Google компани Гана улсад хиймэл оюун ухааны төв байгууллаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Цахим хайлтын системээр тэргүүлэгч Google компани Гана улсад африк тивд анх удаагаа хиймэл оюун ухааны төв байгуулахаар болжээ. Ингэснээр африк тивийн интернетийн хурдыг сайжруулах, хайлтын системийн илэрцийг нэмэгдэнэ гэж компани үзэж буй ажээ. Түүнээс гадна африк тивд компьютерын шинжлэх ухаан, тэр дундаа хиймэл оюун ухааны судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Google Earth болон Google Maps платформыг ашиглан байгалийн гамшиг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх боломж ч бүрдэх аж.

“Африк тивд тулгарч буй асуудлуудыг шийдэхэд хиймэл оюун ухааны чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэр дундаа Google компанийн байгуулсан хиймэл оюун ухааны төв чухал нөлөө үзүүлэх болно” гэж Аккра хот дахь “Google AI” төвийн захирал Мустафа Сиссе ярьжээ.

Аккра хотод байгуулсан хиймэл оюун ухааны төвд Сенегал, АНУ, Уганда, Израйл, Нигери, Ирланд, Канад, Их Британийн нийт 10 хүн эхний ээлжинд ажиллах юм байна. Тус компани цаашид африк тивийн өмнөд болон хойд хэсэгт нэмж хиймэл оюун ухааны төв байгуулахаар төлөвлөж буй аж. Дашрамд сануулахад Google компанийн хиймэл оюун ухааны төв Парис, Цюрих, Токио, Бээжин, Монреаль, Торонто, Сиэтл, Кембриж/Бостон, Тель Авив/Хайфа, Нью-Йорк, Сан Франциско хотуудад байдаг юм.

Эх сурвалж: Daily Mail

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top