Нөхөн сонгуулиас акулууд бэргэж, жижгүүд давшиж байна

2019 оны 04 сарын 23

ТАВДУГААР САРЫН НЭГНИЙ ДОТОР НЭР ДЭВШИГЧИД ТОДОРНО

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт ирэх зургаадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулна. Тус сонгуульд өрсөлдөгчдийн нэрс хараахан тодроогүй ч янз бүрийн таамаг байгааг хойш тавъя. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол МАН, АН хэмээх хоёр том улс төрийн хүчин нөхөн сонгуульд өрсөлдөх сонирхол тун бага байгаа аж. МАН-ын хувьд нийгэм сонгогчдын тогтворгүй байдал нь энэхүү сонгуулиар эерэг нөлөөлөл авчрахгүй байх магадлалтай учраас ийнхүү сонирхол бага байгаа ч өрсөлдөгчөө илгээхээс өөр аргагүй.

МАН Удирдах зөвлөл, улмаар Бага хурлаа хуралдуулж нөхөн сонгуульд оролцох эсэх, хэн гэдэг нэр дэвшигчийг илгээхээ шийдвэрлэх учиртай. АН ч гэсэн Үндэсний бодлогын зөвлөл, Үндэсний зөвлөлөө хуралдуулснаар бүх зүйл ил болно.

Нөхөн сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын нэгэн гэхэд СЕХ-нд ирүүлэх нь. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-нд мэдээллээ хүргүүлэх хууль эрх зүйн орчинтой. Тэгэхээр улс төрийн намууд энэ сард багтаан асуудлаа шийдвэрлэж нэр дэвшигчдээ тодруулна. Эцсийн дүндээ Хэнтий аймагт болох нөхөн сонгуулиар айсуй 2020 оны сонгуулийн өнгө ерөнхийдөө харагдана. Өөрөөр хэлбэл, үүнийг наадмын өмнөх их сунгаа гэж ойлгож болно.

МАН НЭР ДЭВШИГЧЭЭ ИЛГЭЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Юуны өмнө УИХ-д олонхи болсон улс төрийн хүчин нөхөн сонгуульд өрсөлдөгчөө илгээхгүй бол айсан болж харагдана. Нөгөө талаар УИХ-д төлөөлөлгүй жил гаруйн хугацааг туулж буй 42 дугаар тойргийн сонгогчдыг үл хүндэтгэж, үл тоосон хэрэг болох учраас яах аргагүй нэр дэвшигчээ илгээхээс өөр аргагүй. Тэр тусмаа 42 дугаар тойргийг МАН-аас УИХ-д төлөөлж байсан. Энэ утгаараа тус намынхан хамгийн их ач холбогдолтой оролцох ёстой. Ийнхүү нөхцөл байдлаас харахад ах нар хэдийгээр “их сунгаа”-наас бэргэж байгаа ч энэ бол зүгээр нэг гуравдагчдад хаяад өгөх зүйл биш. Хэтдээ өөрсдөд нь сөргөөр нөлөөлөх учраас ёстой нэг “буруу харан уйлж зөв харан инээж” байж нэр дэвшигчээ илгээж таарна. Тэгэхээр одоо тэд дотооддоо хуралдаж, нэр дэвшигчээ тодруулна гэсэн үг. Чухам нэг суудал чирээд ирнэ гэсэн нөхөд байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Одоогийн байдлаар МАН Хэнтий аймгийн Засаг дарга Г.Ганбямбад ихээхэн найдлага тавьж байгаа ч Засаг дарга өөрөө “Аймаг орон нутагт хийх ажил их байна, би нэр дэвшихгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

