Үсчин, гоо сайхны салонууд орц найрлага нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг болох нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр /2019.06.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хэрэглэгчдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу үсчний газарт хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үсчин, гоо сайхны газрууд хэрэглэгчдэд чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд үйлчилгээ явуулж ажиллахгүй байгаа нь тогтоогджээ. Үсчид нь мэргэжлийн үнэмлэхгүй, хэзээ хаана үс засаж сурсан нь тодорхойгүй үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ нь шалгах хяналт шалгалт сул байгаатай холбоотой аж.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Үйлчилгээ үзүүлэхдээ ашигладаг гоо сайхны бүтээгдэхүүнийг Наран-туул, Бөмбөгөр захуудын хувь хүний лангуунаас худалдаж аван ашигладаг. Энэ нь гарал үүслийн гэрчилгээ, орц найрлага тодорхойгүй бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж байна гэсэн үг. Түүнчлэн үсчин, гоо сайхны салон нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага хэдий ч тэдэнд үйлчлэх ариун цэврийн өрөөгүй ажилладаг төдийгүй өөрсдийн ариун цэврийн өрөөг зөвхөн ажилчид л орж ашигладаг байхаар түгжиж орхидог. Үсчний газрууд дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй. 10-20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үсчний газрууд мөн адил зөвшөөрөл хэрхэн авдаг, гэрээг хаана хэнтэй хийдэг талаар мэдээлэлгүй байна. Үйлчлүүлэгч санал хүсэлтээ бичиж үлдээх санал хүсэлтийн дэвтэр байхгүй. Хэрэв үйлчлүүлэгчээс гомдол ирвэл хэрхэн шийдвэрлэх талаар ойлголтгүй байна. Үсчний газрууд суудлаа түрээсэлдэг эсвэл хувь авах журмаар цалинждаг. Гэтэл нэг үсчин өдөрт  дунджаар 15,000-17,500 төгрөгийн түрээс төлдөг, эсвэл орлогын 40-60 хувиар цалинждаг гээд харилцан адилгүй байна" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top