АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар “Капитал”-д залгиулсан дөрвөн тэрбумаа тайлбарлах цаг нь болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Идэхээ цэнэж, өмсөхөө гамнаж цуглуулсан хэдэн төгрөгөө “Капитал” банкинд хадгалуулсан хүмүүс нойр хулжааж, даатгалын сангийн их хэмжээний мөнгө байршуулсан төр “хохиролгүй болгоно” гэснээр чимээ намдаав. Харин зарим үндэсний их дээд сургууль олон тэрбумаар хэмжигдэх мөнгөө залгиулчихаад салбарынхаа сайдад хүсэлт гаргасан байдалтай учраа олохгүй сууна. Мөнгөө банкинд алдсан сургуулийн хувьд ч салбарынхаа сайдад хандахаас өөр арга зам алга. Яагаад гэхээр бусдын шамшигдуулсан олон тэрбум төгрөгийг төр төлөх тухай ам гарсан учраас явах хамгийн дөт зам нь энэ байж таарна. Чухам хэзээ вэ гэдэгт л хамаг учир байна. Тэгвэл энд нэгэн баримт дурдая.

АШУҮИС-ийн захирлаар ажиллаж асан Г.Батбаатар, Санхүү эдийн засгийн газрын дарга Э.Содномжамц нар нэгэнт дампуурах бууриа засчихсан “Капитал” банкинд анагаахын сургуулийн оюутнуудын сургалтын төлбөр болох зургаан тэрбум төгрөгийг алдчихлаа. Ямартай ч төрийн өмчит сургууль оюутнуудыг хохиролгүй сургаад төгсгөж таарна. Тэгэхээр оюутнуудын сургалтын төлбөр олон тэрбумаар хэмжигдэх мөнгийг өндөр хүү, ашиг харж банкинд байршуулсан удирдлага аснуудыг яах ёстой вэ, чухам ямар учраас ийн байршуулах болов. Ийм хэрэг өдүүлсэн захирал асан Г.Батбаатар, газрын дарга асан Э.Содномжамц нарын өмнөөс татвар төлөгч бид мөнгө төлөх ёстой юу гээд олон асуудал шил шилээ даран хүлээж байна. Захирал асан Г.Батбаатар арилжааны банкуудад санал хүргүүлэхэд хамгийн өндөр хүүг 17.2 хэмээн “Капитал” банк санал болгосон учраас хүлээн авсан байдаг. Ийнхүү хамтран ажиллах саналын дагуу Г.Батбаатар захирал 2017 онд “Капитал” банктай гурван удаагийн үйлдлээр тус тус мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, нийтдээ зургаан тэрбум төгрөгийн харилцах хадгаламж байршуулжээ. Бүр анхнаас нь хөөвөл 12 тэрбум төгрөг байршуулсан бөгөөд зургаан тэрбумыг нь буцаан татсан гэх мэдээлэл байдаг. Түүнээс хоёр тэрбум төгрөгийг өдгөөгийн удирдлагууд шахаж шаардаж байж авсан ч одоо дөрвөн тэрбум төгрөг банктайгаа хамт “булшилагджээ”. Үүнээс харахад олон тэрбум төгрөгийн хүү хаашаа орж, чухам юунд зарцуулагдаж байсныг ч шалгах хэрэг зүй ёсоор гарах байх.

