Л.Гантөмөр: Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалтайгаа холилдож болохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпорац”-д шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын гишүүдээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан гэж сонсогдсон. Та тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Танаас энэ асуудалтай холбоотойгоор мэдүүлэг авсан уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын компани, Монголын компанид худалдсан асуудал яаж явсан бэ гэдэг талаар Авлигатай тэмцэх газар дээр би гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн Улсын мөрдөн байцаах газар дээр гэрчийн мэдүүлэг өгсөн. Би тухайн үед юу болсоныг ярьж байгаа. Нэгдүгээрт, ОХУ-ын “Ростех” компани, “Монголын зэс корпорац”-тай урьдчилан санамжаа байгуулаад, ямар үнээр худалдан авахаа тохирсон байсан. Өөрөөр хэлбэл “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэр дэх өөрийн эзэмшлийн хувиа ямар үнээр зарахаа ярилцчихсан байсан. Энэ урьдчилсан тохироог Засгийн газраар баталгаажуулах, Засгийн газар өөрөө худалдан авах эсэх дээр тодорхой шийдэл гаргах, саналаа хэлэх хурал болсон. УИХ-ын чуулган хаагдаад, чуулганаар ярих цаг хугацаа байгаагүй. Тэр үеийн УИХ хэлэлцэх боломжгүй байсан. Бидний тухайн үед гаргасан шийдвэр бол нэгдүгээрт, монголчууд авч байгаа нь сайн хэрэг гэж ойлгодог. Хоёрдугаарт, Оросын сонирхол Монголд алга болж байгаа нь муу юм. ОХУ-ын сонирхол Монголын эдийн засгаас гарч байна шүү дээ. Төмөр зам нь үлдэж байна. Бусад хэсэг нь гараад явж байна. Энэ бол сөрөг юм. Аль нэг улсын эдийн засаг давамгай байх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Гуравдугаарт, хувийн хэвшил “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэдгээрээ улс төрийн шийдвэр болох юм байна гэсэн ойлголттой байсан. Тухайн үед УИХ-ын сонгууль эхэлсэн байв. Гэхдээ том утгаар нь харах юм бол Монголд ашигтай. Явцуу утгаар, АН-ын хувиар, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний зүгээс харах юм бол энэ асуудал нь АН-д сөрөг үр дүн авчрах юм. Сонгуульд ялагдах үүд хаалга нээгдэх юм байна.

Популистууд нэг хэсэг энэ асуудлаар амьдарна. Өөрөөр хэлбэл нийгэм хувийн өмчийг үзэн ядаж байна шүү дээ. Менежмент сайтай хувийн томоохон компаниудыг үзэн ядах байдал нийгэмд гүнзгий төлөвшсөн байна. Ийм нөхцөл байдалд тухайн үед шийдвэр гаргасан. Энэ бүхнийг би хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Өнөөдөр ямар үйл явдал өрнөж байгааг бид бүгдээрээ харж байна. Энэ асуудал нь уг нь Засгийн газар, Ерөнхий сайдын мэдлийн асуудал. Өнөөдрийн Ерөнхий сайд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд худалдаж авах сонирхол байна. УИХ энэ 49 хувийг улсад худалдаж авахыг шийдсэн. Тухайн үед Засгийн газар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Энэ Засгийн газар мөн өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргалаа. Тэгэхээр одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэрт би ийм тийм гэж ярих нь утгагүй юм. Улс төрийн шийдвэр гаргаж байгаа учраас эхний хоёр шийдвэрүүдээ бодохгүй байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан гэж хэлээд ард түмний дэмжлэгийг хүлээе. Ард түмэн хувийн өмчийг үзэн ядаж байна” гэсэн бодол сэтгэлгээн дээр УИХ-ын шийдвэр гарлаа.

-Тухайн үед УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжгүй байсан ч дараагийн УИХ бүрэлдэх хүртэл хүлээх боломжгүй байсан юм уу?

