ТОЙМ: Төрийн эргэлт, хар нүхтэй долоо хоног

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 14

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болсон гол гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Энэ сарын 11-ний өдөр Судан улсад төрийн эргэлт гарлаа. Суданы арми шуурхай хуралдаж, Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир, түүний туслахууд болон засгийн газрыг огцруулах шийдвэр гаргав. Аl-Hadath мэдээлснээр, Батлан хамгаалахын сайд асан Абдуррахим Хусейн, Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтынхан, эрх баригч Үндэсний Конгресс Намын дарга Ахмад Харун, аль-Баширын орлогч асан Али Усман Тах нар саатуулагдсан. 2005 онд батлагдсан Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоож, онцгой байдлын дэглэмийг гурван сарын хугацаанд зарлаад байгаа бөгөөд Суданы агаарын оройн зай, олон улсын нисэх онгоцны буудал хаалгаа барив. Тус улсыг цэргийн зөвлөл хоёр жилийн хугацаанд удирдах ба түр зөвлөлийг батлан хамгаалахын сайд, нэгдүгээр дэд ерөнхийлөгч Авад ибн Ауф тэргүүлэхээр болов. Ерөнхийлөгч Омар аль-Башир саатуулагдаад байгаа юм.

2011 онд АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Өмнөд Судан салан тусгаарласны дараа Судан улсад эдийн засгийн хямрал ноёрхсон билээ. 2018 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс талхны үнийг бууруулах шаардлагаас эхэлсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал аажмаар 30 жил тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Омар аль-Баширийн улстөрийн дэглэмийг өөрчлөх тэмцэл болж өргөжсөн юм.

Эквадорын Элчин сайдын яаманд долоон жил орогносон “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг энэ сарын 11-ний өдөр баривчлав. Өдгөө 47 настай Ассанжийн орогнол хүссэн хүсэлтэд Эквадорын Засгийн газар татгалзсан хариу өгснийг Эквадорын түүхэн дэх хамгийн том урвалт хэмээн хэвлэлүүд бичиж байна. Австрали гаралтай сэтгүүлч, програмист Жулиан Ассанж 2010 онд өөрийн байгуулсан WikiLeaks сайтаараа дамжуулан АНУ-ын Төрийн департаментын нууц баримт бичгүүд болон Ирак, Афганистанд явуулсан цэргийн ажиллагааны талаарх материалуудыг олон нийтэд дэлгэснээр алдартай нэгэн болсон. Эквадорын Ерөнхийлөгч Л.Мореногийн хэлснээр Ассанж олон улсын конвенцыг удаа дараа зөрчсөн тул түүнд орогнол олгохоос татгалзжээ. Жулиан Ассанж Вестминстерийн шүүхээр шүүгдэх хүртэл Лондонгийн цагдаагийн хэсэгт саатуулагдах гэнэ. Өнөөг хүртэл Ассанжийг Эквадор хамгаалж байсан нь зүүний үзэлтэй хуучин ерөнхийлөгч нь АНУ-ын бодлогыг шүүмжилж, WikiLeaks-ийн үйл ажиллагааг дэмжиж байсантай холбоотой. 2017 онд Эквадор улсад шинэ төрийн тэргүүн сонгогдсон. Дайран дээр давс гэгчээр энэ оны хоёрдугаар сар WikiLeaks Эквадорын одоогийн Ерөнхийлөгч Ленин Мореногийн дүүгийн оффшор компанийн талаарх мэдээлэл тавьсан.

Лондонгийн зүгээс Ассанжийг нууц материал нийтэлсний хэргээр шилжүүлэн өгөх тухай АНУ-ын хүсэлтийн дагуу баривчилсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ Британийн гадаад хэргийн дэд сайд Алан Дункан АНУ Ассанжид цаазын ял оноох тохиолдолд тус улсад шилжүүлэн өгөхгүй гэж мэдэгдэв.АНУ, ИХ Британи зэрэг улсад Жулиан Ассанжийг баривчилсныг буруушаан, мэдэх эрхийн төлөөх жагсаал цуглаан өрнөөд байна.

