Эдийн засгийн цензур доорх ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

МЭДЭХ ЭРХ, ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХ

Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйл. Мэдээлэл бол мэдлэгтэй оролцооны үндэс бөгөөд иргэдийн шууд оролцоог хангана. Тухайлбал, Та улсад хүн амын орлогын, нэмэгдсэн өртгийн гэх мэт олон төрлийн албан татвар, хураамж, төлбөр төлдөг. Энэ татвар нь улсын төсвийг бүрдүүлж, төр, засаг, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулагдана. Та халааснаасаа өгсөн мөнгөө хэн нэгэн албан тушаалтнаар үрэн таран хийлгэхгүйн тулд ХЯНАЛТ тавих үүрэгтэй. Үүний тулд танд мэдээлэл хэрэгтэй. Энэ бол Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө” төслийн хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргасан гарын авлагаас авсан эшлэл юм. Гарын авлагаас цааш эшилье.

Та бол дангаараа ч ард түмэн мөн. Иймд Та ТӨРИЙН ЭЗЭН. Төрийг мэдэлдээ байлгах нь түүнийг өөрийнхөө төлөөлөгчөөр удирдуулах, хяналт тавих, үйл ажиллагаанд нь нөлөөлөх замаар хэрэгжинэ. Үүний тулд Танд дараах эрхүүдийг эдлүүлэхээр хуульчилсан. Үүнд: МЭДЭХ ЭРХ. Таны мэдээлэлтэй байх эрхийг МЭДЭХ ЭРХ гэж нэрлэдэг. Энэ нь таны Үндсэн хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь эрх билээ. Чухам юуг мэдэхийг иргэд хүсдэг вэ? Үнэнийг!

Үнэн гэж юу вэ? Зах зээлд алив бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн бүрэлдэн тогтдогтой яг адилаар олон талын мэдээллүүдийн өрсөлдөөн дундаас ҮНЭН тогтдог. Яг одоо эргэлзээтэй санагдаж буй ямар нэгэн зүйл биднийг илүү бодитой, найдвартай мэдээллийг хайж олох тусам илүү ойлгомжтой болж болно. Үнэнээс хэн айдаг вэ? Өөрийнх нь тухай тааламжгүй үнэнийг түгээхээс айхдаа үг хэлэх эрх чөлөөг хязгаарладаг төр засаг бол эгээ л өөрөө харагдахгүй байя гэхээрээ нүдээ аньчихдаг бяцхан хүүхэдтэй адил загнаж байгаа хэрэг. Людвиг Верне.

Үнэнийг, эсвэл үнэнд дөхүүлэх мэдээллээс төр засаг, түүний эрх мэдлийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд эмээсээр ирсэн нь мэдээ, мэдээлэл, үзэл бодлыг нийгэмд түгээгч хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй, сэтгүүлчидтэй харгалдсаар ирсэн. Энэхүү “хилийн шугам” дээр Хэвлэлийн эрх чөлөө оршин тогтдог.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЭНИЙХ ВЭ?

Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн. Энэ бол 1948 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос авсан эшлэл юм. Та төр нь ИРГЭНДЭЭ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна.  Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр ардчилал байх боломжгүй. Асуудал нэгэнт үүссэн байвал тэр нь олон нийтэд ил тод байх ёстой болохоор хуримтлагдаж буй болсон зөрчил, маргааныг хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шийдэх аргагүй... Энэ бол ХБНГУ-ын канцлер асан Герхард Шрейдерийн өгсөн тодорхойлолт.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ “ХААЛТ”

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх.

