Чанаргүй зээлийг актив удирдлагын компанийн тухай хуулиар зохицуулна

2019 оны 04 сарын 23

“Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанкны зүгээс өчигдөр /2019.04.22/ Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлгээр чанаргүй зээлийн эдийн засагт үзүүлэх хор нөлөө, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын туршлага болон хууль эрх зүйн орчин талаас нь хөндсөн илтгэлүүдийг мэргэжлийн байгууллагуудаас тавьж байв. Монгол Улсын банк санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа эзэлж байгаа бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна. Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурах, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжилт сулрах, бодит секторын өсөлт хумигдаж халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг  бөгөөд улмаар ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг сааруулах бодит нөхцөл, шалтгаан болдгийг олон улсын байгууллагын болон дотоодын онол, судалгаа харуулдаг юм байна. Чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэснээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой.

Хэлэлцүүлгийн үеэр “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болдоо чанаргүй зээлийн өсөлт эдийн засгийн мөчлөгөөс шууд хамааралтай болох талаар танилцуулсан юм. Судалгаагаар эдийн засгийн өсөлт нэг хувиар буурахад, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 0.88 хувиар өсдөг гэсэн тооцоо байдаг аж. Түүний хэлснээр “Банкны салбарт 33 их наяд төгрөг эргэлдэж байна. Үүний 15 орчим хувь нь муу зээлийн ангилалд багтаад байна. Ойролцоогоор 2.6 их наяд төгрөг. Энэ бол 12 жилийн өмнөхтэй харьцуулахад 35 орчим хувиар өссөн дүн. Чанаргүй зээлийг банкны салбар дахь хорт хавдар гэж үздэг. Түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол банкны салбар улам муудна. Банкны салбар муудвал эдийн засагт хэрэгтэй байгаа санхүүжилт хомсдоно гэсэн үг. Тэгэхээр банкны салбар дангаараа хохирно гэж ойлгож болохгүй” гэдгийг онцолж байсан юм. Зарим өмгөөллийн байгууллагын зүгээс банкуудын хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа хэтэрхий богино бөгөөд нөхцөл хатуу байгаагаас ийм байдалд хүрч байгаа гэв.  Орон сууцны цогцолбор хороолол барихын тулд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад 27 тэрбум төгрөг банкинд төлсөн хэрнээ 10 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдэж байгаа тохиолдлууд байдаг аж. 99 хоногийн хүүг 199 хоног хэмээн алдаж тооцоолсон банкны алдаанаас болж 80 орчим мянган ам.долларын зөрүү ч гарч байсан юм байна. Үүнээс үүдэж зээлээ төлөөд дууссан байх ёстой хугацаандаа тухайн зээлдэгч хүү, торгуулийн хүүтэйгээ нийлээд 1.5 тэрбум төгрөгийн өртэй болсныг компаниудын зүгээс ч хэлж байв.

Чанаргүй зээлийг шийдвэрлэхийн тулд Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр боловсруулсан байна. Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал  Б.Аюуш “Зээлийн хүү өндөр тогтоход нөлөөлж буй суурь хүчин зүйлсийн нэг нь чанаргүй зээл. Мөн чанаргүй зээл эдийн засгийн идэвхжилтийг сааруулж байгаа. Банкны салбарын чанаргүй активыг бууруулах асуудал 2015 оноос эхлэн төрийн байгууллагуудын бодлогын баримт бичигт тусгагдаж ирсэн. Тухайлбал, УИХ-аас 2015 онд энэ талаар тогтоол гаргахад багтсан байдаг. Энэ ажлын хүрээнд 2016 оноос эхлэн ажлын хэсэг гарч, чанаргүй зээлийг хязгаарлаж чадсан олон улсын туршлагыг судалсны нэг үр дүн нь Актив удирдлагын компанийн тухай хуулийн төсөл. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл орж ажилласан” гэдгийг хэвлэлийнхэнд онцолсон юм. Актив удирдлагын компанийн үүрэг нь банкуудаас чанаргүй зээлийг хямдруулан худалдаж аваад эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэдгийг нэмж хэлсэн юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалагийн хэлснээр чанаргүй зээлийг бууруулах тогтолцоо, эрх зүйн орчин, институц бүрдээгүй хэмээн үзэж байсан юм. Энэ маргааныг шүүх шийдвэрлэхэд хугацаа их ордгоос гадна шүүхэд шилжсэнээс эхлээд зээлийн хүүг зогсоодог гэж байлаа. Тиймээс эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд банк алдагдал хүлээнэ гэсэн үг. Түүнээс гадна шүүхэд очсон зээлийн талаарх бүх маргаан бүрэн шийдэгддэггүй гэж байлаа. 2018 онд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн 3416 маргааныг шийдвэрлэжээ. Тэдгээрээс 1496 нь банктай холбоотой маргаан байснаас 208 нь эцэслэн шийдэгдсэн гэж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Бид чанаргүй зээлийн өсөлтөд анхаарал хандуулах хэрэгтэй. Зээлийн маргаантай холбоотойгоор шүүхийн шатанд шийдвэрлэхэд маш их хугацаа зарцуулж байгаа. Олон улсын туршлагаас харахад актив удирдлагын хууль гаргаж шийдвэрлэдэг. Актив удирдлагын компани байгуулснаар муу зээлийг шилжүүлж шийдвэрлэх боломж нээгдэнэ. Энэ тогтолцоог Хятад, Япон, Солонгос зэрэг оронд нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа. Бид энэ хуулийн төслийг хэлэлцүүлж дуусаад, тавдугаар сарын дундуур өргөн барина. Улмаар ирэх намрын чуулганаар хэлэлцүүлж, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн санхүүгийн салбарт шинэ орчин бий болгох төлөвлөгөөтэй байна. Өр зээлийн маргааныг 150 хоног буюу таван сарын хугацаанд шүүхээр хэлэлцэх хууль, журамтай ч 4-7 жилийг зарцуулдаг. Маргаан шүүхийн шатанд найман жил өрнөсөн тохиолдол ч байгаа талаар хуульчид танилцуулж байна. Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа” гэсэн юм.

Эрх зүйн ийм зохицуулалттай болчихвол Актив удирдлагын компани банкуудын чанаргүй зээлийг худалдан авч барагдуулах ажлыг хариуцах бөгөөд иргэдийн банкин дахь хадгаламж эрсдэлд орохгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top