-ОХУ-ын Засгийн газар асуудлаа ярьж, ОХУ-ын компани өөрийнхөө хувьцааг зарах гэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах асуудлыг манай Засгийн газар биш, хувийн хэвшил очоод хэлэлцээрээ хийчихсэн. Д.Медведевийн  түвшинд юм уу, В.Путины түвшинд ч юм уу ямар ч байсан хувийн компани очоод гэрээ хэлэлцээрээ хийчихсэн. Ер нь ОХУ-ын Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг манай Засгийн газар шийдвэр гаргаж үзсэн юм уу. Оросууд шийдвэр гаргасан дээр нь өнөөдрийн өгөөжөө бодоод авчихъя гэж бодсон байхгүй юу. “Эрдэнэт” үйлдвэрт хувийн хэвшил орж ирснээрээ илүү хяналттай болох юм байна. Элдэв бараа бүтээгдэхүүн шахдаг асуудал зогсоно. Эрдэнэт үйлдвэр дээр Монголын улс төрчид шахаа хийж амьдардгийг бүгдээрээ мэдэж байгаа биз дээ. Мэдэхгүй байгаа юм уу. Бүгдээрээ л мэдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийнхэн ч мэднэ. Энэ бараа шахдаг асуудал багасахаар Эрдэнэт үйлдвэр илүү их ашигтай ажиллана. Энэ хэрээр Монголын төсөвт мөнгө орж ирнэ биз дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан компани ч ашиг хүртэнэ. Гэхдээ 49 хувийн эзэмшигч компани ч ашиг олсныхоо хэрээр Монголд татвараа төлнө. Одоо оффшор гээд шуугиад байна. Тэр оффшор компаниуд хаана, хэнтэй наймаа хийсэн гэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй, Оюутолгойтой, Тавантолгой компанитай наймаа хийдэг. Тэгээд энэ оффшор компаниудын цаана дандаа улс төрчид байдаг. Тэд нар Монголын биш оффшор компаниудаар гэрээ хийлгэж ашигаа авч байдаг. Татвар нь Монголд орж ирдэггүй. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн хэвшилд байх нь илүү хэрэгтэй юм байна. Жишээлбэл, 2015 онд “Эрдэнэт” үйлдвэр 80 сая ам.долларын ашигтай байсан бол, 2016 онд 160 сая ам.долларын ашигтай ажилласан тооцоо бий. Арын хаалгаар урсдаг байсан гэрээний мөнгө нь 80 сая ам.доллар. Тэр нь буцаад ил тод болох юм. Ил тод болсноор урьд нь бид 40 сая ам.долларын ашиг авдаг байсан бол одоо 80 сая ам.долларын ашиг хүртэх юм байна. Дээр нь нөгөө 49 хувийг эзэмшигч компанийн татвар нэмэгдэнэ. Энэ үйл явц нь өөрөө эрүүл үзэгдэл. Яагаад  эрүүл биш болгож харуулах гээд байна гэхээр улс төрийн хожоо харсан хүмүүсийн л үйлдэл. “Энэ хүмүүс хулгай хийчихлээ гэж зарлая. Нотлох гэж үзье. Нотлогдохгүй ч гэсэн хулгай хийсэн гэж яллая” гэсэн бодол санаатай, улс төрийн хожоо харсан хүмүүс олон байна. Өнөөдөр нийгмийн сэтгэлзүйгээр тоглоод, популизм хийгээд хамгийн нэр хүндтэй хүмүүс болсон биз дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол тэртээ тэргүй бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа учраас улстөржихгүй байхгүй юу. Ч.Сайханбилэг улс төр хийхээ мартчихаж байгаа юм. “За яах вэ. Монголд хэрэгтэй” гээд шийдчихсэн. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлсэн асуудал дээр би хуулийн байгууллагад нэг зүйлийг хэлж байгаа. Одоо ч хэлмээр байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани худалдаж авсан асуудлыг ингэж үзэн ядсанаараа, хувийн хэвшлийг нураах эхлэл тавигдаж байна гэдгийг хэлж байгаа. Хувийн өмчийг, баян чинээлэг байхыг үзэн ядах сэтгэлгээ цааш үргэлжилэх нь. Энэ асуудал цаашид зогсохгүй. Баян, чинээлэг хүн болгоныг шалгах юм уу. Бид 90 оноос уг нь баян чинээлэг болох “уралдаанд” орсон. Одоо харин хүн болгон ядуу амьдрах “уралдаанд” орох гэж байна. Бүх хүн ядуу, гадаад дотоодоос орж ирдэг бүх мөнгийг сэжиглэж, туйлын ядуу болсныхоо дараа энэ бүхнийг ойлгох байх.

-Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн ком­панид худалдах асуудлыг хэчнээн сайд дэмжиж, хэд нь эсэргүүцсэн байдаг вэ?

-Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг. Кабинетын зарчмаар ажиллана гэдэг бол Ерөнхий сайдын санаа бодлыг дэмжинэ гэсэн үг. Тийм учраас Үндсэн хуулинд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэж байгаа. Яагаад гэхээр янз бүрийн фракцуудаас орж ирсэн хүмүүс ерөнхий сайдынхаа үгэнд орохгүй дураараа дургидаг байхгүй юу. Тухайн сайдын ард хэдэн гишүүн нэг фракц болчихсон байдаг. Ерөнхий сайд намайг томилсон юм уу, УИХ томилсон юм уу гээд дураараа дургидаг. Ингээд кабинетын зарчим алдагддаг.  Тийм учраас Ерөнхий сайдыг хүчтэй болгоё гэдэг асуудал яригдаж ирсэн. Үндсэн хуулиар бол Ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалаа удирддаг. Ерөнхий сайд юу бодож байгаагаас Засгийн газрын шийдвэр гардаг. Засгийн газрын гишүүн бол Ерөнхий сайдад л нөлөөлөх гэж оролдож байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тухайн үед “Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсад ашигтай гэдгийг харж шийдсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдохдоо “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаар эдийн засаг” гэж гарч ирсэн хүн. Бид тухайн үед тэр хүн юу ярьж, юу бодож байсныг мэдэх хэрэгтэй. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар сонгогдож байхад эдийн засаг уналтад орсон байсан. Тэгэхээр нэг ч гэсэн эдийн засагт хэрэгтэй алхам хийхийг хүссэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлэхийг Засгийн газрын гишүүдээс эсэргүүцсэн нь зөв, дэмжсэн нь буруу гэж ярьж байгаа нь нөгөө л улс төрийн үлгэр. Тухайн үеийн Ерөнхий сайдын шийдвэрээр асуудал шийдэгдсэн.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юу?

-Би бодохдоо тийм болоод л биднээс гэрчийн мэдүүлэг авч байна гэж ойлгож байгаа.

-Тухайн үед УИХ-ын дарга, АН-ын дарга байсан одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Би тухайн үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлэх асуудлыг мэдээгүй” гэж байсан?

-Тухайн үед хоорондоо юу ярьсныг мэдэхгүй юм. Энэ асуудал нууц учраас би Засгийн газрын хурал руу орж ирээд л анх сонссон. Тэгэхээр энэ асуудал ямар нэгэн байдлаар өмнө нь нам дээр ч юм уу яригдаагүй. Намын даргын хувьд ч энэ асуудлаар нам дээр хэлэлцээгүй. УИХ-ын даргын хувьд Байнгын хороог хуралдуулаад хэлэлцсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн УИХ-ын дарга мэдэж байсан эсэхийг батлах баталгаа байхгүй юм. Хоёрдугаарт Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа ярьсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр З.Энхболд энэ асуудлыг мэдэж байсан эсэхийг ярих нь илүүц. Өөрөө юу гэж хэлнэ түүгээр нь ойлгохоос өөр аргагүй. Ч.Сайханбилэг юу гэж хэлнэ түүгээр нь ойлгохоос өөр аргагүй. Миний бодлоор бол мэдэж байх ёстой гэсэн таамаглал байна.

-Мэдэж байх ёстой гэж үү?

-Логикийн хувьд мэдэж байх ёстой. Яг сонгуулийн өмнө Ерөнхий сайд, УИХ-ын даргын харилцаа ямар байсныг мэдэхгүй юм. Тэр хүртэл дөрвөн жил УИХ-ын даргаар ажиллахдаа их хурал, Засгийн газрын үйл ажиллагаанд бүгдэнд нь З.Энхболд дарга оролцсон хүн шүү дээ. Яг сонгуулийн өмнө тэдний харилцаа ямар түвшинд хөрсөн юм, яаж муудаж сайдаж байсныг бид нар мэдэхгүй шүү дээ.

