалтгүй дүн авсан байна.
Энэ талаар БСШУС-ын сайдаас тодруулахад “Багшийн чанар, хөгжлийн асуудал нь багш бэлтгэх тогтолцоотой нягт холбоотой. Их, дээд сургуулиудын багш нарт буюу багшийг бэлтгэдэг багш нарын мэргэжил дээшлүүлэх албан ёсны сургалтын нэгдсэн хөтөлбөргүй, сургалтын төвгүй явж иржээ. Энэ долоо хоногт тушаал гаргаж “Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарын мэргэжил дээшлүүлэх төв” байгуулах эхний алхмыг хийлээ. Ер нь, их, дээд сургуулийн багш нарын Боловсролын хөгжлийн төвийг байгуулах зайлшгүй шаардлагатай. Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудал 30 жил орхигдсон. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ” гэх хариултыг өглөө.
Энэхүү “Багш нарын VII Их хурал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож үг хэлсэн бол БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэдний хэлсэн үгнээс онцолж байна.
Х.БАТТУЛГА: БАГШ НАРААСАА ХҮҮХДҮҮДИЙГ БҮТЭЭЛЧ ИРГЭН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Засгийн газраас Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагаа, ажиллагчдын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх бодлогоо зарлах, хэрэгжүүлэхийг шаардаж, боломжтой бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно.
Бүх түвшний сургалтын байгууллагуудаас сургалтаа иргэдэд чанартай амьдрахад шаардагдах цогц чадамжуудыг эзэмшүүлэх, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд чиглүүлж, сургалтын орчин, агуулга, арга зүйдээ ахиц дэвшил гаргахыг шаардаж, хамтран ажиллах болно. Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнээс хүүхэд, залуусыг хүнлэг ёс суртахуунтай, эх оронч үндэсний үзэлтэй, өргөн мэдлэгтэй, эрүүл чийрэг, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсч, уриалан, хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо.
У.ХҮРЭЛСҮХ: ТООНД БИШ ЧАНАРТ АНХААРАХ БОЛСОН
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та бид их ажил хийж байгаа хэдий ч сургалтын чанар, үр дүн хангалттай төвшинд хүрэхгүй байгааг ард иргэд шүүмжилж байна. Иймээс боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, бүх шатны сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, багш нарын нэр хүндийг өргөх талаар бидэнд хийх ажил, засаж залруулах зүйл их байгаа. Монгол Улсад сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сургалтын хөтөлбөр өөр хоорондоо эрс ялгаатай байна. Дээр нь сургалтын хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургалтын агуулга, сурах бичгийн бодлого тогтворгүй болж, багш нарын заах арга барилд муугаар нөлөөлж ирсэн. Өнөөдөр манай орны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн бараг 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэж байхад дэлхийн бусад улсуудын дундаж үзүүлэлт 30-40 хувь байдаг. Мөн дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүдийн тоо өссөөр байна. Энэ нь бид тоо биш чанарт анхаарах цаг болсныг илтгэж байна. Иймээс мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог шинэчлэн бэхжүүлж, техник мэргэжлийн сургуулийн талаархи иргэдийн буруу хандлагыг засан залруулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг улам өргөтгөх шаардлагатай байна” гэсэн юм.
Ё.БААТАРБИЛЭГ: БЭРХШЭЭЛ БҮХЭНД ГАРЦ ГАРГАЖ АЖИЛЛАНА
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ "Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга бага ангид 3.1, дунд ангид 1.2, ахлах ангид 0.5 хувийн давхцалтай, бага ангийн агуулгын 8.2 хувь, дунд ангийн агуулгын 7.3 хувь, ахлах ангийн агуулгын 10.5 хувь нь хүндэдсэн байна. Энэ нь суралцагчдын ачааллыг нэмэгдүүлэх, сурах сонирхлыг бууруулах, улмаар чанаргүй сургалт явуулахад хүргэж байна. Эдгээр алдаа, дутагдлыг засаж сайжруулна. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын 2019 оны намрын чуулганы хугацаанд өргөн барина. Хуулийн төсөлд сургуулийн өмнөх, бага дунд, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон дээд боловсролын асуудлыг цогцоор нь тусгаж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн боловсролын салбарын чиг хандлагад нийцүүлэн сайтар боловсруулна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүчин чадал нэмэгдэж байгаа ч хүн амын өсөлтийн хурдац, одоо ашиглаж буй барилгын насжилт, ашиглалтын хугацаа зэргээс сургууль, цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй байна. Бэрхшээл бүхэнд гарц гаргаж ажиллана. Энэ удаагийн Их хурал Монголын багш нарын санаж хүсдэг, шаардаж асуудаг, бодож тунгаадаг, эргэцүүлж болгоомжилдог олон олон асуудалд хариулт өгсөн, мэдлэг нэмсэн, мэдээлэл түгээсэн үр өгөөжтэй, бас холын хараатай шийдвэрүүдийг гаргана гэж найдаж байна" гэсэн билээ.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 0 )