Тавдугаар сараас эхлэн 1 литр цэвэр ус 9 мөнгөөр нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тодрууллаа.

Улаанбаатар хотын хэрэглэгчийн 1 литр усны тарифын тухайд тавдугаар сарын 1-нээс эхлэн ахуйн хэрэглээний цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлэх гэж байна. 

Тус газрын Үнэ тариф хариуцсан албаны дарга Ж.Гэрэлчулуун хэлэхдээ "Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийсэн. Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс болох валютын ханш, инфляци, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүссэн юм. Шинэ тарифыг 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө" гэлээ. 

"Цэвэр болон бохир усны төлбөр өнгөрсөн онд мөн нэмэгдэж байсан бол инфляци, валютын ханшаас үүдэлтэйгээр энэ жил дахин нэмэгдүүлэхээс аргагүй байна" хэмээн албаны эх сурвалж хэллээ. 

Үнийн нэмэгдлийн хувьд Налайх дүүргийнх өөр байх юм. Тухайлбал, тус дүүргийн хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлэх ажээ. 

Улаанбаатарын өрхийн хэрэглээний усны одоо мөрдөгдөж буй үнэ болон тавдугаар сарын 1-нээс нэмэгдэх үнийг хүснэгтэд харьцуулан харуулав.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top