-Та өмнөх парламентын үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

-Тухайн Засгийн газрыг бүрдүүлж байгаа намын үзэл санаа гэж байдаг. Тэр үзэл санаа нь тухайн Засгийн газрын бодлогод нэвт шингэх учиртай. Тэр үзэл санаа, бодлогыг монгол хүн бүхэн мэдэж байх ёстой. Ард түмэн ч Засгийн газрын бодлогыг мэдэж байх ёстой. МАН эрх барьж байна. Энэ нам зүүний үзэл баримтлалтай нам. Зүүний намын гол үзэл санаа, бодлого нь халамж. Гэтэл энэ бодлого чинь хэрэгжихгүй байна шүү дээ. Ядуучуудыг тэтгэх ёстой. Дүүрэг, хороон дээр яваад очиход ядуучуудад явуулж буй ажил алга. Ажил хийж буй хүмүүсийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, цалин авч байгаа хүмүүстээ туслах бодлого хэрэгжүүлэх ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон, М.Энхболд УИХ-ын даргаас огцорсон, дараагийн Засгийн газар байгуулагдсан зэрэг нь бодлогогүй байгаагийн шинж. Яг өнөөдөр энэ бодлогогүй байгаа зүйлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар уламжлаад л аваад явж байна. Үзэл санаа, бодлого нь хаана байна. Сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг бүр мартчихсан. Тоймтой бодлого алга байна. Тиймээс яг бодит байдал дээр хүмүүсийн амьдрал сайжрахгүй байна шүү дээ. Ядаж юмныхаа үнийг нэмэхгүй байх ёстой биз дээ. Үнэ өсөөд байна. Гурил, ногооны үнэ, бүх бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ тал дээр чинь зүүний хүчний намын бодлого хэрэгжих ёстой. Түүнээс хууль хяналтын байгууллага яаж, ажилласан, толгойлогч нь хэн байгаа нь чухал биш. Энэ намын үзэл санаанд ийм зүйл байхгүй. Нэг үгээр хэлбэл, улс төрийн нам үзэл санаагаа хэрэгжүүлэх нь алдагдсан учраас ард түмэн улс төрийн намуудыг хүлээн зөвшөөрөхөө болилоо. Хэнийг барьж хорив, ямар уул уурхайг хаав гэдэг тал дээр нийгэм дүгнэлт өгсөн. Юуг хаав, хориглов гэдэг зүйл нь таалагдаж байна. Хотын дарга юун дээр таалагддаг гэхээр “Газрын зөвшөөрлийг цуцаллаа. Энэ хашааг нураалаа” гэдэг дээр хүмүүс алга ташсан. Гэтэл нэг бүтээн байгуулалт хийлээ гэхээр хэн ч тоохгүй болсон. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй нь гомдлын, үзэн ядалтын сэтгэл зүйтэй болчихлоо шүү дээ. Үүний учир шалтгаан нь Засгийн газар хөтөлбөргүй байгаагийн л гай. Тэгэхээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар үзэл бодол, бодлогогүй явж ирлээ. Улс төрчид үзэл бодолгүй зүгээр л популизмаар зэвсэглэж байна. Улстөрчид популизмаар зэвсэглэхээр хааж, боодог л боллоо. Тэгэхээр популизмаар зэвсэглэсэн улс төрчид улс орныг ядууруулдаг. Өнөөдөр таалагдаж болох ч ирээдүйд бидний амьдрал доройтох аюултай. Дэлхий даяар популизм бол улстөрчдийн “хоол” юм байна. Өнгөрсөн гурван жил популизмаар амьсгаллаа. Үүнийгээ манай улстөрчид ухаарахгүй юм. Ном нь дутагдаж, мэргэд хажууд нь алга, эрдэмтэй хүмүүсээр хүрээлүүлэхгүй байна. Дандаа зохион байгуулалттай процесс дунд амьдраад сурчихсан. Стратеги дутагдаж байна. Стратегийн хүрээлэн ажиллахгүй, төлөвлөлтийг олон жилээр хийж, эрдэмтдийг энэ тал дээр ажлуулахгүй байна. Бодитой судалгаа хийдэггүй. Зүгээр л популизмаар усалж байна шүү дээ.
 

Өнөөдрийн улс төрийг популизмаар бордоод л яваад байна. Энэ  нь 10 жилийн дараа Монголын улс төрийг байхгүй болгоно. Энэ бол Монгол төрийн асуудал. Монголын ард түмний асуудал. Магадгүй улс төрийг эрүүлжүүлэхийн тулд 100 жилийн цуцалтгүй хөдөлмөр хэрэгтэй боллоо. Уг нь монголчууд бүгдээрээ сайхан амьдралын төлөө зүтгэцгээсэн ч харамсалтай нь популизм гэдэг бордоогоор бордуулаад дууслаа.


-Улстөрчдийн популизм ч улам хүчээ авч байна л даа?