Тэгэхээр миний өмнө “Капитал” банк, Анагаахын захирал асан Г.Батбаатар нарын хооронд байгуулсан 2200001216, 2112002831, 2212000002 дугаартай “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ” гэсэн гурван баримт байна. Тиймээс  Г.Батбаатар “Капитал” банк хоорондын байгуулсан 2017 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн  2200001216  дугаартай “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-г аваад үзье. Тус гэрээний 2.1-д “Хадгалуулагчийн овог нэр: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, түүнийг төлөөлж захирал Г.Батбаатар РД:584559, Дансны дугаар 2200001216 гэсэн бол 2.2-т Бүтээгдэхүүний нэр:Байгууллагын хадгаламж, Дансанд заавал байлгах доод үлдэгдэл:1 000.000, Хадгаламж нээж байгаа мөнгөн дүн:2 000.000.000 хэмээгээд 2.3-т жилийн хүү 16.7, хадгаламжийн хүү жилийн турш тогтмол байна хэмээн заажээ. Харин 2.5-д дурдахдаа хадгаламжийн хугацаа 13 сар байх бөгөөд гэрээ эхлэх дуусах оныг 2017.11.06-2018.12.06 гэсэн байна. Мөнхүү 2.6-д зааснаас харвал хуримтлуулсан хүү олгох хугацаа сарын ой дээр, жилийн ой дээр, хугацааны эцэст хэмээжээ. Үүнээс харвал захирал асан Г.Батбаатар банкинд байршуулсан мөнгөнөөс сар бүр ч бай, жилийн эцэст ч бай хүү авч байсан гэж үзвэл чамгүй их мөнгө харагдана. Мэдээжийн хэрэг хүү хүүлэх л гэж сургуулийн тэр их мөнгийг байршуулсан байж таарна. Түүнээс биш юу гэж түмний хүүхдийн сургалтын төлбөрийг дампуурсан банкинд хадгалуулав гэж хэн ч бодохоор.

Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр, хоёрдугаар сарын 22-ны өдөр тус бүр хоёр тэрбум төгрөгийг байршуулсан байгаа юм. Үүнээс харвал арваннэгдүгээр сарын 06, 20, хоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд тус бүр хоёр тэрбум, нийтдээ зургаан тэрбум төгрөг байршуулсан байна. Ийнхүү өдгөөгийн удирдлагууд зургаан тэрбум төгрөгөөс удаа дараа шаардсаны эцэст хоёр тэрбум төгрөгийг гаргуулан авч, сургуулийнхаа харъяанд байгуулагдаж байгаа шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтад зарцуулсан гэдгээ мэдэгдэж байсан. Гэхдээ их дээд сургуулиуд аль нэг арилжааны банктай хамтран ажилладаг жишиг байдаг тухай албаны хүмүүсийн үг бий бөгөөд удирдах түвшинд, салбарын түвшинд ярилцаж, чухам ямар зорилгоор гэдгээ тодорхой болгосны эцэст банкаа мэргэжлийн түвшинд сонгоод байршуулдаг тухай ч албаны хүмүүс хэлсэн. Гэтэл Г.Батбаатар өнгөрөгч 2016 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Капитал” банкны Байгууллагын харилцааны газрын дарга С.Дэлгэрцэцэгийн хамтран ажиллах хүсэлт илгээсний дагуу зөвхөн өндөр хүү харгалзан дампуурлаа зарлахдаа тулсан банкинд их хэмжээний мөнгийг ойр ойрхон байршуулсан нь яавч зөвтгөх зүйл биш. Аливаа байгууллага аж ахуйн нэгжийн хувьд гадаад дотоод тохижилтоос эхлээд хөрөнгө санхүүгийн асуудал байнга тулгардаг. Гэтэл тулгаж өгсөн төсөвт гар дүрэх эрх байдаггүй. Тиймээс ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд, эрсдэлгүй зохицуулах арга зам байхыг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь “Капитал” банк, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар нарын хоорондын харилцаанд олон зөрчил байх магадлалтай хэмээн хардлаа.

Нэгдүгээрт, Сангийн сайдын хэлснээр 2015 онд нэгэнт дампуурчихсан байсан банкинд ямар ч судалгаагүй 2017 онд мөнгө байршуулав. Хоёр жилийн дараа шүү. Хоёрдугаарт, эрсдэлээ тооцож тараан байршуулах олон арилжааны банк байсаар атал 2017 оны 11, 02 сард ойр ойрхон гурван удаан мөнгө байршуулав.

Гуравдугаарт, тус мөнгийг ямар зорилгоор байршуулав.