АН-ЫН ДОТООД ДАЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНД НӨЛӨӨЛНӨ

АН-ын хувьд гишүүдээ тавьж туусаар байгаад сүүлдээ УИХ-д бүлэг ч үгүй болж авсан. Тус намын эгэл жирийн гишүүдээс эхлээд бодлогод оролцож байгаа нөхөд хүртэл өдгөөгийн удирдлагуудаасаа нүүр буруулах болсон. Хот хөдөөгүй зугтаж байна гэхэд болно. Тэгэхээр АН-ын өнөөгийн нөхцөл байдлаас харвал найдлага тун бага ч бас л өрсөлдөхгүй байх утгагүй. Нөгөө талаар Хэнтий аймаг эртнээсээ улаан өнгөтэйгөөрөө алдартай. Түүхэндээ нэг удаа АН-аас Б.Гарамгай­баатарыг сонгож, сүүлдээ албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа зэрэг ч үүнд нөлөөлнө. Урьд өмнө 42 дугаар тойрогт гишүүн асан Д.Гантулгатай өрсөлдөөд өвдөг шороодсон, Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг энэ тойрогт өрсөлдөнө гэх таамаг байгаа. АН-ын хувьд нөхөн сонгуульд ялалт байгуулах юм бол УИХ дахь бүлгээ дахин байгуулах боломж бүрдэх хэдий ч бас л тийм оволзсон сонирхол алга. Нийгэм сонгогчдын хүрээнд ч гуравдагчдын орон зай илүү давамгайлж харагдах болсон гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа бололтой.

ГУРАВДАГЧДЫН ДУНДАХ ӨРСӨЛДӨӨН БУЮУ ТЭДНИЙ ГОРЬДЛОГО

Хэдийгээр улстөрийн том намуу­дад бүхий л нөөц боломж байгаа ч нийгмийн нөхцөл байдал, сонгогчдын санал бодолд тулгуурласан бодит ажил явуулах нь зүйтэйг сануулж буй. Гуравдагчдын орон зайд харагдах болсон МАХН-ын өнөөгийн рейтэнг чамлахааргүй байгааг судлаачид хэлсэн. Энэ намд цагтаа Монгол төрийн бүхий л өндөр сэнтийд заларч байсан эрхэм ч бий. Популизм хийсээр байгаад иргэд олон нийтэд ихэд таалагдах болсон нөхөр ч бий. Сайд даргын алба хашиж байсан нөхөд ч байгаа гэхээр ялалтын туг мандуулдаггүй юм гэхэд хоёр том намын саналыг хангалттай хуваах өрсөлдөгч яах аргагүй мөн. Хамгийн гол нь цагийн цагт уйдамхай байсан, уйдсаар ч байх сонгогч олон төр барьж буй улс төрийн хүчинд эерэг хандлага үзүүлж байсан түүх байхгүйг бас мартаж болохгүй. Нөгөө талаар парламентад сөрөг хүчний “ард түмэн минь” гэх худлаа үгийг ч чихнийхээ хажуугаар гаргадаг номтой. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хэнтий аймаг бол миний ээжийн төрсөн нутаг, би Хэнтийгээ хөгжүүлнэ” хэмээн тус нутагт туг лоозон хатгаж явах болсноос харахад нөхөн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байна. Тэгээд ч их улс төрөөс “туугдаад” 10 жилийн нүүр үзэж байгаа түүнд олдож буй том боломж бол нөхөн сонгууль юм. Н.Энхбаярын хувьд бол өнөөгийн нөхцөл байдалд “их сунгаа”-нд оролцоод айсуй 2020 он руу дамжсан улс төр хийх нь илүү зохимжтой байгаа. Хамгийн гол нь өнөө цагийн байдлыг ашиглах нь түүнд илүү ашигтай тусна. Уг сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард товлоод байхад МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжтой юу гэх сэтгүүлчийн асуул­тад “Шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн дагуу нэр дэвших эрх нь нээлттэй” хэмээн Сонгуулийн ерөн­хий хорооноос мэдээлсэн билээ. Мэдээжийн хэрэг бусад жижиг намуу­дын төлөөлөл ч тэнд тоосоо өргөж азаа үзнэ гэхээр өрсөлдөөн гуравдагчдын дунд илүү ширүүн өрнөх зураг харагдаж байгаа юм.