-Өнөөдрийн улс төрийг популизмаар бордоод л яваад байна. Энэ  нь 10 жилийн дараа Монголын улс төрийг байхгүй болгоно. Энэ бол Монгол төрийн асуудал. Монголын ард түмний асуудал. Магадгүй улс төрийг эрүүлжүүлэхийн тулд 100 жилийн цуцалтгүй хөдөлмөр хэрэгтэй боллоо. Уг нь монголчууд бүгдээрээ сайхан амьдралын төлөө зүтгэцгээсэн ч харамсалтай нь популизм гэдэг бордоогоор бордуулаад дууслаа. Хүнийг барьж шоронд хийхэд баясдаг болчихлоо. Энэ нь ажил хийдэг, үзэл бодлоо илэрхийлдэг ард түмнийг байхгүй болгож байна. Үүнийг эргэж сэргээнэ гэдэг маш хэцүү. Асар их цаг хугацаа зарцуулна. Би бол цэвэр харанхуй нүх рүү явж байна гэж харж байна. Мэдээж энэ Засгийн газарт хийсэн ажил бий. Гэхдээ би хийсэн ажлынх нь тухай ярьсангүй. Засгийн газрын ерөнхий хэрэгжүүлж байгаа бодлого нь харагдахгүй, бодлогогүй учраас популизм хийж эхэлж байна.

С.Эрдэнэ дарга стратеги боловсруулаад ажиллах ёстой. Монголд байгаа хамгийн сайн стратегичдийг хөлслөөд ажлуулах хэрэгтэй. Би одоо нэмэр дээр нэрмээс гэхчээр намаа муулаад яахав. Одоо УИХ-д долоохон суудалтай, бүлэггүй зөвлөлтэй намаа муулаад хэрэггүй биз дээ.

-Таныг БСШУС-ын сайдаар ажиллаж байхад Цөм хөтөлбөр хэрэгжсэн. Цөм хөтөлбөрт өөрчлөлт хийх тухай яригдаж байна?

-Судалгаа сайн хийх хэрэгтэй. Боловс­ролын салбарын хамгийн гол асуудал нь багшийн асуудал. Дараагийнх нь асуудал бол хөтөлбөрийн асуудал. Хөтөлбөр зорилготой байх ёстой. Ямар судалгааны үндсэн дээр, ямар зорилготой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байгаагаа ойлгох хэрэгтэй. Юмыг засч болно. Шинээр хийж, гаргаж ирэх нь хэцүү. Нураах бол амархан. Ер нь боловсролын хөтөлбөр ингэж цогцоороо хийгдэж байгаагүй. Өөрөөр хэлбэл зорилго нь тодорхой хөтөлбөр гарч байгаагүй. Цөм хөтөлбөр бол илүү бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Робот шиг хүн дагадаг биш, өөрийн бодолтой, зорилготой ард түмнийг төрүүлэх хөтөлбөр. Өөрөөр хэлбэл зорилго нь тодорхой хөтөл­бөр. Энэ зорилгоос хазайхгүй сайжруулаад хийж байвал болж байна. Түүнээс хэн нэгэн багш, эрдэмтэн, эсвэл улстөрчдөд таалагдахгүй байхаар нь өөрчилж болохгүй. Жишээлбэл, би японд 1000 инженер сургах хөтөлбөрийг санаачилсан. Энэ ажлыг илүү амь оруулах ёстой. Энэ ажлын бодлого зорилго нь монголчууд олон сайн инженертэй болох явдал юм. Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч, хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих ийм зорилготой хөтөлбөр. Анагаахын дэргэд эмнэлэгтэй болох ажлыг бид хийсэн. Анагаахын их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь жишиг болж байна. Энэ мэт хэрэгжүүлсэн бодлогыг үргэлжлүүлээд сайжруулаад явах нь Монгол төрөө бодсон, улсаа бодсон хүний хийх ажил. Түүнээс дахиад популизм хийгээд байвал хэрэггүй. Одоо бол цөм хөтөлбөр дээрээс хичээлийн агуулга хасах тухай ярьж байгаа юм билээ. Хамаагүй оролдож болохгүй л дээ. Асуудал нь хаана байгааг олох хэрэгтэй. Жишээлбэл, дээд боловсролыг яаж шинжлэх ухааны байгууллага болгох уу гэдэг тал дээр ажиллах ёстой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд БСШУС-ын сайд дөрвөн удаа солигдлоо. Ингэхээр яаж бодлого тодорхойлох юм.

-Арчилсан намын шинэ удирдлага анх сонгогдохдоо намаа шинэчилнэ гэж гарч ирсэн. Танай намд шинэчлэл хийгдсэн үү?