Дөрөвдүгээрт, чухам юунд зарцуулах замаар гэдэг нь тодорхой бус

Тавдугаарт, хүүнд тооцогдох мөнгө хаашаа орсон нь тодорхой бус  гэх зэрэг хэд хэдэн шалтгаан нь үүнийг хөндөхөд хүргэсэн хэрэг. Үүнийг бататгах, хардах олон шалтгаан байгаагийн нэгээс өгүүлье. Г.Батбаатар захирал Санхүү, эдийн засгийн газрын даргаа банк бүрт илгээж, хаана өндөр хүү байгааг судлуулж байж, “Капитал” банк ч өөртөө мөнгө төвлөрүүлэх харилцагч хайхаас өөр гарцгүй, дотоод мэдээллээ чандлан нууцалсан ийм үе таарсан болов уу гэдэг нь мэдээллээс харагдана. Тухайлбал, Э.Содномжамц дарга захирлынхаа даалгавраар өндөр хүүгийн эрэлд мордож, банкууд судлахад “Хаан” банк 16.6 хувийн хүү, “Голомт” банк 15.5 хувийн хүү, “Чингис” банк 16.8 хувийн хүү тус тус санал болгосон баримтаас харвал ийм байна. Гэтэл “Капитал” банк хамгийн өндөр хүү санал болгосноор түмний үрсийн сурах боловсрох дөрвөн тэрбум төгрөг эргэн төлөгдөх эсэх нь тодорхойгүй хугацаатай боллоо.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.171) 2019 оны 05 сарын 12

Ene 2 zahiral bie bienee ih muulah yumaa. Odoo 2-laa zahiral hiij chadahguin todorhoi bolchihloo. boli 2-laa

0  |  0
Araichdee Batbatar(66.181.161.97) 2019 оны 05 сарын 06

Batbaatar arai denduu yumaa, anagaahiig yostoi duusgajee. Tsolmon zahiral harin ch chimeegui noyn nuruutai hun bna.

0  |  0
Araichdee Batbatar(66.181.161.97) 2019 оны 05 сарын 06

Batbaatar arai denduu yumaa, anagaahiig yostoi duusgajee. Tsolmon zahiral harin ch chimeegui noyn nuruutai hun bna.

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 05 сарын 01

Ийм их мөнгө нөөцлөгдөөд илүү гараад байхад яагаад жил бүр сургалтын төлбөрөө нэмж ядарсан ард түмний үр хүүхдийг шулж мөлжинө вэ. Цолмон яагаад үргэлжлүүлээд байлгаад байсан юм бэ

0  |  0
Зочин(202.9.42.0) 2019 оны 05 сарын 01

ямар азгүй тахиа вэ?

0  |  0
zochin(202.21.103.50) 2019 оны 05 сарын 01

Энэ худлаа нөхөр байжээ

0  |  0
Zochin(103.11.192.34) 2019 оны 05 сарын 01

Энэ Батбаатар чинь ийм бүтэхгүй нөхөр байсан юм уу

0  |  0
Ceegii(66.181.169.70) 2019 оны 05 сарын 01

Дээд сургуулийн төлбөр их өндөр байгаа нь үүнтэй холбоотой Оюутны төлбөрийг банкинд хүүлж идэж ууж наргидаг байдлаа зогсоох хэрэгтэй Юун өнгөрсөн онд сургалт явагдаад дууссан гэтэл төлбөрөөс нь 4-6 тэр бум ашиг унаад банкинд хадгаламж нээгээ юу арай ч дээ ард нь төлбөрөө төлж чадахгүй чадвартай олон хүүхдэ бна шүү Одоо төлбөрөө буулгах хэрэгтэй 1 оюутан хэдэн төгрөгөөр буулгахыг тооцож өгөх нь зүйтэй Мөнгө төлсөн оюутан бүрт тооц Алдагдсан мөнгийг хариуцлага алдсан хүнээр төлүүлэх хэрэгтэй тэр хүн банктайгаа тооцоогоо хийнэ биз

1  |  0
Зочин(103.26.192.43) 2019 оны 05 сарын 01

Батбаатар захирал юун Цолмон , Цогзолмаа вэ , Мундаг менежер , эрдэмтэн хүн шүү дээ. Олон жил намын гишүүн явсан тул , албан тушаалд очих ёстой гэсэн үндэслэл хэлдэг авгай нараас хамаагүй ИЛҮҮ хүн.

0  |  1
Top