Харилцаа холбооны хуулийн төслүүдийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс аливаа хяналтыг хүнд суртал гаргахгүйгээр хийхийн зэрэгцээ алдаа дутагдлын үзэгдлийг нийгэмд дасал болгохоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг сануулж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хууль байгууллага, иргэний эрхийг хамгаалахад чиглэдэг. Аливаа төрийн захиргааны байгууллага хуулийн хүрээнд журам боловсруулан ажилладаг. Гэтэл журмаар зохицуулах боломжтой зүйлийг яагаад хуульд өөрчлөлт оруулж байгаа юм бэ. Шуудангийн маркийг хувийн компани үйлдвэрлэж байгаа асуудлаас болоод Засгийн газартай холбохоор хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Радио долгионы тухай хуульд оруулах өөрчлөлт нь өөртөө эрх авах гэсэн л зүйл байна. Гэтэл бусдыг гүтгэдэг доромжилдог зүйлд хийх хяналттай холбоотой өөрчлөлт оруулж ирэхгүй байна. Бид орчлонгоос тасарчихаад байна. Тулгамдсан асуудлаа хэлэлцэхгүй байж ерөнхий зүйлд цагаа зарж байгаа нь харамсалтай” гэсэн бол байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Орж ирж байгаа хууль болгон төрийн байгууллагууд эрх мэдлээ нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үүний нөлөөгөөр хүнд суртал нэмэгдэж байна” хэмээн бататгаж байлаа.

Үүнд, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан “Хүний эрх ноцтойгоор хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ одоо бид технологийн өөрчлөлтүүдийг хийх гэж байна. Хүний эрхийн асуудал салбар хуулиудаар зохицуулагдана. Харин эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар технологийн хувьд зохицуулах боломжтой болно. Технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Бид хоцрохгүйн тулд төрийн хяналт тавих процессийг мөн хурдтай өөрчлөх шаардлагатай. Тэгэхээр хяналтыг ерөнхий байдлаар орхигдуулбал хоцрогдох аюултай. Гэмт хэргийг хязгаарлах, мэдээллийн нууцлалын аюулгүй байдал зэрэг нь салбар хуулиар зохицуулагдана. Харин суурь хуулиар гэмт хэргийг хязгаарлах техникийн боломжуудыг зааж өгөх юм” гэж тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top