Казах сүмоч Япон дахь амьдралаа ярьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Мэргэжлийн сүмод Казахстан улсаас нэг л сүмоч барилдсан. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэгчээр макүшита зиндаа хүртэл дэвшиж чадсан юм. 2003 онд Японд очиж, 2014 онд зодог тайлсан Казафүзан хэмээх Суйениш Худибаев эх нутагтаа харьсан. Ирээдүйтэй сайн бөх гэгдэж, их аварга Асашёорюү ч нэгэнтээ түүнийг “Маш чадалтай залуу. Сайн бөх болно” гэж магтаж байлаа. Макүшитагийн 10 хүртэл дэвшсэн нь түүний хамгийн том амжилт. Харамсалтай нь казах залуу 2014 оны нэгдүгээр сарын 3-нд Токио хотын зугаа цэнгэлийн Роппонги дүүрэгт согтуугаар зоогийн газрын хаалганы самбарыг эвдэж танхайрсан билээ. Сүмогийн холбооноос хатуу анхааруулга авч, үргэлжлүүлэн барилдсан ч 4 тэмцээний дараа барилдах хүсэлгүй боллоо хэмээн зодог тайлсан.

Ингээд түүний “Sports.kz” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.

Казафүзан хэмээх Суйениш Худибаев Туркменистанд төрсөн. 1996 онд гэрбүлээрээ  Актауд нүүж иржээ. Багаасаа спортоор хичээллэсэн. Эхлээд хүндийг өргөлт, дараа нь бокс, чөлөөт бөхийн спортод хүч сорьжээ.

-Би 9-р ангиа төгсөөд Алматы хотын спортын коллежид элсэж, 4 жил сурсан. Манай хэдэн хүүхдэд Японд болох сонирхогчдын сүмо бөхийн Азийн АШТ-д оролцох санал тавьлаа. Ингэж би анх Японд очсон. Сонирхогчдын сүмод амжилт гайгүй сайн байлаа. Ингээд 2003 онд мэргэжлийн сүмогийн дэвжээнээс урилга ирсэн. Юу гэж татгалзах билээ.

-Японд нийт хэдэн жил амьдарсан бэ?

-Тэр гайхалтай оронд 11 жилийг өнгөрөөсөн. Казахстанаас ганцаараа байсан гэхэд макүшитад дэвшиж чадсан минь сайн үзүүлэлт. Япон хэл, хоол унд гээд мэдээж бэрхшээлтэй зүйл байсан.

-Бешбармак хоолоо санаж байв уу?

-Хэцүү байсан. 2014 онд би зодог тайлаад Актаудаа харьсан. Хүүхэд багачуудын бөхийн сургуулийн захирал асан Магомед Куруглиевт их талархдаг. Түүний ачаар би энэ сургуульд багшилж байна.

-Сүмогийн дүрмийн талаар ярьж өгөөч.

-Ухарч л болохгүй гэж заадаг байлаа. Зөвхөн урагш түлхээд дайр гэдэг нь гол дүрэм. Хуучны уламжлалт спорт тул мэндэлж хүндлэхдээ ёс жаягаа дагана. Мөн сүмочид урт үстэй байх ёстой. Дээр үед зөвхөн самурай, сүмочид л ийм үстэй байсан. Зодог тайлахад ояката тайрдаг. Тайрсан үс минь одоо ч надад байгаа.

-Хоолны тусгай дэглэмтэй юу?

-Байхгүй. Гол нь жингээ нэмэх хэрэгтэй. Японд байхдаа би маш их будаа иддэг байсан. Бэлтгэл дээр их ядардаг тул хүч чадлаа сэргээх шаардлагатай.

-Сүмочдын амьдралаас?

-Бүх юм хатуу дэг журамтай. Мэргэжлийн спорт тул гадаа гудамжинд маргалдаж, зодоон хийж болохгүй. Хэрэг тарьсан бөхчүүдийг шууд халж, багш нарыг нь шийтгэдэг. Хоолонд орох, дэлгүүр явахдаа заавал кимоно, юката өмсдөг. Машийн барьж болохгүй, хувийн жолоочтой байх ёстой. Оякатагийн зөвшөөрөлгүй гэрлэж болохгүй. Байр авахад ч багшийн зөвшөөрөл хэрэгтэй. Ояката бол багш, дасгалжуулагчаас гадна аав гэсэн үг. Тэр чамайг бүрэн хариуцаж, чиний өмнөөс хариуцлага хүлээнэ.  

-Юу ч идэж болно, жингээ нэм гэхээр биенд муу биш үү?

-Зодог тайлсан хойно эрүүл мэндийн асуудал гардаг. Бэлтгэл хийхээ гэнэт больж болохгүй. Хоолны дэглэм барингаа бага багаар биеэ дасгах хэрэгтэй.

-Таны ирээдүйн төлөвлөгөө?

-Казахстаны сүмо бөхийн холбооны салбарыг Актау хотдоо нээх хүсэлтэй байна. Сүмо бөх заана. Гэхдээ мэдээж үндэстний онцлогийг харгалзан үзнэ. Памперс шиг зүйл нүцгэн биендээ өмсөхийг хүсэх хүн цөөхөн. Анх сонирхогчдын сүмод барилдаж байхдаа гадаадынхан өвдөг хүрсэн дотуур өмдөн дээр маваши зүүдэг байлаа. Удалгүй дасаад хамаагүй болсон. Хуучин ЗХУ-ын харьяанд байсан улс орнуудад сүмо бөх их хөгжиж байна. Тэднээс хоцрохгүйн тулд ажиллах болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin.(103.57.92.39) 2019 оны 04 сарын 22

chaavaas iim yum beldchiheed niitelj l bdag.

1  |  0
Top