Венесуэлд төрийн эргэлт гарч, Мадуро Куба руу зугтах гэв үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Венесуэлд төрийн эргэлт хийх оролдлого гарлаа, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро эх орноосоо зугтах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн хоёр өдөр олон улсын анхаарлын төвд байлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уржигдар “Николас Мадуро эх орноосоо зугтах гэж байсан. Түүнд онгоц бэлэн байсан” гэжээ. Тэрбээр “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Мадурогийн онгоц нисэх онгоцны буудал дээр байсан. Тэр эх орноосоо явах гэж байгаа нь ойлгомжтой болсон. Гэхдээ оросууд түүнийг Венесуэлд үлдээхээр ятгасан” гэсэн байна. Тэгвэл Николас Мадуро өчигдөр Майк Помпеогийн үгэнд хариулт өгөв. Тэрбээр “Майк Помпео Мадурод онгоц бэлэн байсан. Гэхдээ оросууд түүнийг эх орноо орхиж явахыг нь хориглосон гэж хэллээ. Танаас гуйя, ноён Помпео, ийм зүйлийг үнэн мэтээр ярьж болдоггүй юм!” гэжээ.

МАДУРО КУБА РУУ ЗУГТАХ ГЭЖ БАЙСАН УУ?

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн баталж буйгаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро уржигдар буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Куба улс руу зугтан гарахаар төлөвлөж байсан аж. Түүнчлэн АНУ-ын мэдэгдэж байгаагаар Мадурогийн дэглэмийн гол тулгуур болсон гурван албан тушаалтан түүнийг орхиж, сөрөг хүчин рүү урвах оролдлого хийсэн байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарлахад АНУ болон Европын Холбооны ихэнх улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Куба, Иран, БНХАУ, Беларусь, Болив, Сальвадор, Турк болон Сири улс дэмжиж байгаа. Мадурогийн хэвлэлийн ажилтан өчигдөр “Нөхцөл байдал хяналтад байгаа. Зэвсэгт хүчнийхэн биднийг дэмжсэн хэвээр байгаа” гэж мэдэгджээ. Зэвсэгт хүчний удирдагч нар Хуан Гуайдо төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзэж байгаа бол сөрөг хүчний удирдагч тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Түүнчлэн Венесуэлд “BBC” болон “CNN” телевизийн нэвтрүүлгүүдийг гаргахыг хоригложээ. Уг сувгууд Венесуэлийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэх үед Харилцаа холбооны үндэсний комиссын шийдвэрээр дохиог тасалсан байна.

МӨРГӨЛДӨӨНӨӨР 70 ХҮН БЭРТЭВ

Венесуэлийн нийслэл Каракас хотод өнгөрсөн мягмар гарагт жагсаал болох үеэр мөргөлдөөн гарч, 70 хүн гэмтэж бэртсэн байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо иргэдэд гудамжинд гарахыг уриалж, жагсагчид Засгийн газрыг дэмжигч Үндэсний гвардынхантай мөргөлджээ. Цэргүүд Мадурогийн Засгийн газарт үнэнч хэвээр үлдэнэ гэсэн байна. Гэхдээ сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо уржигдар цахим хуудсаараа дамжуулан цэргийнхний зарим нь түүний талд орж, Мадурогийн Засгийн газартай тулалдахад бэлэн байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр “Эрх чөлөө” ажиллагааны эцсийн үе шат эхэлснийг мэдэгдсэн байна. Үүний дараа Гуайдог дэмжигчид жагсч, цэргийн байгууламж руу нэвтрэхийг завдсан учир Венесуэлийн Үндэсний гвардын хуягт тээврийн хэрэгсэл тэдэн рүү дайрчээ.

ЦЭРГҮҮДИЙГ ХУУРЧ, ТӨРИЙН ЭРГЭЛТЭД ОРОЛЦУУЛАХ ГЭСЭН ҮҮ?

Цэргүүд төрийн эргэлт хийх оролдого гарсан гэх газар руу очихдоо тэнд юу болохыг мэдээгүй байсан талаар Венесуэлийн Үндэсний чуулганы дарга Диосдадо Кабельо мэдэгджээ. Түүний ярьж буйгаар цэргүүдийг хуурсан аж. “Тагнуулын албаныхан Үндэсний гвардын хэсэг түрүүч нарыг хуурч аваачсан” гэж тэрбээр “Telesur” сувагт ярьсан байна. Тэгвэл Венесуэлийн Прокурорын газар сөрөг хүчин хэсэг цэргийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

ОХУ: ЭНЭ БОЛ ВАШИНГТОНЫ ЯВУУЛГА

Үүнийг Оросын хэвлэлүүд дүгнэхдээ “Нөхцөл байдал маш тодорхой байна” гэжээ. “Уржигдар үдээс хойш болсон үйл явдал төрийн эргэлт мэдээж биш. Гэхдээ Вашингтоны ивээн тэтгэсэн төрийн эргэлт гэх дуураймал зүйл. Тэд Венесуэл, Кубад заналхийллээ. Мадуро улсаасаа зугтах гэж байна, харин тус улсын Батлан хамгаалахын сайд Гуайдотой Засгийн эрхийг дамжуулж өгөх хэлэлцээр хийж байна гэх худал мэдээлэл тараасан” гэжээ.Түүнчлэн зарим шинжээч “АНУ Венесуэлийн талаарх төлөвлөгөө нь биелэхгүй гэдгийг ойлгож байгаа учир дахин хүч гаргасан. Маргааш юу ч болохгүй ч нөхцөл байдал шинэ түвшинд хүрсэн байх болно” гэсэн байв. Вашингтонд цаашид юу хийх нь тодорхой боллоо гэж тэд үзжээ.

МАДУРО ОХУ-ААС ДЭМЖЛЭГ АВЧ БАЙНА ГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны батлан ярьж байгаагаар Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино сөрөг хүчнийхэнтэй гурван сарын турш хэлэлцээ хийжээ. Сөрөг хүчнийхэн хүч хэрэглэхээр Ерөнхийлөгчийнхөө байрлаж байсан “Мирафлорес”-т очсон байна.

Жон Болтон мөн Венесуэлийн Үндэсний гвардын тэргүүн, Дээд шүүхийн удирдлага болон Гадаад хэргийн сайдад хандан “Та бүхний цаг дууссан. Энэ бол сүүлчийн боломж. Үндсэн хуулиа хамгаалж, Мадурог зайлуулах хэрэгтэй. Ингэж байж таны нэр хоригийн жагсаалтаас хасагдана. Үгүй бол Мадуротой хамт хөлөг онгоцтойгоо живнэ” гэжээ. Түүний мэдэгдлийн дараа Венесуэлийн нийслэл Каракас болон бусад хотод Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болсон юм.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Мадуро кубачуудаар хүрээлүүлж, оросуудын дэмжлэгийг авч байна” гэжээ.

ВЕНЕСУЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ХЭТ НАМ ӨНДӨРТ НИСЭХИЙГ ХОРИГЛОЛОО

АНУ-ын “Spirit Airlines” агаарын тээврийн компани Венесуэлд болж буй үймээнтэй холбоотойгоор тус улсын нутаг дэвсгэрээр үйлдэх нислэгийн нисгэгчдэд 7924 метрээс бага өндөрт нисэхийг хатуу хоригложээ. Түүнчлэн Венесуэл рүү хийгдэх нислэгийг түр хугацаанд хааж, тус улсын нутаг дэвсгэрээр дамжих нислэгийн маршрутыг өөрчилж, шинэ зам гаргахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top