Димаш Кудайберген шинэ клипээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Казахстаны залуу од Димаш Кудайберген шинэ клипээ танилцууллаа. "Любовь уставших лебедей" хэмээх энэ дууны үгийг Оросын яруу найрагч Михаил Гуцериев бичиж, аяыг нь хөгжмийн зохиолч Игорь Крутой зохиожээ. Харин клипийг Украины найруулагч, "Орел и решка" нэвтрүүлгийн хөтлөгч асан Алан Бадоев бүтээсэн байна. Клипийн гол утга санааг хосоороо л нисдэг, ганц далавчтай сахиусан тэнгэрүүдийн тухай эртний домгоос  сэдэвлэжээ. Зураг авалтыг Испани, Украинд хийсэн бөгөөд 70 уран бүтээлч оролцсон байна.

Игорь Крутой энэ дууг хэдэн жилийн өмнө зохиожээ. Харин Димаш анх удаа өнгөрсөн жил Кремльд болсон хүндэтгэлийн тоглолт дээр алдарт хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлтэйгээр дуулснаар "Любовь уставших лебедей" шинэ амьдралтай золгосон гэж хэлж болно.

Сүүлийн хэдэн жилд нэр хүнд нь огцом өссөн залуу дуучин ойрын үед зав муутай явна. Энэ сарын 16-нд тэр Ташкент хотод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев,  Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев нартай уулзсан. Ерөнхийлөгч Токаев хамт авахуулсан зургаа Instagram-даа оруулж, “Димаш Кудайберген бол манай Казахстан улсыг алдаршуулж байгаа дэлхийн хэмжээний од” гэж бичсэн байлаа.

Казахстаны супер од Димаш Кудайберген гэж хэн бэ?

Казахстаны залуу дуучин Димаш Кудайбергений од болох зам 2015 онд Беларусийн "Славянский базар" наадмаас эхэлсэн бөгөөд 2017 онд Хятадын "I'm a Singer" шоугаар дэлхийн тавцанд гарснаа зарлан тунхагласан юм. Димаш "Азийн Грэмми" шагнал хүртэж, Азийн хамгийн алдартай дуучин болж, сүүлийн 2 жил "Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу" жагсаалтад багтаж байгаа. Түүний гайхамшигтай хоолойг шүтэн биширдгээ Лара Фабиан, Жеки Чан, Ева Лонгория зэрэг одод илэрхийлээд байгаа билээ. Ингээд түүний тухай хэдэн баримтыг танилцуулья.

Димаш Кудайберген (бүтэн нэр - Динмухаммед Канатович Кудайберген) 1994 оны тавдугаар сарын 24-нд Актоба хотод урлагийн гэрбүлд төрсөн. Ээж Светлана Айтбаева мэргэжлийн дуучин бөгөөд Актоба хотын филармонид олон жил ажиллаж байна. Аав Канат Айтбаев "Жібек" хамтлагийн дуучин байсан, 2016 онд Мужийн Соёл урлагийн газрын дарга болсон ч хүүгийнхээ замналд амьдралаа зориулахаар шийдэн, ажлаасаа гарчээ. Одоо Димашийн продюсер.

Димаш 2 настайдаа анх тайзан дээр гарч, 5 настай байхдаа хөгжмийн сургуульд элссэн. 2014 онд А.Жубановийн нэрэмжит хөгжмийн коллеж төгссөн. Дараа нь Астана хотын Казахстаны Үндэсний их сургуульд элссэн.

TC Candler-ийн "Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу" чансаанд 2017, 2018 онд дараалан багтсан. "Men's Health", "Southern Metropolis Daily", "Chic Teen" сэтгүүлүүдийн нүүрэнд зураг авахуулж байв.

2017 онд Хятадын нисэхийн нэгэн компани онгоцоо түүний зургаар чимсэн байлаа. Энэ онгоц Шанхай - Бээжингийн чиглэлд ниссэн.

Димаш Кудайберген нэгэн ярилцлагадаа Майкл Жексон, Ермек Серкебаев, Селин Дион, Лара Фабиан, Лучано Паваротти нарыг шүтдэг гэж хэлж байв.

Тэр алдарт хит дуу дуулахаас гадна өөрөө ч дуу зохиодог. "Өкініш", "Война и мир", "Сөз соңы", "Тәтті елес", "Сәлем", "Ұмытылмас күн", "Көркемім" гэсэн 7 дуутай.

Димаш гадаад дотоодын олон уралдааны шагналт. Анхны шагналаа 2000 онд хүүхдийн "Айналайын" уралдаанаас авч байлаа. 2010 онд олон улсын "Звонкие голоса Байконура" уралдаанд түрүүлж, 2012 онд Казахстаны залуу дуучдын "Жас канат" тэмцээний Гран При хүртсэн. Тэр жилээ телевизийн "Восточный базар" уралдаанд тэргүүлж, жилийн дараа Кыргызстаны "Мейкин Азия"-д түрүүлжээ. 2015 онд Беларусийн "Славянский базар" наадамд түрүүлснээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад алдаршсан билээ.

2017 онд Хятадын "I am a singer" уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн ч дэлхийд нэрээ цууриатуулсан. "Top Chinese Music Awards"-ийн "Азийн хамгийн алдартай дуучин",  MTV Global Chinese Music Awards-ийн "Гадаадын оны шилдэг дуучин" шагнал хүртэж байв. Нэг сая долларын шагналтай "The World's Best"-д түрүүлэх боломжтой байсан ч “бяцхан хүүхдүүдтэй өрсөлдмөөргүй байна” гээд сайн дураар тэмцээнийг орхиж байлаа.

Түүний "Грешная страсть" дууны бичлэг "Россия 1" сувгийн 2018 оны хамгийн их үзсэн клип болсон. Одоогийн байдлаар 4.5 сая хүн үзжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.25.68) 2020 оны 06 сарын 10

Ёстой гайхамшиг дуучин гэж ийм хүнийг л хэлдэг байх

2  |  0
ИРГЭН(202.179.25.68) 2020 оны 06 сарын 10

Ёстой гайхамшиг дуучин гэж ийм хүнийг л хэлдэг байх

1  |  0
Top