Дэлхийн банк Монголын улстөрчдийн ЖДҮ-ийн луйврыг том ЭРСДЭЛ гэж харж байна

2019 оны 04 сарын 25

Дэлхийн банкнаас 2020-2024 онд манай улстай байгуулах Түншлэлийн шинэ стратегийн хүрээний зөвлөлдөх төсөлд ямар асуудлууд тусгагдсаныг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэдгээр асуудлуудыг ажил хэрэг болгоход тулгарч болох эрсдлүүд юу байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙХ БОЛНО

Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдлаас харахад Түншлэлийн стратегийг хэрэгжүүлэх хугацаанд макро эдийн засгийн нөхцөл байдал дахин доройтох магадлалтай гэж Дэлхийн банк үзэж байна. Улс орны өрийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байх бөгөөд өрийг анхаарал болгоомжтой удирдах хэрэгтэй болно. Эдийн засгийн хямрал дахин үүсвэл хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Дэлхийн банк, ОУВС-гийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр болон бусад хандивлагчдын одоо үзүүлж буй дэмжлэг нь макро эдийн засгийн удирдлагыг дэмжихэд чиглэж байна. Макро эдийн засгийн эрсдлийг бууруулахын тулд Монгол Улсын засгийн газар шинэчлэлийн үйл явцыг үргэлжлүүлэх, төрөөс эдийн засгийг нөхөн сэргээх хөтөлбөр болон олон улсын дэмжлэгийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх нь чухал юм. Түүнчлэн томоохон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж байна.

УЛС ТӨР, ЗАСАГЛАЛЫН ЭРСДЭЛ ӨНДӨР

Сүүлд хэрэгжүүлсэн Түншлэлийн стратегийн хугацаанд эдгээр улс төрийн эрсдэл бодитой бий болсон бөгөөд цаашид ч хэвээр үлдэх хандлагатай байна. Үүнд төр, Засгийн газар, төрийн албаны байнгын өөрчлөлтөөс шалтгаалан төслийн хэрэгжилт удааширдаг. Банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй буюу шинэ төслүүдийг төлөвлөх шатанд төр, засгийн газрын байгууллагатай ажиллахад хүндрэлтэй байдаг, одоо хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаанд улс төрийн оролцоо нөлөөлдөг зэрэг багтана. Ийнхүү хөндлөнгөөс оролцох нь төслийг хэрэгжүүлэх чадавх, тогтвортой байдалд нөлөөлнө. Түүнчлэн 2020 онд Улсын Их Хурлын сонгууль болох бөгөөд төр солигдвол улс төрийн тэргүүлэх чиглэл өөрчлөгдөхөд хүргэж, улмаар энэ нь Түншлэлийн Стратегид нөлөөлж болзошгүй юм. Мөн сонгуулийн үеэр төр, засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх амлалтаа биелүүлэхгүй байх эрсдэл бий.

Дэлхийн банкны Монгол Улс дахь баг нөхцөл байдлыг анхааралтай хянах бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх улс төрийн аливаа нөлөөллөөс хянуур байх болно. Улс төрийн тэргүүлэх чиглэл өөрчлөгдөх тохиолдолд Дэлхийн банк хөгжлийн гол тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тэдгээр шинэ тэргүүлэх чиглэлүүд хэрхэн нөлөөлөх, Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрт хэрхэн нийцэж буйг харгалзан үзнэ. Шаардлагатай тохиолдолд Гүйцэтгэл ба Сургамжийн Дүгнэлт хийх замаар хөтөлбөрт өөрчлөлт оруулах аж.

Хэдийгээр зохих хууль тогтоомж, зохицуулалт байгаа ч улс төрийн дарамт шахалт их байгаагаас байгууллага институцийн хүрээний хэрэгжилт сул, хангалтгүй байгаа нь гол бэрхшээл болж байна. Ийм бэрхшээл нь Дэлхийн банкны шинэчлэлийг дэмжих хэд хэдэн чиглэлийн төсөлд нөлөөлсөн. Энэхүү хэрэгжилтийн цоорхойг бууруулах нэг арга бол хараат бус, хөндлөнгийн хяналтын механизмыг бэхжүүлэх, эсвэл төрийн албаны шинэчлэл хийх явдал юм. Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, татварын шинэчлэл, төсвийн хөрөнгө оруулалтын тодотгол, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлт, бизнес ба хөрөнгө оруулалтын орчин зэрэг шинэчлэлийн гол асуудлуудыг дэмжих аналитик судалгаа шинжилгээ хийх нь хэрэгжилтийн эрсдлийг бууруулж Түншлэлийн Стратегийг хэрэгжүүлэх хугацаанд шинэчлэлийн мөчлөгийг тогтвортой байлгахад туслах болно.

ЖДҮ-ИЙН МӨНГИЙГ БУРУУ ХУВААРИЛСАН НЬ САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА

Монгол Улсын ЖДҮ-ийн сангаас татаасын дэмжлэгтэй авсан хөнгөлттэй зээлийн ихээхэн хэсгийг УИХ-ын гишүүдийн өмчийн эсвэл тэдэнтэй холбоотой компаниудад шилжүүлсэн байсан. Энэ нь зөвхөн улс төрийн ноцтой хямралд оруулсан төдийгүй төрийн үүргээ биелүүлэх чадварт итгэх олон нийтийн итгэлийг сөгдүүлсэн юм. Хэдийгээр Дэлхийн банкны хөрөнгө санхүүжилтэнд нөлөөлөөгүй боловч Дэлхийн банкны төслүүд нь ижил төстэй сангуудад дэмжлэг үзүүлдэг, Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих Үйл ажиллагаагаар дамжуулан Дэлхийн банк төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс тус байгууллагын зүгээс өөрийн эх үүсвэрийн удирдлага, ашиглалтыг үргэлжлүүлэн нягт хянаж, шаардлагатай санхүүгийн хяналт нь оршин тогтнож байгааг баталгаажуулсаар байх болно гэж мэдэгдэж байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЭРСДЭЛ БИЙ...

Уул уурхай болон бусад дэд бүтцийн төслүүдтэй холбоотойгоор  зарим иргэдээс нийгэм, эдийн засгийн болзошгүй сөрөг нөлөөллийн талаар гомдол мэдээллийг Дэлхийн банкинд ирүүлжээ. Тэдгээр асуудлыг Хяналтын Хорооны хэрэг үүсгэх түвшинд хүргэлгүйгээр шийдвэрлэжээ. Гэхдээ Дэлхийн банкны үйл ажиллагаа өргөжих тусам эрсдэл илүү өндөр байна гэж үзэж буй аж. Иймд Дэлхийн банкны журмыг үргэлжлүүлэн дагаж мөрдөх, ялангуяа Монгол Улсад амжилттай нэвтрүүлсэн шинээр боловсруулсан Байгаль орчин, нийгмийн удирдамжийг дагаж мөрдөх шаардлагатайг сануулж байна. Уул уурхайн дэд бүтцэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх төслийн туршлагаас үзэхэд байгаль орчны болон нийгмийн эрсдлийг бууруулахад ялангуяа нөлөөлөлд өртсөн иргэдтэй уулзаж зөвлөлдөх нь чухал ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.25.113) 2019 оны 04 сарын 26

Бага буурай орныг хүүлэх замаар мөлждөг энэ банк өөрийн булхайг энэ их хурал илчлэх вий гэхээс сэргиилж, МАНАН-тай эвсэн Олон улсын эдийн засгийн алуурчдын засаглалыг манайд бэхжүүлэхийг зорьж байна.

0  |  0
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top