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үнэнийг, эсвэл үнэнд дөхүүлэх мэдээллээс төр засаг, түүний эрх мэдлийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд эмээсээр ирсэн нь мэдээ, мэдээлэл, үзэл бодлыг нийгэмд түгээгч хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй, сэтгүүлчидтэй харгалдсаар ирсэн. Энэхүү “хилийн шугам” дээр Хэвлэлийн эрх чөлөө оршин тогтдог.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх зүйлийг “Сэтгүүлчдэд зориулсан заалт” гэжээ. Учир нь түүний өгсөн мэдээллээр бол 2018 оны эхний арван сарын байдлаар уг заалттай холбоотой 374 зөрчил бүртгэгдсэнээс 57 хүн, хоёр хуулийн этгээд нийт 118 сая төгрөгөөр торгуульсан байна. Хэдийгээр торгуулиагүй боловч амаа үдүүлсэн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч бий. Өөрөөр хэлбэл, гарцаагүй торгуулах гээд ирэхээрээ эрх мэдэлтний аманд орж, бууж өгсөн хэрэг гэжээ.  Зөрчлийн тухай хуулийн энэхүү зүйл сэтгүүлчдэд үзүүлж буй “Эдийн засгийн цензур юм” гэж тэрбээр МҮОНТВ-ийн “Нээлттэй хором” хэлэлцүүлгийн үеэр/2019.05.01/ хэллээ. /Энэхүү хэлэлцүүлэгт оролцогдчын байр суурийг уг нийтлэлд эш татсан болно/

Өмнө нь энэ төрлийн маргаан, гомдлыг “гэмт хэрэгт” тооцон Эрүүгийн хуулийн дагуу шүүхээр эцэслэн шийддэг байсан бол Зөрчлийн хуулиар үүнийг шийдвэрлэх болсноор сэтгүүлчдийг шүүхгүйгээр шүүж, шийтгэдэг болсон нь чухамдаа барын амнаас гараад чонын аманд гэдэг шиг алхам болсон гэж тодотгов. Мөн Иргэний хуулиар ч шийдвэрлэх бололцоо байгаа нь эрх зүйн давхардлыг үүсгэж байна гэв.

Хуульчдын үзэж байгаагаар олон төрлийг зөрчлийг шийтгэхдээ өмнө нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  хуульд тусгасан атлаа голчлон сэтгүүлчдийн эсрэг ашиглагдаж байна гэгдэх 6.21 зүйлтэй холбоотой маргаанд хоёр тал зөвшилцөх, тохиролцох гэх зэрэг шийтгэлээс наана авах арга хэмжээ байхгүй, шууд л шийдэгддэг нь аюул юм.

Уг нь Монголын хэвлэлийн зөвлөл хэмээх өөрийн хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж байна. Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээс наана талуудын хооронд зөвшилцлийг бий болгох, маргаан үүсгэсэн тухайн сэтгүүлзүйн бүтээлд мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах, гомдлыг шийдвэрлэх өөрийн хяналтын байгууллага юм. Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээс өмнө маргааныг урьдчилан шийдвэрлэх энэхүү процессийг хуульчлах ёстой гэж хууль зүйн ухааны доктор Б.Батзориг байр сууриа илэрхийлжээ. Бүр тодруулбал, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд үүнийг тусгах ёстой гэв. Гэхдээ түүний хэлсэнчлэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол “Тал нүүр хууль” юм. Бодит байдал дээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ажиллахгүй, хэсгийн байцаагч ажиллаж байна гэж тэрбээр үзэв.

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш дээрх заалтаар шийтгэгсдийн 90 орчим хувь нь сэтгүүлч, тус заалтаар гомдол гаргагчдын 80-аад хувь нь улстөрчид байна. Хуулийг хэн баталж байгааг бодоцгооё.

САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Хэвлэлийн эрх чөлөө хангагдах нэг хүчин зүйл нь санхүүгийн хараат бус байдал. “Монголын хэвлэл мэдээлэлд санхүүгийн хараат бус байдал анхнаасаа байгаагүй. Одоо бүр аюултай хэмжээнд очлоо” гэж Maxima Media компанийн судалгаа эрхэлсэн захирал Я.Хишигсүрэн дүгнэж байна. “Бидний гучин жил ярьж, гучин зүйл бүтээсэн хэвлэлийн эрх чөлөө энэ” гэж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын дүгнэлтийг ч үүний араас зүүх ёстой байх. Сэтгүүлзүй, хэвлэлийн эрх чөлөө тухайн хувь хүний, тухайн редакцийн эрх чөлөө. Энэ нь санхүүгээр л илэрдэг гэж тэрбээр уг дүгнэлтээ тайлбарласан юм.

