АНУ Куба, Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

АНУ Куба, Венесуэл, Никарагуагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа гэж АНУ-ын сангийн яам мэдээлжээ.

Хориг арга хэмжээнд Венесуэлийн Төв банк, Никарагуагийн Corporativo банк болон Никарагуагийн ерөнхийлөгчийн хүү Ортега Мурилльо, Венесуэлийн Төв банкны тэргүүн Рузза Теран нар багтжээ.

Түүнчлэн, АНУ Кубын тагнуулын албатай холбоотой таван байгууллагын эсрэг хориг тавьсан байна. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр, Кубын цэргийнхэнд харьяалагддаг иргэний агаарын тээврийн Aerogaviota компани мөн хоригийн жагсаалтад багтжээ.

Үүнээс гадна, АНУ Кубад хамаатан садангүй Америкчуудын Куба руу зорих аяллыг хязгаарлах гэнэ. Ингэснээр, Кубын аюулгүй байдлын албанд аялал жуулчлалын салбараас  орж буй тодорхой хэмжээний мөнгөний урсгалыг багасгана гэж үзэж байгаа аж. Америкчууд Куба улс руу шилжүүлэх мөнгөний хэмжээг улиралд нэг мянган ам.доллар байхаар хязгаарласан байна.

Кубын эрх баригчид хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэнээс гадна, АНУ-д хууль бус гэж тооцогддог Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжсэн нь шинэ хориг арга хэмжээ авахад хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top