Орон нутгийн сэтгүүлчдийн хоёр дахь удаагийн форум боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019” арга хэмжээг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд зохион байгууллаа.

Өнгөрсөн жил орон нутгийн сэтгүүлчдийн форумыг анх удаа зохион байгуулж байсан бол энэ жил хоёр дахь удаагаа амжилттай явууллаа. Форумд МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн дарга нар, сэтгүүлч, уран бүтээлчид оролцов. Форумаар орон нутгийн сэтгүүлчдийг ахисан түвшний сургалтад хамруулж, хоорондоо туршлага солилцож, орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа асуудлаар хэлэлцлээ. Форумын гол үйл ажиллагаа нь сургалт байлаа.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор, профессор Ж.Батбаатар “Сэтгүүл зүйн бичвэр түүнд тавигдах шаардлага, төрөл зүйл” сэдвээр, “Хадатын хүрээ”  хөдөлмөр жуулчлал, сургалт, хөгжлийн газрын Захирал С.Үүрийнтуяа “Баримт бичиг боловсруулалт”, Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхүй”, МСНЭ-ийн Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Наранбаяр “Төсөл, хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдвээр, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг “Монгол Улсын Гадаад сурталчилгааны бодлого, Сэтгүүлчдийн үүрэг оролцоо” сэдвээр тус тус сургалт явууллаа.

Мөн Сошиал медиа маркетинг, Авлигын эсрэг сэтгүүлчдийн эрх зүйн боловсролыг сайжруулах нь, Сонин сэтгүүлийн дизайныг сайжруулах нь, Хэвлэл мэдээллийн  гэрэл зурагчдын сургалт, Фм, радиогийн менежмент зэрэг сэдвээр сургалтыг багш нар хөтлөн явуулсан юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернэтэд суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболд “Өргөн нэвтрүүлэг ба цахим орчны зохицуулалт” сэдвээр илтгэлдээ Онлайн контентийн зохицуулалтын талаар хөндлөө.

Т.Батболд “Галт зэвсгийн наймаа, хар тамхины сурталчилгаа, терроризмын суртал ухуулгыг интернет ашиглан зохион байгуулах боломжтой тул сэрэмжлэх, Зүй зохисгүй зар сурталчилгаа, мэдээ мэдээлэл, хүчирхийлэл, бэлгийн зан үйлийг талаар мэдээллийг хязгаарлах,  Яс үндсээр ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэл суртлыг дэмжих үзлийг сурталчлахыг зогсоох, Кредит картын хуурамч гүйлгээ, хакердах мөн санхүүгийн залилангийн үйлдлүүдээс сэргийлэх, Нууц мэдээлэл алдагдах, хуурамч мэдээлэл түгээх үйлдлээс сэргийлэх, таслан зогсоох, Хувь хүний мэдээлэлд халдах, хувь этгээдийг интернет ашиглан дарамтлахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа” гэлээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн цаг бага, контент цөөн байгааг онцолж байна. ХХЗХ-оос “Хүүхэд, боловсрол, соён гэгээрүүлэх танин мэдүүлэх нэвтрүүлгийн хувь хэмжээ бага. Энэ талаар арилжааны телевизүүдэд үүрэг хүлээлгэх эрхзүйн орчин байхгүй. Тус хорооны хувьд телевизийн өргөн нэвтрүүлгээр хүүхдийн  нас, сэтгэхүйн онцлогт тохирсон нэвтрүүлгийн хувь хэмжээг нарийвчлан тогтоож, үндэсний хэл, соёлын дархлааг бий болгоход чиглэсэн хөтөлбөр гаргах талаар үндэсний олон нийтийн болон бусад арилжааны радио, телевизүүдэд үүрэг хүлээлгэж, хэрэгжилтийг хангуулахад эрхзүй, зохицуулалтын орчин хязгаарлагдмал бөгөөд өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалтын эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа” гэдгийг хэлж байв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн форумын ач холбогдол, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудлын талаар Ховд аймаг дахь МСНЭ-ийн Салбар зөвлөлийн тэргүүн, Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямсүрэн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдахад оролцож байсан. Энэ жилийн хувьд сэтгүүлчдэд нэн шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж байгаа нь үр дүнтэй байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд тулгамдсан асуудал нь санхүүгийн бэрхшээл байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг явуулахад санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Орон нутагт сонин эрхлэн гаргахад түүнийг худалдан авах, реклам сурталчилгаа тэр бүр нийтлүүлдэггүй. Санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Санхүүгийн бэрхшээлтэй ч орон нутгийн хэвлэлүүд идэвх, зүтгэл гарган тасалдалгүй ажилладаг” гэлээ.

Орон нутагт сэтгүүлчдийн боловсон хүчин хомс байгааг форумд оролцогчид хэлж байна. Баян-Өлгий аймаг дахь “Монцамэ” агентлагийн сурвалжлагч Ө.Нурболат “Орон нутагт мэргэжлийн бус хүмүүс сэтгүүлчийн ажил эрхлэх нь элбэг байдаг. Баян-Өлгий аймгаас сэтгүүлчээр их, дээд сургууль төгсөж байгаа ч нутагтаа ирж ажиллах нь хомс байна. Иймд сэтгүүлч мэргэжилгүй хүмүүс орыг нь залгаж, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Ийм учраас сэтгүүл зүйн мэргэжил эзэмшсэн мэргэжилтнээ орон нутагт ажлуулах тал дээр анхаарах шаардлагатай байгаа” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top