Уул уурхайн 200 гаруй компани сайн дураар эзэмшлийн мэдээллээ тайлагнажээ

2019 оны 04 сарын 23

Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим хуудсыг өчигдөр  /2019.04.22/ олон нийтэд танилцууллаа.  

Нүүрс, алт, зэс гэхчлэн байгалийн баялаг хэн нэгэн эрх мэдэлтнийх бус нийт олны өмч болохыг “эцэг хууль”-д  тодорхой заачихсан. Тиймээс ч төр засгийн байгууллагууд нийтийн өмчид  тулгуурлан, зах зээлийн нийгэмд, баялгийг ашиглахдаа ИЛ ТОД байх ёстой. Дэлхийн улс орнуудын хувьд ч эрдэс баялгийн нөөцийг зарцуулахдаа ХАРИУЦЛАГА-тай байх шаардлагатай гэдэг дээр ойлголцлоо нэгтгэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачилга”-д нэгдэцгээсэн байдаг.

Манай улс 2006 онд ОҮИТБС-д нэгдсэн. Санаачилга хэрэгжүүлэгч орнууддаа 3-5 жил тутам “Баталгаажуулалт” гэх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг. Ил байх шаардлагатай хэрнээ далд байгаа мэдээллүүдийг нийтийн өмнө гаргаж тавьснаар, эрдэс баялгийн салбарын үр ашгийн хүртээмж нийгэмд шударгаар хүрнэ гэх найдлага дагадаг.
 

Тэгвэл эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулахад зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны хамтран ажиллаж, уул уурхай, газрын тосны салбарт төв орон нутгийн хэмжээнд байгуулагдсан 14 төрлийн 400 гаруй гэрээг байршуулж нийтэд ил тод болголоо. Хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах зэрэг Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгуулдаг гэрээ зэрэг энэ салбарын гэрээнүүдийг  иргэд татан авч, талуудын үүргийн хэрэгжилтэд хяналт тавих боломж нээгдэж байна. Хэдийгээр бүх гэрээг байршуулаагүй ч, үүнийг ахиц гэж харах хэрэгтэй юм.

Манай эдийн засгийн гол тулгуур болсон эрдэс баялгийн салбар хэсэг бүлгийг хагартал нь хөрөнгөжүүлээд байна гэж шүүмжлэл дагуулах болсон ийм цаг үед уул уурхайн гэх тодотголтой олон  компаниудын өмчлөгчийн мэдээлэл, нийгэмд хүртээх өгөөж  анхаарал татах нь зүйн хэрэг. Уул уурхайн салбарт төрийн байгууллагын албан тушаалтнууд “засаглаж” тоглож, тусгай зөвшөөрлийг ойрын хүмүүстээ тарааж шийдвэрлэх нь, боломжийг тэгш олгохгүй байгаа явдал юм. Ер нь ийм шударга бус байдлын жишээ  дэлхийн улс орнуудад цөөнгүй. Уул уурхайн салбар дахь ил тод байдлаараа сүүл мушгидаг Конго Улс  2010-2012 онд газрын тосны томоохон таван ордоосоо 1,6 их наяд доллар алдсан байдаг. Шалтгаан нь нууц өмчлөгч бүхий оффшор компаниудтай гэрээ байгуулсантай холбоотой. Тэгэхээр эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн шийдвэр хэнд үйлчлээд байна вэ? Үзэглэгдсэн шийдвэрээс улс орон, тухайн орон нутаг хэдий хэмжээний ашиг авч үлдэх вэ гэдгийг прогнозлон харсан мэдээллүүд чухал. Тэрчлэн эрдэс баялгийн салбарын гэрээнүүд ил болж буй нь таатай мэдээлэл юм.

Дашрамд өгүүлэхэд, манай улс ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан хоёр дахь орноор 2018 оны хоёрдугаар сард тодорсон. Эрдэс баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон энэ санаачилгын хүрээнд хамгийн эхний хүлээн зөвшөөрөгдсөн орон бол Филиппин. Манай тухайд эрдэс баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хэлээд байсан. Харин ОҮИТБС-ын дарга  Фрэдрик Рэйнфилд “Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол Улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэсэн юм. Тэгвэл өнөөдөр эрдэс баялгийн салбар дахь 14 төрлийн 436 гаруй гэрээг олон нийтэд ил болголоо.

Уул уурхайн компаниудын эцсийн ашиг хүртэгч эзэд хэн бэ? гэдэг асуулт сүүлийн жилүүдэд нийгмийн анхаарлыг татаж ирсэн.  Тэгвэл ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэлийн тайлангаар 2013 оноос хойш 200 гаруй компаниуд сайн дураар эзэмшлийн мэдээллээ тайлагнаад буй юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top