МАРГААШ: Гамшгаас хамгаалах өдөр ТА ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

2019 оны 04 сарын 24

 

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурван өдөр үргэлжилнэ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр /2019.04.24/ Сүхбаатарын талбай дээр “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэллээ. Ийнхүү нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ өдөр Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн 116 нэгж, байгууллагын 4400 гаруй алба хаагч гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаал хийлээ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НД

Харин дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагийн өглөө 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна.

Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм.

Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ.

Харин дадлага сургууль газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  зэрэг дадлага сургуулиар үргэлжилнэ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26-НД

Энэ сарын 26-нд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана.

Гамшгийн үед та ямар бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй вэ?

 

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ҮЕЭР ИРГЭДИЙН ТҮР ЦУГЛАРАХ 111 ТАЛБАЙ БАЙНА.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top