НЭМ-ийн албаны штаб гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцлоо

2019 оны 04 сарын 24

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид оролцсон юм.

Энэ дагуу нийслэлийн эрүүл мэндийн албаны штабын бие бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” дохиогоор нийслэлийн төв талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээнд оролцлоо.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь 29 жилийн дараа анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд газар хөдлөлтийн аюулаас урдьчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол, энэ нь 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар, нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон бөгөөд энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top