Допингийн “Шинжилгээний бүртгэл”-д манай 4 тамирчин оржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ “Шинжилгээний бүртгэлийн сан”-гаа зарлалаа. “Шинжилгээний бүртгэлийн сан”-г допингийн эсрэг байгууллагаас гаргадаг бөгөөд тэмцээн уралдаангүй үед олон удаа допингийн шинжилгээ авч байх шаардлагатай гэж үзсэн тамирчдыг оруулдаг байна.

Тухайн санд ямар тамирчин ордог вэ? Юуны өмнө спортын амжилт, мөн тухайн тамирчин допингийн эсрэг дүрэм зөрчиж байсан эсэх болон ямар нэг талаар допингийн эсрэг байгууллагын анхаарлыг татсан тамирчдыг оруулдаг байна. Жишээ нь, маш өндөр амжилт гаргах, зодог тайлсан тамирчин дахин уралдаан тэмцээнд орохоор болоход ч жагсаалтад оруулдаг аж.

Шинэ жагсаалтад нийт 80 бөх орсноос ОХУ-ын 14 бөх багтжээ. Казахстаны 10, Азербайжан, Украины тус бүр 8, Монгол, АНУ-ын тус бүр 4, Куба, Иран, Киргиз, Румын, Узбекистаны тус бүр 3, Бразил, Туркийн тус бүр 2, Армен, Беларусь, Болгар, Канад, Хятад, Эквадор, Франц, Гүрж, Гуам, Молдав, Нигер, Серб, Венесуэл улсаас тус бүр 1 бөх орсон байна.
 


“Шинжилгээний бүртгэлийн сан”-д орсон бөхчүүд байршлаа байнга тодорхойлж байх шаардлагатай. Байршлаа тодорхойлохгүй байх, эсвэл худал мэдээлэл өгвөл допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж үзнэ. Үүнд анхаарах ёстой зүйл бол бэлтгэл сургуульгүй, гэмтэл бэртэлтэй байх үедээ ч мэдээллээ байнга өгч байх ёстой. Допингийн эсрэг газраас тус сангаас гаргасан талаар мэдээлэл ирэх хүртэл эсвэл албан ёсоор зодог тайлснаа мэдэгдэх хүртэл тухайн тамирчин “Шинжилгээний бүртгэлийн сан”-д байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top