Даам: Өсвөрийн УАШТ-д 714 тамирчин оролцлоо

2019 оны 04 сарын 15

Монголын даамын холбооны 2019 оны хамгийн том арга хэмжээ болох өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 6-9-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль дээр зохиогдлоо. Тус тэмцээнийг уламжлал ёсоор "Гацуурт" компани 20 дох жилдээ ивээн тэтгэсэн юм. 34 дэх жилдээ зохиогдож буй энэ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 714 өсвөрийн тамирчин зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт, турк даам гэсэн таван төрлөөр, 40 багц медалийн төлөө өрсөлдсөн.

Тэмцээний дүн гарахад Баянзүрх дүүргийн өсвөрийн даамчид 8 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар албан бус багийн дүнгээр тэргүүллээ. Хөдөө орон нутгаас Архангай аймгийн тамирчид 5 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, бусдыгаа манлайллаа. Хувийн амжилтаар “Алтан хүү” клубийн тамирчин ДДХМ Э.Хүслэн 3 алт, 1 мөнгө, “Сонгодог байрлал” клубийн тамирчин ДМ Б.Баасанбар 3 алт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин СМ С.Мөнх-Оргил 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Ирээдүй” клубийн тамирчин СМ Б.Энхрийлэн 2 алт, 1 хүрэл, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Б.Мөнхжин 2 алт, 1 мөнгө, “Сонгодог байрлал” клубийн тамирчин СМ А.Дашчирэв 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Орхон аймгийн тамирчин СМ Б.Сүхбат 2 алт, Дорноговь аймгийн тамирчин ДМ Г.Шинэсаран 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин Г.Гоомарал 2 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртжээ.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1986 онд зохиогдсон бөгөөд хөвгүүдээс ОУИМ О.Түвшинболд агсан, охидоос спортын мастер Д.Энхтуул нар түрүүлж байжээ гэж Монголын даамын холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top