Хоёр зуун долларын цалинтай сэтгүүлч олон зуун саяын “авлига авдаг” түшмэдтэй яаж үнэний төлөө тэмцэх вэ? Энэ бол Х.Мандахбаярын асуулт. Үүнийг хуульчдын хэлээд байгаа шиг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулах боломж байхгүй гэсэн хариултыг өөрийнхөө асуултад хариу болголоо. Харин Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар тухайн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, эзэн гурвын харилцааг тодорхой болгох ёстой, хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн эздийг ил болгох ёстой. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг ил болгох ёстой гэж тэрбээр үзэж байна. “Орлого нь 0 мөртлөө улам гялалзаж яваа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж амьдраад байгаад дүгнэлт хийх ёстой. Энэ бол далд санхүүжилтийн илрэл бөгөөд хэвлэлийн зах зээлийг бужигнуулж буй шударга бус өрсөлдөөн” гэж тэрбээр тодотгов.

Түүний онцолж буй энэхүү шударга бус өрсөлдөөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилт босгох зовлон дээр цэцэглэж, жам ёсны зах зээлийн өрсөлдөөнийг хэдийнэ гажуудуулжээ. Зах зээлийн жамаараа үүсэн бий болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг аль хэдийнэ цөөнх болгож, улс төрийн зарчмаар, бизнесийн халхавч байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олноор нь үйлдвэрлэж байгаа.

Бизнесүүд нь өөрсдийн лоббиг улс төрд хамгаалахын тулд, улстөрчид нь улс төрийн байр сууриа хамгаалахын тулд зах зээлийн бус зарчмаар, зах зээлийн бус сэтгэхүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэжээж ирсэн. Ийм нөхцөлд жам ёсны хөгжлөөрөө явж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөлд нь үрэгдэж байна. Хууль бус мөнгөний урсгал хэвлэлийн салбарт орж ирсний горыг Монгол Улсын иргэд захиалгат мэдээллээр бөмбөгдүүлж эдэлж байна. Тийм их мөнгөний дэргэд тэсч үлдэхийн тулд хувьцаагаа зарах, мөнгөтэй хүнтэй нийлэхээс өөр аргагүй байдал руу түлхэж байна” гэж Х.Мандахбаяр өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний хэлсэн үнэн. Гэхдээ үүнийг яаж засах вэ. Зах зээлийн жамаар өрсөлдөх бололцоо бий юу? Зах зээл дээрх хэвлэл мэдээллийн орлого хэд вэ? Энэ нь хэчнээн мэдээллийн хэрэгсэл, хэчнээн сэтгүүлч, редакцийг тэжээх мөнгө вэ? Эдгээр асуултад хөндлөнгийн судалгааны байгууллагын дүгнэлтээр хариулт өгөх нь шударга байх.

Максима Медиа компанийн судалгаагаар бол хэвлэл мэдээллийн нийт зах зээлийн орлого 2017 онд 20 сая доллар байжээ. Үүний 60 хувийг телевизийн салбар авсан байна. Тэгвэл үлдсэн мөнгөн дээр өрсөлдөж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс бид юу нэхэх вэ? Ямар хараат бус байдлыг нэхэх бололцоотой вэ? Энэ бол Мaxima Media компанийн Гүйцэтгэх захирал З.Энхжаргалын асуулт бөгөөд хариулт.

Тэгвэл Мaxima Media компанийн судалгаа эрхэлсэн захирал Я.Хишигсүрэн “Гурван сая иргэн үнэн бодит мэдээллийг бүтээх зардлыг тодорхойлж буй хэрэглэгч юм. энэ хэрэглэгчийн тоо хараат бус хэчнээн сонин, хэчнээн телевиз, хэчнээн сайтыг амьдруулах боломжтой вэ гэдгийг тогтоож буй өгөгдсөн хэмжээ. Тэгэхээр энэ зах зээлийн мэдрэмжгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний дайсан юм гэж тодорхойллоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондоо өрсөлдөж байгаа юм биш. Улстөрчид хоорондоо өрсөлдөж байна” гэж өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дүгнээд “Тийм учраас энэ байдлыг засахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувьцаа эзэмшигч буюу жинхэнэ эзнээ, санхүүжилтын эх үүсвэрээ зарлах ёстой. Энэ байдлыг маш яаралтай засахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлзүйн хараат бус байдал устаж үгүй болох аюул бодитой нүүрлэж байна” гэсэн гаргалгааг эцэст нь энд дахин давтья.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top