НӨХӨН СОНГУУЛЬД ИЗНН ТЭГҮҮТЭЙ ДӨРВӨН НАМ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖГҮЙ

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээс харвал өдгөө Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27-д нь зөвлөмж хүргүүлжээ. Учир нь Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас уг шаардлагыг хангаагүй гурван намд зөвлөмж хүргүүлээгүй юм байна. Тодруулбал, хамгийн сүүлд буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд гэрчилгээг нь олгосон Гэр хороолол хөгжлийн нам болон Их эв нам, Ард түмний олонхын засаглал нам нөхөн сонгуульд оролцохгүй аж. Түүнчлэн ИЗНН 2016 оны сонгуулийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлээгүй учир энэ удаагийнхад оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн. 42 дугаар тойргийн нутаг дэвсгэр нь аймгийн төв буюу Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумыг хамарч буй. Өмнө нь байгуулсан Сонгуулийн хороо нь үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ахлах юм. Тус тойрогт нийт 17 450 сонгогч санал өгөх боломжтой бөгөөд тэдгээрийн 50+1 хувь нь оролцсон тохиолдолд сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэх юм. Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоног үргэлжлэн дуусах ёстой. Улмаар санал хураалтаас 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна.

Харин сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Түүнчлэн нөхөн сонгууль явуулахад улсын төсвөөс зарцуулах 287.6 сая төгрөгөөс 246.1 саяыг нь СЕХ, 32 саяыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруйг нь цагдаагийн байгууллага зарцуулах юм байна. 21 хэсэгт санал хураалт явуулах бөгөөд 500 орчим хүн ажиллахаар тооцжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu hun(98.113.248.233) 2019 оны 04 сарын 24

Enhbayariig l bitgii songooroi dahiad aldas bolno shuu! Zaluuchuudiig gargaj irye!

0  |  0
Зочин(64.119.25.157) 2019 оны 04 сарын 23

Сая сэтгэгдэл бичсэн хун АН ын хархнууд гэсэн байна, унэхээр унэн шуу, АН ынханыг ероос сонгож болохгуй, естой буур нэг уг ундэс нь буруугаар эргэчихсэн хулгайчууд байгаам, МАН ынхан ч суул уеийнхэн нь ч ялгаагуй хархнууд, та нар Хэнтийн нохон сонгуульд Н.Энхбаяр оролцвол шууд сонгох хэрэгтэй, хуний Хуучин дээлийн шинэ нь гэсэн хуучны угтэй юм, Хэнтийчууд Минь энэ олдсон боломжоо ашиглах хэрэгтэй

0  |  1
Зочин(64.119.25.157) 2019 оны 04 сарын 23

Сая сэтгэгдэл бичсэн хун АН ын хархнууд гэсэн байна, унэхээр унэн шуу, АН ынханыг ероос сонгож болохгуй, естой буур нэг уг ундэс нь буруугаар эргэчихсэн хулгайчууд байгаам, МАН ынхан ч суул уеийнхэн нь ч ялгаагуй хархнууд, та нар Хэнтийн нохон сонгуульд Н.Энхбаяр оролцвол шууд сонгох хэрэгтэй, хуний Хуучин дээлийн шинэ нь гэсэн хуучны угтэй юм, Хэнтийчууд Минь энэ олдсон боломжоо ашиглах хэрэгтэй

0  |  1
ahkhaa(202.9.42.60) 2019 оны 04 сарын 23

Ардын нам,Ардчилсан нам Энхбаярт алуулсан Энхбаяр гараад ирхээр Нямдорж гөлөг болно доо өмхий урвагч новш Энхбаярт ялалт

0  |  0
ЗОЧИН(202.55.188.41) 2019 оны 04 сарын 23

сОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, хОР НАЙРУУЛАЛТААР МЭРГЭШСЭН, сОДНОМЦЭРЭН СОЦ-ДЭКИЙГ СОЛИХГҮЙ БОЛ СОНГУУЛьД АН ГЭЭЧИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ,ХАРХ ялна ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА, ХАРЖ Л БАЙГААРАЙ. БҮР 90 ХЭДЭН ОНООС Л ХОР ХУТГАЖ МЭРГЭШСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ. НАРАНЦАЦРАЛТЫГ УНАГАХАД ХҮРТЭЛ ....

0  |  0
Top