ТОЙМ: С.Зориг агсны хэргийг шалгахаар болж, Түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг баталсан 7 хоног

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 14

Сүүлийн үед төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнгөрч буй энэ долоо хоногт С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороог байгууллаа. Түүнчлэн парламентад АН албан ёсоор бүлэггүй болж байгаагаа мэдэгдэж, Монголын мянга, мянган багш нар нэгэн дээвэр дор чуулж, өнгөрсөн 23 жилийн алдаа, оноогоо дэнсэллээ.

Үүдээ барьсан "Капитал" банкийг тойрсон асуудал ч намжсангүй.

Засгийн газраас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг баталж гаргалаа. Хотын даргын орлогч П.Баярхүү ажлаа өгч, иргэний хөдөлгөөнөөс Хотын дарга С.Амарсайханыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан зэрэг өнгөрч буй энэ долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Ингээд ZINDAA.MN сайт энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ АЛБАН ЁСООР ТАРЛАА-

УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн мягмар гарагт /2019.04.09/ ээлжит бусаар хуралдаж албан ёсоор тарж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож зөвлөл болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Манай нам хоёр гишүүндээ хариуцлага тооцож, намаасаа хөөсөн. АН-ын бүлэг 9-үүлээ байсан, гэхдээ одоо долуулаа болсон. Бид долуулаа байлаа гээд бүлэгтэй байхаасаа илүү бүлэггүй байж, ард түмнийхээ дуу хоолой болох нь илүү байж мэднэ" гэх тайлбарыг өглөө. 

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг Стандарт банканд тавьсан өрийн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Стандарт банкны өрийг дарсан тухай мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг заавал эргэж нягтлах ёстой гэж үзэж байна. Бусдын тавьсан өрийг ард түмний халааснаас төлөх ёсгүй. Үүн дээр бид Ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсгийг зөвлөлийн дэд дарга Д.Пүрэвдоржоор ахлуулна" хэмээн ярилаа.


-УИХ-ААС С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРООГ БАЙГУУЛЛАА-

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татаад байгаа С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Улмаар гишүүдийн олонх Түр хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулахдаа "Хэрэв Түр хороог байгуулвал С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж таарна. Үүний цаана гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрх зөрчсөн асуудал яригдаж байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, тэдний ар гэрийнхнийг айлган сүрдүүлж дарамталсан  зэрэг асуудлыг нарийн шалган тодруулах шаардлагатай болно" хэмээн ярьсан билээ.

Мөн энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсын Доха хотод болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд оролцож, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан Монгол Улсын Их Хурлаас хүргүүлсэн болохыг танилцуулж, уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг танилцуулсан тухайгаа гишүүдэд дуулгав. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэн юм.


-ЗАСГИЙН ГАЗРААС ИРГЭДИЙН УДААН ХҮЛЭЭСЭН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧЛӨХ ЖУРМЫГ БАТЛАВ-

Засгийн газрын өнгарсан лхагва гарагийн /2019.04.10/ хуралдаанаар Түрээсийн орон сууцыг түрээслэгчдэд өмчлүүлэх журмыг баталсан билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Иргэдийн хүсэлтийн дагуу түрээслээд орон сууц ашиглаж байгаа иргэд тухайн түрээслэгч байгууллагадаа хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд тухайн байрны төлбөрийн 30 хувийг төлж, улмаар ипотекийн зээлд хамрагдах замаар өмчилж болно. Мөн төлбөрийн чадвартай бол тав хүртэлх жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж түрээсийн орон сууцны худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Гэхдээ түрээсийн орон сууцны сангаас түрээсээр ашиглаж байгаа орон сууцнууд уг журамд харагдана" хэмээн онцолсон юм.

Түүнчлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ "Тухайн түрээслэгч байгууллагатайгаа тохирч болно. Тухайлбал, гурван жил, таван жилийн хугацаанд урьдчилгаагаа бүрдүүлснийхээ дараа ипотекийн зээлд хамрагдаж болно. ТОСК-оос байр түрээсэлсэн бол хүсэлтээ ТОСК-т гаргана. ТОСК-д 1512 айлын орон сууц байгаа. Эдгээр орон сууцыг түрээслэгчид өмчилж авч болно. Өнөөдрийг хүртэл төлсөн төлбөрийг тооцохгүй.  Шинээр гэрээ байгуулна. “Буянт-Ухаа 2”-ыг түрээсийн орон сууц болгоё гэсэн журмыг ирэх долоо хоногоос Засгийн газарт оруулна.Энэ хорооллыг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээ барьж байгаа. Өртөг нь 1.4 сая төгрөг байгаа. Энэ өртгөөр тооцно" хэмээн хариулсан байдаг.


МОНГОЛЫН БАГШ НАР 23 ЖИЛИЙН ДАРАА ЧУУЛЖ, АЛДАА ОНООГОО ДЭНСЭЛЛЭЭ-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Багш нарын VII Их хурал” өнгөрсөн пүрэв, баасан гарагт хоёр өдөр боллоо. Энэхүү хуралд Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч оролцлоо. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцсон юм. Тэд хоёр өдрийн турш нэгэн дээвэр дор чуулж салбартаа болон өөрсдөдөө тулгамдаж байгаа олон асуултад хариулт авч, шийдэлд хүрлээ.

Монголын боловсролын салбарт өнөөдөр 47 мянга гаруй багш ажилладаг гэх судалгаа бий. Тэдэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол цалингийн хэмжээ, нийгмийн асуудал гэдгийг салбар яамнаас онцолж байна. Учир нь, нэг сарын өмнө нийт багш нарын дунд түүвэрчилсэн аргаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон багш нарын дийлэнх нь ажлын ачаалал их, цалин бага, хөдөө орон нутагт багшлах хүчин хомс байдаг талаараа “гомдоллосон” байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Багш нарыг багшлах үндсэн ажлын чиг үүргийн бус захиргааны болон бусад ажилд дайчилдаг, элдэв цаасан тайлан тооцоо, мэдээлэл гаргах ажлаар дардаг байдлыг зогсоох, тэднийг төрөл бүрийн орон нутгийн болон байгууллагын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад дайчилж, сурагчдыг зохион байгуулалттай оролцуулахыг даалгадаг, тэдгээр уралдаан тэмцээний үр дүнгээр багшийн ажлыг дүгнэдэг зарчмын бус байдлыг таслан зогсооно. Ирэх есдүгээр сарын 1-нээс багш, сурагчдын ачааллыг бууруулна” гэв. 

Төрийн ордны Их танхимд өчигдөр бүтэн өдөр үргэлжилсэн “Багш нарын VII Их хурал”-д оролцож байгаа 800 гаруй багш орон сууцны асуудлыг хөндсөн юм. Учир нь, тэдний 60 гаруй хувь нь өөрийн гэсэн тохилог орон сууцгүй, гэр хороололд амьдардаг байна. Тиймээс хуульд тусгасан багш нарыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг салбарын сайдаасаа хүслээ. Харин салбар яамны зүгээс Боловсролын тухай хуульд тусгасан тэрхүү заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой журам боловсруулж удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байгаагаа хурлын үеэр дуулгасан юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг их, дээд сургуулийн багш нарын мэргэжлийн дээшлүүлэх, мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг “Багш нарын VII Их хурал”-д тавьсан илтгэлдээ дурдлаа. Учир нь, сарын өмнө Боловсролын үнэлгээний төвөөс багш мэргэжлээр боловсон хүчин бэлддэг их, дээд сургуулиудад шалгалт хийжээ. Харамсалтай нь, шалгалтаар ихэнх нь хангалтгүй дүн авсан байна.

Энэ талаар БСШУС-ын сайдаас тодруулахад “Багшийн чанар, хөгжлийн асуудал нь багш бэлтгэх тогтолцоотой нягт холбоотой. Их, дээд сургуулиудын багш нарт буюу багшийг бэлтгэдэг багш нарын мэргэжил дээшлүүлэх албан ёсны сургалтын нэгдсэн хөтөлбөргүй, сургалтын төвгүй явж иржээ. Энэ долоо хоногт тушаал гаргаж “Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарын мэргэжил дээшлүүлэх төв” байгуулах эхний алхмыг хийлээ. Ер нь, их, дээд сургуулийн багш нарын Боловсролын хөгжлийн төвийг байгуулах зайлшгүй шаардлагатай. Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудал 30 жил орхигдсон. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ” гэх хариултыг өглөө.