Өнгөрсөн долоо хоногт Бурхны шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам цээжний хөндийн халдвар оноштой Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын эмнэлэгт хэвтэв. 83 настай Дээрхийн гэгээнтний бие нь чилээрхсэн тул түүнийг Дели хотноо авчирч, эмнэлгийн үзлэгт оруулсан байна. Эмч нар түүнд цээжний хөндийн эрхтний халдвар гэсэн онош тавьсан бөгөөд гурван хоног эмчилгээ хийсний дараа Дээрхийн гэгээнийг эмнэлгээс гаргалаа. “Миний бие хэвийн, бараг хэвийн болсон” гэж Далай лам сэтгүүлчдэд ярьсан байна.

1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан XIV Далай лам Тэнзин Гяцо 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг хийсэн зэвсэгт тэмцэл нь бүтэлгүйтсэний дараа Төвөд орноосоо зугтан гарсан билээ. Тэрбээр өдгөө Төвөдийн цөллөгийн засгийн газар үйл ажиллагаагаа явуулж буй Энэтхэгийн Дармсала хотноо амьдарч байна. 2011 оны гуравдугаар сард засгийн газрын тэргүүний бүрэн эрхээс татгалзаж буй тухай зарласан ч Бээжин түүнийг салан тусгаарлагч гэж үзсэн хэвээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дээрх хамгийн том чөлөөт сонгууль Ази тивд албан ёсоор эхлэв. Энэтхэг улсад парламентын сонгуулийн санал хураалт тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн хамгийн том чөлөөт сонгуульд 900 сая хүн саналаа өгнө.Санал хураалтыг долоон үеэр дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 19-ний хооронд бүх 29 муж, долоон холбооны газар нутагт ээлжээр явуулах юм. Санал хураалтын эцсийн дүнг тавдугаар сарын 23-нд гаргасан байх ёстой. Лок сабха буюу парламентын доод танхимын 543 суудлын төлөө найм орчим мянган нэр дэвшигчид өрсөлдөж байна. Хамгийн олон суудал авч, эвсэл байгуулах нам засгийн газрыг бүрдүүлж, намын тэргүүн нь ерөнхий сайд болно. Гэхдээ гол тэмцэл улстөрийн хамгийн том хүчнүүд болох Бхаратиа жаната парти /БЖП/ болон Энэтхэгийн үндэсний конгресс нам /ЭҮКН/-ын хооронд өрнөнө гэдгийг хүн бүр мэдэж байгаа. БЖП нам 2014 онд гаргасан амжилтаа дахин давтах уу, одоогийн ерөнхий сайд Нарендра Моди засгийн газрыг дахин тэргүүлэх үү гэдэг асуулт хамгийн их сонирхол татаж байна.

Хүн төрөлхтөн анх удаагаа “Messier 87” галактикийн төвд нарны аймгийн нарнаас 6.5 тэрбум дахин хүнд масстай, манай гарагаас 55 сая гэрлийн жилийн цаана орших хар нүхний бодит гэрэл зургийг харлаа. Зургийг "The Event Horizon Telescope (EHT) олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны төслийн хүрээнд авсан. Энэхүү төслийн хүрээнд Өмнөд туйл, Хавай, Чили, Аризона, Испани, Мексик зэрэг газруудад найман дуран авай байрлуулж, 10 хоногийн турш хар нүхний зургийг авсан байна.Төслийн багийнхан “Харах боломжгүй зүйлийг бид харж чадлаа” гэв. Дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг Астрономийн шинжлэх ухааны хувьд түүхэн өдөр гэж онцлон тэмдэглэв.

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас харахад хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгах боломжгүй. Иймээс хар нүх гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж, ойх зүйл юу ч байхгүй.Харин хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолжээ.

Өнгөрсөн долоо хоногт мөн Ялалтын баярын жагсаалын бэлтгэл эхэллээ. Жил бүр ОХУ-ын нийслэл Москва хотноо болдог Аугаа их эх орны дайны ялалтын баярын жагсаал энэ жил 74 дэх жилдээ болно. Ирэх тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох парадын нэгдсэн бэлтгэлд 10 мянга гаруй цэрэг оролцож, нийт 14 удаагийн нэгдсэн бэлтгэл хийх юм байна.Энэ жилийн парадад 100 гаруй техник, зэр зэвсгийг ашиглах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top