-Би намын шинэчлэлийг ярихдаа “Ард түмний итгэл хүлээсэн үед намын шинэчлэл дууслаа гэж ойлгоно” гэж намын даргад өрсөлдөж байхдаа хэлж байсан. Бид яагаад шинэчлэгдэх хэрэгтэй вэ гэхээр ард түмэн бидэнд итгэл хүлээлгээгүй учраас бид шинэчлэгдэх ёстой. Шинэчлэл гэдэг бол дэмжлэгтэй шууд холбоотой. Манай намд бүтээлч шийдэл, уламжлал байх ёстой. Сайн бүтээлч шийдэл нь уламжлал болоод суучихдаг. Тухайлбал, банкинд үйлчлүүлэхдээ цонх болгон дээр очиж дугаарладаг байлаа шүү дээ. Гэтэл нөгөө цонхоор үйлчлүүлж байгаа хүний дугаар хурдан яваад байдаг. Миний дугаар явдаггүй. Надаас хойш ирсэн хүн үйлчлүүлээд гараад явахаар уур хүрнэ биз дээ. Тэгээд банкны ухаалаг шийдэл юу байсан гэхээр оронгуутаа дугаар авдаг болсон. Дугаараа дуудангуут нь очиж үйлчлүүлдэг. Энэ бол ухаалаг шийдэл болоод уламжлал болчихлоо. Үүнтэй адилхан намд байгаа сайн уламжлалаа хадгалах ёстой. Ард түмэн эсрэг болчихоор нам шинэчлэгдэж ард түмний саналыг авах ёстой. Гэтэл манай нам одоо тааруу л байна. Тэгэхээр нам шинэчлэгдлээ, болчихлоо гэж хэлж болохгүй юм. Нам нэгдүгээрт, үзэл санаагаа дэлгэрүүлэх, хамгаалах акц хийх ёстой. Манай намын үзэл санаан дээр тулгуурласан акц дутагдаж байна. Хоёрдугаарт, зохион байгуулалтын асуудал. Зохион байгуулалт хийгдэж байгаа ч, орон нутгийн гишүүдийн эрх ашгийг хангасан зохион байгуулалтыг дутуу хийж байна. Орон нутгийн гишүүдэд эрх мэдлийг нь өгөөд явбал асуудал эерэгээр шийдэгдэнэ. Гуравдугаарт, “Пиар”-ын ажил. Акцуудаа олон нийтэд хүргэх асуудал юм. Акцуудаа хүргэж чадахгүй байна. Мөн уламжлагдаж ирсэн ухаалаг шийдлүүдээ хадгалж байх ёстой. Намын дарга, удирдлага намынхаа сайн уламжлалыг мэддэг, түүнийгээ хадгалж явах ёстой. Мөн дараагийн нэг асуудал нь сөрөг хүчний асуудал. Энэ өрсөлдөөний бүтэц нь харагдахгүй, МАН-ын хуваагдал дээр очоод өөрсдөө рейтингээ унагачихдаг. МАН-ыг бүхэлд нь өрсөлдөгч гэж харж чадахгүй байна. Гэтэл МАН хоёр хуваагдахаар аль нэгнийх нь талд орж алдаа гаргадаг. Хоёрдугаарт, МАН аравтын зохион байгуулалтад орсон. Тэр нь нууц байгаа. Баахан аравт, зуутын дарга нар гараад ирчихсэн. Нөгөө “60 тэрбум”-ын схем шиг. Ийм хууль бус зохион байгуулалтыг хийж байгаа үйл явдалтай АН яагаад тэмцэхгүй байна. Баахан мянгат, зуутын дарга нарыг гаргаад ирчихсэн. Тэр нь Улс төрийн намын тухай хуульд байдаггүй. Зүүний хүчний холбооны бүтэц юм шиг байгаа юм. Тэдний зорилго юу юм. Хаанаас санхүүжилт авч байгаа юм. Монгол Улсад хуйвалдааны аргаар төрийн эрхийг авахыг зөвшөөрөөгүй. Төрийг худалдаж авахыг зөвшөөрөөгүй. Гэтэл өрсөлдөгч нам маань нүдэн дээр худалдааны сүлжээ үүсгэсэн. Түүнийг нураах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг тавих хэрэгтэй.

-Яг тийм схем байна уу. Танд тийм мэдээлэл ирсэн юм уу?