-Ч.ХҮРЭЛБААТАР: "КАПИТАЛ" БАНКИНД ЖДҮ-ГИЙН 47 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШИЖ БАЙСАН-

Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр "Капитал" банкийг татан буулгахаар болсон билээ. Үүнтэй холбоотой Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Капитал банкийг татан буулгах шийдвэрийг өчигдөр гаргасан. Капитал банкны энэ системдээ нөлөө бүхий биш. Ойролцоогоор нэг хувийг эзэлдэг. Тийм учраас банкны салбарт том нөлөө үзүүлэхгүй. Банкны үйл ажиллагаа нь доголдоод дөрвөн жил болсон гэдгийг энд онцлох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн өрийн дарамт Засгийн газарт өрийн дарамт үүсч байна. Тэтгэврийн даатгал гэхэд олон талын төлөөлөлтэй байдаг. Энэ хүрээнд 104 тэрбум төгрөг байршиж байсан.

Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум. Нийлүүлэхээр 240 гаруй тэрбум нь даатгалын мөнгө болж байгаа юм. Үндсэндээ 2007 оноос бага хэмжээтэй байршиж байгаад 2013, 2014 онд 100, 100 тэрбумаар нэмэгдээд энэ хэмжээнд очсон. 2016 оны наймдугаар сараас мөнгө нэмж байршуулаагүй. Гурав дахь нь Хөгжлийн банкны 52 тэрбум. Н.Мөнхбат гэдэг хүн ажиллаж байх үед дамжуулан зээлдэхээр гаргасан мөнгө. Дөрөв дэх нь 47 тэрбум буюу ЖДҮ-гийн мөнгө байршиж байсан. Эдгээрийг нэмэхээр 340 орчим тэрбум болж байгаа юм. Дээр нь Анагаах, Боловсролын их сургуулийн зургаан тэрбум төгрөг байршиж байсан. Ингээд авч үзэхээр банкны төлбөр хийх чадвар нь муудаж байсан, Монголбанкны шаардлагыг хангахгүй байсан болохоор нэмж мөнгө байршуулаагүй. Тухайн банк нь 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон банк. Дөрвөн жилийн дараа татан буулгах арга хэмжээг авч байна" гэх байр суурийг илэрхийллээ.


-ТАВАНТОЛГОЙГООС ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО-

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг  өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан юм. Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Энэ жил Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг 807 тэрбум төгрөг болсон ба үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар дотоодын бүтээн байгуулалт болгохыг батлаад байна. Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм. Бонд гаргагч нь Монголын Төмөр зам, бонд худалдаж авч буй байгууллага нь Эрдэнэс Таван толгой харин гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб юм. Өөрөөр хэлбэл бид цэргийнхээ хүч, бололцоогоор бүтээн байгуулалтыг босгох юм. Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэсэн билээ. 


-ЗАСГИЙН ГАЗРААС БҮХ ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛНЭ-

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийлээ. Хүүхдийн шүдний асуудалд хамтран ажиллах эмнэлгүүдийг шалгаруулж дууссан талаар уламжлав. Энэ тухай тэрбээр “Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан.Энэ асуудлыг хайхралгүй орхивол бүтэн нэг үе шүдний асуудалтай үлдэх байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог.Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй. Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна. Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Эхний ээлжинд 2-6 нас хүртэлх хүүхдүүдийн шүдийг үзлэг оношлогоо эмчилгээнд хамруулж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.

Түүнчлэн “Эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй бүрэн ойлгоцсоны үндсэн дээр хөтөлбөрийг эхлүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлыг 30 хувь бууруулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Эмнэлгүүдийн жагсаалтыг зарласан. Иргэдийн зүгээс цахим орчинд үнэгүй юм бол чанаргүй гэх сэтгэгдлийг илэрхийлж байна. Тиймээс үүнийг би үнэгүй биш гэдгийг онцолж хэлье. Эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Emch! (172.58.224.23) 2019 оны 04 сарын 14

Yadarsan arga! Dahiad l shud tsoirno! Hairan mongo! Ternij orondvshudnii emnelegiinhee systemiig oorchlooch ee?

Top