“Samsung” эвхэгддэг гар утсаа худалдаанд гаргахаа хойшлуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

“Samsung”-ийн эвхэгддэг гар утаснуудыг зах зээлд жинхэнэ тэсрэлт хийнэ гэж үзэж байсан билээ. Тэгвэл “Galaxy Fold” утас албан ёсоор худалдаанд гарах хугацааг тодорхойгүй хоногоор хойшлуулжээ. Зарим “Galaxy Fold”-ын дэлгэц гэмтэж, ажиллагаагүй болсон учир худалдаанд гарах хугацаа нь хойшилсон байна. Үүнийг “Samsung” төдийгүй гар утасны зэх зээл нэг алхмаар ухарч байгаа явдал гэж шинжээчид тайлбарлажээ. “Galaxy Fold”-ыг технологийн хувьд шинэ эриний эхлэл гэж байсан юм.

Эвхэгддэг утас нь 1980 ам.долларын үнэтэй эдгээр утас эвдэрч эхэлсэн байна. Тухайлбал, хэд хэдэн хэрэглэгч “Galaxy Fold” утас нь нэг, хоёр хоног ашиглаад л эвдэрсэн талаар гомдол мэдүүлжээ. Хэрэглэгчид “Samsung” корпорацаас уг асуудлын талаар хариулт авахыг хүсч байгаа аж. “Samsung”-ийн зүгээс “Бид утасны үндсэн дэлгэц гэмтсэн гэсэн хэд хэдэн гомдол хүлээж авсан. Эвдэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэжээ.

Эвхэгддэг утасны дэлгэц эвдэрч байгаагийн шалтгаан нь хэрэглэгчид дэлгэц дээрх туузан наалтыг хуулсантай холбоотой байх магадлалтай гэж зарим хэвлэлд бичиж байна. Утасны хамгаалалт мэт харагдах уг наалт нь хамгаалалт биш аж. Утасны хэвийн ажиллагаанд чухал хамааралтай наалт гэнэ. Гэхдээ туузан наалтыг хуулаагүй хүмүүсийн утас ч эвдэрсэн тохиолдол гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top