-Танд тийм мэдээлэл бүр их ирж байгаа байлгүй дээ. Магадгүй мэдэгдэхгүй нууц яваад байгаа нь бүр аюултай байгаа биз. Гэтэл өнөөгийн удирдлага нь аравт, зуутын системт орчихсон. Энэ юуны төлөө ажиллаж байгаа юм. Эрх мэдэл, мөнгө, баялгийн хуваарилалтын төлөө байгаа байлгүй. Тийм учраас би базаад хэлэхэд, АН сонгуульд олонхийн санал авахын тулд ухаалаг ажиллах ёстой. Тэр ухаалаг бүтцээ яаралтай хийх хэрэгтэй. Би АН-ын дарга нарт нэг л зүйлийг хэлдэг. Стратеги хийдэг бүтцээ хурдан хийх ёстой. Өнөөгийн улс төр өөр болсон. Би 2000 онд анх сонгуульд нэр дэвшиж байсан. Тэр үед манай намын үзэл санаа хүчтэй байлаа. Бараг 20 жилийн өмнө. Гэтэл одоо үзэл санаагаа хүргэнэ гэдэг бол стратегийн асуудал болсон шүү. Маш торгон, их ухаан зарж стратеги боловсруулах ёстой. Энэ ажил руу хурдан орох шаардлагатай. Тэгж чадвал АН-ын шинэчлэл амь орно. Түүнээс хүнээ солиод, Үндэсний бодлогын зөвлөлөө шинээр бүрдүүлснээр шинэчлэл бий болохгүй. Улс төр бол ухааны уралдаан. Мөнгөний уралдаан биш учраас манай нам шинэчлэлийн бодлого стратегиа гар­гаж, боловсруулж ажиллах ёстой. Улс төрийн намын удирдлага мөнгөтэй хүмүүсийг намдаа авдаг, мөнгө хандив цуглахаар боллоо гэж боддог байвал нам шинэчлэгдэхгүй. Монголын улс төрийн намыг удирдаж буй хүмүүс 20 жилийн Монголын дараах хөгжлийн асуудлыг харах ёстой. Гэтэл манай улстөрчид тэтгэвэртээ гарахаараа яана гэж боддогт аюул байгаа юм.

-АН хэр эв нэгдэлтэй байгаа юм бол. Хагаралтай байна уу даа гэж харагдах юм?

-АН ялагдсан ч ард түмний дунд чухал үүрэгтэй байна гэж харж байгаа. АН-аас Ерөнхийлөгч сонгогдлоо. Тэр Ерөнхийлөгч нь одоогийн төр засгийн бодлогоо МАН-аар дамжуулж бодлогоо тодорхойлж байгаад хамаг асуудал бий. МАН-аар дамжуулаад манай намын Ерөнхийлөгч бодлого хэрэгжүүлж байгаа тохиолдолд манай нам яах ёстой юм. Бодлогыг нь сөрөөд байхаар унаад байдаг. Дэмжээд явахаар МАН-ын дагуул юм шиг болчихдог. Энэ дээр л шийдэл хэрэгтэй. Л.Болд, Ж.Батзандан хоёр Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжээд л явчихсан. С.Эрдэнэ бол асуудалтай байна гээд хараад суугаад байхаар нь чи нөгөө талд байна шүү гээд нэр хүндээ алдаад байдаг. Тэгэхээр хагарал хаана байна гэхээр, Ерөнхийлөгчтэйгөө ойлголцож сонгуульд орох уу, ойлголцохгүй орох уу. Ойлголцохоор МАН-тайгаа яаж өрсөлдөх юм. Үүнийг маш нарийн ур ухаанаар хийх ёстой.

-Хуваагдлын гол шалтгаан нь Ерөн­хийлөгчдөө байна уу?

-Мэдээж тийм. Манай намаас гарсан Ерөнхийлөгчийг МАН-ынхан тойрон хүрээлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчөө алдчихдаг. Үзэл санааны хувьд алдаагүй бол бидэнд хийх ажил байна

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар дэмжээгүй. Үүнийх нь төлөө АН дээрх гишүүддээ хариуцлага тооцсон. Эндээс хагарал эхэлсэн үү?

-Тэгэхээр намын хуваагдал чинь Засгийн газар огцруулах асуудлаас өмнө үүссэн байгаа биз дээ. Ямар нэгэн хуваагдал гэдэг чинь гэнэт болдог зүйл биш. Тэр хагарлын суурь чинь судалгааны үндсэн дээр болж байгаа юм. “Энэ хоёр нам цаашаа явахгүй байна. Одоо яах уу” гэдэг судалгааны үндсэн дээр л хагарал бий болсон. Энэ гуравт хариуцлага тооцох асуудал нь чи бид хоёрын түрүүчийн ярьсан асуудлын дэргэд жижиг асуудал. Энэ бол хуваагдлын л нэг илрэл юм. Яг хуваагдлын суурь нь хаана байна. Тэр хуваагдлын суурь нь том уу, жижиг үү гэдэгт л асуудал бий. Түүнээс энэ гурван хүнийг намаас хөөсөн ч хөөгөөгүй ч хуваагдал явагдана. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь үзэл санааны хувьд хуваагдсан бол бид нэг сонгууль алдана. Сонгууль байтугай алдана. Үзэл санаан дээрээ ойлголцож байгаа бол амархан засагдаад цааш явна.

-Ерөнхийлөгч сонгогдоод хоёр жил болж байна. Эрх мэдлийн төлөө л зүтгээд байна уу даа гэж харагдах юм?

-Ерөнхийлөгчийн харж байгаа төсөөлөл, баримжаалж байгаа зорилго нь байна. Тэр зорилгоо хэрэгжүүлэх баг алга. Ямар ч барилгыг барихдаа мэдээж суурийг нь цутгана шүү дээ. Сууриа зутгахын тулд газраа судлах ёстой. Гэтэл газраа судлахгүй сууриа цутгахгүйгээр архитекторын зургаа хараад байхаар буруудах магадлалтай. Ерөнхийлөгч хаана хүрэхээ мэдээд байгаа ч тойрон хүрээлэгчдийнхээ дунд байх юм бол цаашаа явахгүй. Одоо өөрөөс нь өөр бодолтой хүмүүсийг сонсох бүтцээ яаралтай хийхгүй бол ажил хийж чадахгүй. Хоёрдугаарт, үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийгөө шүүх засаглалын тэргүүн гэдгээ ойлгодоггүй байхгүй юу. Би Монголын удирдагч болчихлоо гэж буруу ойлгодог. Гэтэл тэр хүнээр удирдуулах гэж сонгоогүй. Монголыг удирдах нь гүйцэтгэх засаглал. Бодлогоор чиглүүлдэг нь УИХ. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг сахигч бөгөөд шүүх засаг­лалын удирдагч нь байхгүй юу. Хуулиа­раа ийм юм. Гадаадад улсаа төлөөлнө, дотооддоо хуулийн салбарыг удирдана. Гэтэл хуулиараа өөрт оногдоогүй зүйлийн төлөө Ерөнхийлөгч нь явахаараа л буруудаад байгаа юм. Тэгэхээр Ерөн­хийлөгч бодох ёстой. Хуулиараа надад ийм эрх байна. Гэтэл эрх мэдэл өөрт нь байхгүй байхад байгаа юм шиг төсөөлдөг нь өөрт нь алдаа болно. Тойрон хүрээлэгчид нь ингэж тархийг нь угаачихдаг. Тэгэхээр нөгөө сөрөг хүчинтэйгээ очоод нийлчихдэг. Нийлэх ямар ч шаардлага байхгүй. Монголынхоо эдийн засгийг томруулъя, Аж үйлдвэрийн парк байгуулья гээд толгойд нь бодол эргэлдээд байхаар гүйцэтгэх засаглалтайгаа холилдож байгаа байхгүй юу. Тэгэхээр хэцүү байгаа биз дээ. АН Ерөнхийлөгчтэйгөө учраа олж чадахгүй байна гэж харахаар Ерөнхийлөгчид эрх мэдэл нь байдаггүй. Эрх мэдэл байхгүй Ерөнхийлөгчтэй АН юу ярих юм. Тэгсэн мөртлөө манай хүн тэнд бодлого хийгээд байна. Бодлогынх нь зарим хэсгийг МАН хэрэгжүүлдэг. Яг Ерөнхийлөгчийн өөрийнх нь хүсээд байгаа зүйл бол Монголыг аж үйлдвэржүүлэх явдал. Түүнийг нь нөгөөдүүл нь хийхгүй.

-Тэгэхээр Ерөнхийлөгч, Засгийн газартай тодорхой хэмжээнд хамтарч ажиллаад байна. Үүнийг АН шүүмжлэх, сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх ёстой юм биш үү. Ер нь АН сөрөг хүчний ажлаа сайн хийж чадахгүй байна уу даа?

-С.Эрдэнэ дарга стратеги боловсруулаад ажиллах ёстой. Монголд байгаа хамгийн сайн стратегичдийг хөлслөөд ажлуулах хэрэгтэй. Би одоо нэмэр дээр нэрмээс гэхчээр намаа муулаад яахав. Одоо УИХ-д долоохон суудалтай, бүлэггүй зөвлөлтэй намаа муулаад хэрэггүй биз дээ. Байгаа байдал нь ийм байна шүү дээ.

Top